Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Б.Баттулга нийт газар нутгийн зуншлага, цаг агаарын цаашдын төлвийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр, "Энэ жил Монгол орны нийт нутгаар зуншлага оройтсон. Долдугаар сар гарсаар Төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орсон ч баруун ба говийн аймгуудын нутгаар харьцангуй бага орж, зарим нутгаар үе үе хүчтэй нөөлөг салхи, хэт халалт, мөндөр үер ус зэрэг байгалийн аюултай үзэгдэл ойр ойрхон давтагдсан онцлог сар болж өнгөрлөө. Долдугаар сарын эхний хагаст Орхон, Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 32-42 градус хүртэл халж, говийн нутаг Дорнод Монголын талаар 14-26 хоног өдөртөө 30 градусыг давж халж, хөрсний гадарга дээр 55-70 градуст хүрч халсан нь зуншлага муудах, ой хээрийн түймэр гарах нөхцлийг бүрдүүллээ. 


Одоогийн байдлаар нийт нутгийн 65 хувь нь гантай, зуншлага муутай байна. Харин энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй. Дундговийн зүүн, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага орохоор байна. Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд, Увсын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур орох төлөвтэй байна.

 

Наймдугаар сарын 5-нд зүүн зүгийн нутгаар, цаашдаа сарын дунд болон 20 гаргаад ихэнх нутгаар аянга цахилгаантай, түр зуурын бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.

 

Нэгдүгээр 10 хоногийн дунд болон 10-даар нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлээр төвийн ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орох нь. Гэлээ ч сарын сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч, цочир хүйтрэх мэдээ гарсан. Иймд ирэх өвлийг хамгийн хатуу өвлөөр тооцож, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангах, хадлан тэжээлийн нөөцийг хангалттай түвшинд бэлтгэх шаардлагатай байна" хэмээн мэдээлэв.