/Хууль бус алт олборлогчдын ухаж сэндийлсэн газар 1м, урт 20м гүн Дөргөн сум 2013.02.07ны шөнө./

Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Дөргөн, сумдын алтны илэрцтэй газруудад иргэд хувийн журмаар алт олборлох оролдлого сүүлийн үед ихсэж байна. Дээрх сумын төр захиргааны байгууллагуудын зүгээс зөрчлийг арилгахын тулд хяналт шалгалт хийх, зарим эргүүл харуул ажиллуулдаг болгоход байгаль хамгаалагч нар үүргээ биелүүлж байгаа ч хүч мөхөсдөж байна.

 

Тухайлбал өнгөрсөн оны 11-12-р саруудад Дөргөн сумын Аргалант багийн нутагт хууль бусаар алт ухаж байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсооход байгаль орчны болон хууль, хяналт, сум орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нэгдэн 25 хоног ажиллаж 300 гаруй хүн, 100 гаруй машиныг хуулийн хүрээнд ухуулга таниулга хийж буцаан явуулсан юм.

 

Тус газар нутагт харуул хамгаалалтыг үргэлжлүүлэн ажиллуулах, эргүүл хяналт хийх, үүссэн нүх, хонхрыг дарж булах, нөхөн сэргээх ажилд зарцуулагдах хөрөнгийг аймгийн Засаг даргад уламжлаад байна. Гэвч энэ cap шинийн өмнөх өдрүүд өнөөдрийг хүртэл Дөргөн сумын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар алт олборлогчид ихсэж байгаль орчин сүйтгэж сум орны удирдлагыг ч үл тоомсорлож байна.

 

Өвлийн тэсгим хүйтнийг үл ажран энд тэндгүй дур зоргоороо 9-20 метр гүн нүх малтаж газар сэндийлж, хог хаяж архидаж, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Алтыг дэлхийн гагнаас гэж үздэг. Шунахай сэтгэлээр өнөөдөр байгальтай зүй бус харьцаж байгаа ч маргааш бид уух усгүй ургамал ногоогүй болчихвол яаж амьдрах вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна.

 

Байгалийн баялагтай зүй зохистой харьцаж ухаж сэндийлсэн нүх цооногийг булж нөхөн сэргээж ганц ч атугай мод бут тарихгүй бол алт газрын баялгаа сүйтгэж оролдсон хүн тийм ч сайн яваа тухай дуулддаггүй. "Өртэй бол өрийг чинь төлөө, өргүй бол өөрийг чинь авая" гэдэг хатуу тангарагтай гэдэг.

 

Өв дээдсийн ариун ёс заншлаа дээдэлж хойч үед бидэнд байгалиа унаган төрхөөр нь өвлүүлж ирсэн уламжлалаа сахиж байгаль орчныг хамгаалах тухай хууль дүрмийг сахиулах шаардлага тулгамдаж байна.

 

Ер нь алт ухаж байгаа иргэд газрын хөрсний хамгийн үржил шимтэй дээд хэсгийг сэндийлж эргүүлэн хаяж, нөхөн сэргээлгүй орхиж байгаагаараа байгаль орчинд юугаар ч нөхөж баршгүй хохирол учруулж байна. Байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж нөхөн сэргээлт хийж газрын хөрсийг арчилж тордохгүй бол өнөөдөр шунаж малтсан нүхэндээ маргааш өөрсдөө унаж сүйдэх вий дээ.


А.Бямбасүрэн

Эх сурвалж: “Ховдын мэдээ”