"Universe best songs" тэмцээний Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүнийг уншигч та бүхэн андахгүй. Тэрбээр "Эм Ай Ю" сургуулийг Биотехнологи,  хүнс судлаач мэргэжлээр  төгссөн.  2009 онд Цагаан сар дөнгөж өнгөрөнгүүт  тус тэмцээнд бүртгүүлж байжээ. Улмаар уг тэмцээнийхээ Гранприг авснаар  олонд танигдсан дуучин болсон юм.

Ч.Цэлмүүн 2008 онд Монголын оюутан миссээр шалгарч байсан. "Оюутны мисс болон мистер" нь тухайн оролцогчийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэмцээн байсан гэж  тэрбээр энэ тухайгаа дурсдаг.

Бага байхаасаа  л аав ээжийнхээ хараан доор, маш хүмүүжилтэйгээр өссөн нэгэн. Тийм ч болохоор дуучин бүсгүй маань гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлгүйгээр аливаад хандвал алдах боломж их байдаг гэсэн бодолтой явдаг аж. 

Түүний нэрийг аав нь хайрласан. Нэрний утга нь цэлмэг гэдэгтэй маш ойролцоо утгатай. Гэхдээ яг цэлмэг гэсэн цэвэр утга биш. Цэлмэг тэнгэр шиг цэвэр ариухан, мөн буурь суурьтай, төлөвшсөн утгыг илэрхийлж байгаа юм билээ.

Дуучин бүсгүй маань болон түүний гэр бүлийнхэн Христийн шашин шүтлэгтэй юм. Түүний аав нь сүмийн Пастор ажээ. Энэ тухай "миний үнэн сэтгэлээсээ хүсч мөрөөдсөн зүйл маань заавал биелдэг. Магадгүй энэ нь бурханд ойрхон байдагтай холбоотой байх л даа" хэмээн ярьж байсан удаатай.

Кинонд тоглох нь  түүний мөрөөдлүүдийн нэг .  "Зүрхэнд гэрэлтэх од" мюзикл  түүнийг маш их тэвчээртэй, хариуцлагатай болгосон гэдэг. Хоёр дахь дэлгэцийн бүтээл нь "Ээжийн дайсан" кино юм. Хэдийгээр тэрбээр мэргэжлийн жүжигчин биш ч бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун байдаг аж.

Бас нэгэн мөрөөдөл нь Компьютерийн графикт үнэхээр дуртай гэнэ. Боломж гарвал компьютер график сонирхож оролдмоор санагддаг байна. Кино үзэхдээ хүртэл графикийг нь хараад, битүүхэндээ  "би нэг иймэрхүү юм хийчих юм саан" гэж үнэхээр хүсдэг гэнэ шүү.

Анхны бөгөөд сүүлчийн цомгоо гаргасан төдийгүй "Exodus" буюу "Гэрлийн улирал" гэж нэрлэжээ. Этгээд нэртэй уг цомгийн нэр нь амьдралын хар бараанаас гэрэл гэгээрүү гарах гэсэн утгатай аж. Цомогт багтсан дуунуудын нэг "Гэрлийн улирал" юм.Тэр утгаар нь цомогтоо  "Exodus" гэдэг нэр өгсөн ажээ.

Продюссер Рагу дуучин Ч.Цэлмүүнд  "Монголын шинэ дива" хэмээх алдрыг хайрласан байна. Тэрбээр "таргалуулдаггүй хүнс"  рекламнаас эхлээд олон рекламанд тоглож мөн  "Up town" сэтгүүлээс хэлээд олон сонин, сэтгүүлийн нүүрэн дээр дүрээ үлдээсэн юм.

Тэрбээр энэ оны хоёрдугаар сард амаржиж, бяцхан хүүгээ өлгийдөн авсан билээ. Дуучин бүсгүй маань саяхан болж өнгөрсөн "UBS MUSIC AWARDS" дээр нэгэн цагаан даашинзыг өмссөн. Энэхүү даашинз нь түүний эмээгийн залуудаа өмсөж мөн ээж нь өмсөн гангараагаа болгож байсан үе дамжсан дурсгал, дурсамж хадгалсан даашинз гэнэ.

Ингээд та бүхэндээ түүний хувийн зургаас хүргэж байна.

Д.Ана