Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын талаар өнөөдөр НЗДТГ болон Гандантэгчинлэн хийдээс хамтран мэдээлэл хийлээ.

 

Даншиг наадмын нээлт наймдугаар сарын 5-ны 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх юм байна.

 

Энэхүү наадмыг өмнөх жилүүдэд Хүй долоо худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан учир энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхоно гэсэн мэдээлэл байгаа аж. Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах бөгөөд зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс тасалбарыг олгож буй юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг зохион байгуулагчид хурлын үеэр уриалж байлаа.

 

Энэ жилийн Даншиг наадмаар 256 бөхийн барилдаан болно. Барилдаан наймдугаар сарын 5-нд 13.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Харин наадмын хаалтын арга хэмжээ 2017.08.06-нд 19.00 цагт болж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах юм байна.