Манж Чин улс Их Монголын засаг захиргааны тогтолцоог эвдсэн нь

 

Төв Азийн анхны төрт улс Хүннү гүрнээс 16-р зуун хүртэл 1800 жилийн түүхэндээ нэг бол гүрэн байгуулж үгүй юм гэхэд соёл хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч үндэстэн байсан Монголчууд 1691 онд, 130 жилийн турш үргэлжилсэн цэрэг дайнд Ойрад ястан болон Түвд ястан, Хаант Орос улс Манж Чин улсын хүчинд ялагдан, Халх Монголын нутаг Долнуурын чуулганаар Бээжин төвтэй Манж Чин улсын Ар Халх муж болон 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа зарлан, тусгаар тогтнолоо сэргээх хүртэл 233 жилийн турш үндэсний дарлалд нэрвэгдсэн юм.

Монголын түүхийн хамгийн том бөгөөд цор ганц ялагдалыг энд дурьдахын учир нь 1691 оны Долнуурын чуулганаар Манж Чин улсаас Монголд тулган Монголыг 300 жилийн турш нэн буурай байлгаж чадсан “дөнгө” болох Манж Чин улсын шарын шашны тогтолцоо болон засаг захиргааны тогтолцоог өнөөгийн Бүгд Найрамдах Монгол Улсад санаатайгаар болон ухамсаргүйгээр үргэлжлүүлж байгаа нь Монголын ард түмний зовлон доройтлын уг шалтгаан болж байна! Долнуурын чуулганаар Манж Чин улсын Монголд тулгасан шашин соёлын тогтолцоо болон засаг захиргааны хуваарь, түүний түүхэн болон одоо ч хүчин төгөлдөр гүйцэтгэж буй “дөнгө”-ний үүрэг зорилгыг үгүүлэхэд:

1691 онд Манж Чин улс Ойрад-Халхыг хагаралдуулан, Ойрад Төвдөөр Халхыг бөхөөлгөж, Манж Халх хоёр Ойрадыг мөхөөж, эцэст нь Халх Манжид ялагдан, Манж Чин улс Халх Монголыг өөртөө нэгтгэж, Халх Монголыг Манж Чин улсын нэг хэсэг болгон харагдуулах, мөн Монгол үндэстний хүчийг тарамдуулахын тулд Халх Монголын Хүннү гүрнээс эхтэй Их Монголын 3 хан 7 отогийн тогтолцоог 1691 оноос Манж Чин улс эвдэн 4 аймаг 39 хошуу 139 сум зохион хувааж бутаргасан нь 1911 он гэхэд 6 аймаг 59 отог, 123 хошуу, 513 сум болсон байдаг.

Сум гэдэг нь Монгол эрчүүдийг 100 – 150-иар нь салгаж “жиргэсэн” нэгжийн нэр, энэ тохиолдлын хэрэг биш бөгөөд Нурхачийн томьёоны[1] биелэл болох 130 жил үргэлжилсэн цэрэг дайнд ялагдан туйлдсан Монголын ард түмнийг өргөн уудам нутагт нь хошуу, сум болгож тараасан нь Манж Хятадууд Монголыг үндэстнийх нь хувьд мөхөөх “хар хайрцаг”-ны бодлогоо хэрэгжүүлэх, түүний нь эсэргүүцэх Монголчуудын тэмцэл хүчийг сарниах зорилготой байсан нь тодорхой байна.

Манж Чин улс Монголчуудын хүчийг тарамдуулан “үүл адил” сарниах зорилготой, 230 жил хүчирхийллийн бүх хэлбэрийг хэрэглэн тулгасан “Манж” бодлогын тогтолцоо нь өнөө ч бүрэн арилалгүй 300 жил “заншил” болон хадгалагдаж байна. Үүний үр дагаварт 3 сая иргэнтэй 1 сая хүрэх үгүй ажиллах хүчтэй Монгол улс 1,5 сая километр квадрат нутаг буюу дүйлгэн харьцуулвал хамгийн цөөн хүн амтай Европ тив, түүний хамгийн их хүн амтай Герман, Франц, Англи, болон Швейцарь, Белги, Польш улсуудыг нийлүүлээд 270 гаруй сая хүн амьдарч буй хэмжээний газар нутаг дээр Монголын хүн амын 66% болох 2 сая иргэн 1000, 3 мянга, 5 мянга, 20 мянгаараа тарж, алслагдсан 2 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1575 баг гацаа буюу нийт засаг захиргааны 2000 шахам нэгжид хуваагдаж байгаа нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг “нар өөд харуулахгүй” дөнгө болж, Монгол улс Монголын ард түмнийг гадаад, дотоодын “бэртэгчид”-ийн хулгай хуудууг ч сөрж чадахгүй “Цувж яваа бар” мэт байлгаж байгаа бөгөөд энэ нь Манж Чин улсын Халх Монголд хэрэгжүүлсэн түүхэн болон өнөө ч хэрэгжин буй асар хөнөөлт тогтолцооны үүрэг зорилгын бодитой үр дүн юм! Энэхүү Манж Чин улсын тогтолцоог өнөөгийн Монгол улс халалгүй үргэлжлүүлсээр байвал манай улс үндэстний “зовлон үнэн”-ий  “шалтгаан үнэн” нь болсоор байна!

Дэлхийн хэт хүчирхэг гүрэн Их Монголыг 224 жилийн дотор дэлхийн хамгийн буурай, “50 жилийн дотор мөхөх” үндэстэн болгож “чадсан” Монгол дахь Манж Чин улсын тогтолцоог басамжлан засахгүй явж, хүн ам, оюун ухаан, эд хүчээ барах “газрын мухар”, “үндэсний мөхөл”-рүү чирэх “Манж дөнгө”-тэйгөө гэлдэрсээр байх ахул, “эцсийг нь үзэх” ганц зам л үлдэнэ!. Энэ түүх, тогтолцоог ултай судлаж, сайтар тодруулан засаж залруулахгүй байгаа нь Монголчууд бидний хамгийн том алдаа юм!

 

Монгол улс Их Монголын тогтолцоогоо сэргээх нь

 

Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх ажиллах хүч, билиг оюуныг тарамдуулсан “Манж дөнгө” тогтолцооноос хэрхэн салах, зовлонгоос гэтлэх мөрийн үнэн юу вэ гэдгийг олох нь эрхэм бөгөөд уг нь тэр мөр нь ч “бэлэн”, олоход нь ч том "гавал"-ны шаардлагагүй юм.

Монгол улс Монгол үндэстний буурал доройтол зовлонгоос гэтлэх “бэлэн” мөр нь Халх Монголын нутаг, түүн дээр оршин байсан Монгол болон Монгол туургатнуудыг нэг бол их улс эсвэл гүрэн байгуулахаар 1800 жилийн турш хүчирхэг байлгасан 3 хан 7 отогийн тогтолцоогоо эргэн байгуулах юм. Монгол улс, Монголчууд 3 хан 7 отогийн Их Монголын тогтолцоондоо шилжиж орохын тулд юуны өмнө 1 сая хүртэлх оршин суугчтай хоёр дахь “Хот босгоход” л болох юм!! Хоёр дахь “Хот босгох” бүтээн байгуулалт нь 300 жилийн дараах Монгол үндэстний Сэргэн мандалын эхлэл, одоо тулгамдаад байгаа ажилгүйдэл ядуурлаас эхтэй Монголын нийгэм, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдэх “ганц гарц” мөн!

Монгол улсын хоёр дахь 1 сая хүнтэй хот нь хийц, үзэл санаа, агуулгын хувьд Монголын их Эзэнт гүрний нийслэл Хархорин, Харбух, Бий булаг балгас зэрэг их хотуудтай адил агуулгатай байх нь биднийг Их Монголын үр сад, бидний үр хойчийг Их Монгол улсын үргэлжлэл гэдгийн баталгаа болж Монголын аугаа баатарлаг түүхийг олон мянганаар үргэлжлүүлэн сүндэрлэх ёстой юм! Манай улсын хоёр дахь “Монгол хот”-ын үзэл санаа, соёл, хийц ямар байх, “түүхэн үндэстэй” “Монгол хот”-ыг хэрхэн босгох талаар судалгааны нийтлэл жич хүргэнэ.

Түүхэндээ Монголын Алтан Ургийнхан дэлхийн олон нүүдэлчин бүдүүлгүүдийг нэгтгэж, дэлхийн хамгийн том, хамгийн олон хотыг босгосон байдаг бөгөөд бидний сайн мэдэх тод жишээ нь Их Юань гүрний нийслэл Дайдуг Хубилай хаан Их Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотын үлгэрээр барьж, хүн төрөлхтөнд анхлан “цаасаар хот барьдаг” гэдгийг үзүүлэн сургасан билээ!

Монголын Алтан Ургийнхан хот балгасын бүтээн байгуулалт нь улс үндэстний нийгэм эдийн засагт үеийн үед хичнээн эерэг, чухал нөлөөтэй болохыг батлан харуулж, бусдад үлгэрлэн сургасан аугаа түүх баларшгүй бөгөөд өнөөдөр ч ач холбогдолоо алдаагүй. Өнөө үеийн технологиор нэг сая хүнтэй “жижигхэн” хот босгох нь тийм ч сүрдэхээр нэг их цаг хүч орох ажил биш билээ. 

Бидэнд Монгол улсын нийгэм эдийн засгийн бүх хүндрэлүүдээс Монгол Хотоо босгож гарахаас өөр зам харагдахгүй буюу байхгүй! Иймийн учир Хотоо босгож Монголын ард түмэн нэгдэх нь нэн чухал бөгөөд цаг нь болсон! Монгол улсын өрсөлдөгч бусад үндэстнүүдээс хамгийн хоцрогдсон, сул тал болох Хүн ам цөөн, “цөөдөхгүй” “хэт үрэлгэн” дээрээ ажиллах хүчний хомсдолтой гэдэг ч өнөө үе бол Монголын сүүлийн 300 жилд тохиож буй 1 сая ажиллах хүчтэй, хүн амын “цонх” хамгийн “сайн цаг” тул Монгол үндэстэн хот босгож 1 сая ажиллах хүчнийхээ “ид хүч”-ийг үзэх цаг юм.  

Аливаа улс үндэстний хүн амын “цонх” үе олон зуунд нэг тохиолддог. Манай улсын “цонх” үе ч мөн тохиолдлоор бий болоогүй, өнгөрсөн 70 жилийн Эв хамт үзлийн он жилүүдэд Монгол хүний төрөлт, хүн амын бодит өсөлтийг 2.5-3%-д хүргэсэн үр дүнтэй, идэвхитэй бодлого хэрэгжүүлж чадсаны үр юм!  Харамсалтай нь 1990 оноос хойш Монгол улсын хүн амын бодит өсөлт буурсан, бууралт удаан үргэлжилж ажиллах хүчний цонх үеээ алдах аюул бодитой нүүрлэсэн, ажилгүйдлээс үүдсэн ядуурал нийгэм эдийн засгийн мухардал зэрэг үзүүлэлт тоо баримтууд нь энэхүү цонх үеийн “ид”-ийг нь гаргалгүйгээр алдах эрх бидэнд байхгүйг илтгэж байна!. Цаг алдвал дараагийн үеийнхэнд газар шороо эх нутгаа зарж гол зогоохоос өөр зам үлдэхгүй!.

Монгол улс, Монголын ард түмэн Их Монголын тогтолцоог сэргээж хоёр дахь “Монгол хот”-оо босгож, тус бүр нь 1 сая хүнтэй хоёр том төвлөрөлтэй болсоноор манай 3 сая хүнтэй улсын эдийн засгийн гол эх үүсвэр болсон Эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжих “суурь” нөхцөл хангагдаж, ингэснээр Монгол хүний бодит өсөлтийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүнсний болон ахуйн гачигдлаасаа бид гарч чадна. Бидэнд түүхэн үндэслэлтэй ”туршлага”, аврал хөгжлийн “орц” байна!.

Монгол улс, Монгол үндэстэнд үүнээс өөр хөгжил цэгцрэлийн зам байхгүйг түүхэн үндэслэл, нийгмийн үзүүлэлтүүд батлаж байна! Монгол улсыг хөгжүүлнэ хэмээх сайхан сэтгэл, муухан хуулалт, түүхэн үндэслэлгүй, цогц шийдэлгүй “дутуу бодсон” бодлого арга зам бүр нь манай нийгэмд “хоспис” үр дүнтэй гэдгийг Монгол хүн, Алтан Ургийнхан тунгаана бизээ! (Хоспис нь сүүлийн шатанд орсон өвчтөний зовиурийг “хөнгөвчлөх” тусламж гэдгийг хэлэх хэрэггүй бизээ)

Бид Монгол үндэстнийг зориудаар “талын нэг” тарааж бутраасан Манж Чин улсын Монгол дахь, Монголын нийгэм эдийн засгийг 200 жилийн турш сөхөө өгөлгүй туйлдуулж, өнөөдөр ч “дөнгөлсөөр” буй Манжийн “9 эрүү” тогтолцооноос салж, Их Монгол улсын тогтолцоог сэргээх 3 хан 7 отогийн Бүтээн байгуулалтанд шамдах нэн чухал бөгөөд шаардлагатай байна!

 

Дэлхийн анхны Алтан Ургийнхан минь, Монгол хот, Монгол соёлоо дэлхийд харуулцгаая!

 

Алтан Ургийнхандаа зориулав...

 

Варанаси нийгэмлэг

Бурханы хуврагын адаг С.Саруул-Уужим

 

http://varanasi.mn/