Хоёр дахь Oюу толгой болсон Xармагтайн ордын төлөөх эрх баригчдын улайрал
2017/08/26
Ер нь бол Засгийн газар солигдоход заавал нэг салхи орж, сайжралыг олдог гэдгийг дэлхийн практик харуулдаг. Энэ талаас нь монголчууд хардаггүй л болохоос биш. Шинзо Абэ байсхийгээд л Засгийн газраа огцруулж, шинэ салхи оруулдгийн үр дүн нь өнөөдрийн Япон улсын хөгжил юм шүү дээ.
Хөгжсөн, хөгжиж байгаа бүх улс оронд эрх мэдэлд хүрч, мэдээлэлд ойр очингуутаа түүнийгээ буруугаар ашиглах гээд эхэлбэл шууд л огцруулдаг нь жам ёсны үзэгдэл. Тэгэхээр Засгийн газар огцрох гэдэг аймаар зүйл биш. Ялангуяа өнөөдрийн Засгийн газар шиг эрх ашгийн эрэмбэ нь бүрэн утгаараа алдагдчихсан засаглагчдыг солих нь эх оронд хэрэгтэй. Энэ Засгийн газар өнөөдөр юуны төлөө улайран зүтгэж, уллан захалж байгааг ард түмэн төдийлөн мэдэхгүй байгаад учир нь байгаа юм. Тийм болохоор судлаач хүний хувьд бодит үнэнийг хэлье гэж шийдлээ. Хэлэх цаг нь ч болсон байна.
Улаанбаатараас 420 км, Цагаан суврагын ордоос 170 км, Оюутолгойгоос 120 км зайд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Хармагтай хэмээх алт, зэсийн баялаг орд нээгдсэн талаарх мэдээллийг эрх баригчид олон нийтээс нууцалсаар өдий хүрлээ. Нууж байгаа эрдэс баялаг бүрийн ард л Монголын эмгэнэл оршсоор ирсэн. Гадныхан бол аль эртнээс энэ ордын талаар бичиж, мэдээлж, сонирхож байсан юм. Гадаад ертөнцөд түгж байсан мэдээллүүдийг багцалж хүргэе л дээ.
ALS Group-ийн мэдээлснээр Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгой уурхайгаас 120 километр зайд энэ аварга алт, зэсийн ордоос дутахааргүй том орд нээгдлээ. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Занаду майнз компани “Хармагтай”-д порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Энэ ордын баялаг нөөцийг дэлхийд гайхагдах Индонезийн Грасберг уурхайтай зүйрлэж байна. Харин Монголын эрх баригчид энэ талын мэдээллийг аль болох нууцлахаар хичээж байгаа нь гайхалтай. Хармагтайн ордын мэргэжилтнүүдийг гайхшруулж байгаа зүйл нь үлэмж бага өртгөөр олборлох боломж юм. Нэг метр өрөмдлөгийн үнэ 600 ам.доллар байгаа өнөө үед Занаду 100 долларын зардлаар өрөмдлөг хийж байна. Хармагтайн ордод JORC тайлангаар 2,2 сая унци буюу 70 тонн алт, 203 сая тонн зэсийн нөөц байгаа нь тогтоогдсон байна гэхчилэн мэдээлсэн юм. Мөн Занаду майнзын захирал Эндрю Стюарт “Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүр орох алтны нөөц. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт зэсийн ордод тооцогдож байна” хэмээн Stockhouse.com-д мэдэгдсэн билээ. Хармагтайд Занаду майнз 30 жилийн хугацаатай хайгуулын лиценз авсан. Одоо Засгийн газартай ашиглалтын лиценз авах, Тогтвортой байдлын гэрээ хийх асуудалд тулж ирээд байгаа юм.
За энэхүү Тогтвортой байдлын гэрээ байгуулах дээр л өнөөдрийн Засгийн гол анхаарлаа чиглүүлж байна даа. Өмнө нь Монгол Улсын Засгийн газраас бидний мэдэх, манай нэр бүхий дөрвөн том орд дээр л тогтвортой байдлын гэрээ байгуулж байсан. Энэ дөрвөн гэрээ бүгдээрээ өнөөдрийг хүртэл хэл ам дагуулж, хардлага сэрдлэг төрүүлсээр, нийгмийн том хэрүүл, улс төрийн тогтворгүй байдлын эх болж ирлээ. Үе үеийн эрх баригчид ийм л том ордуудын төлөө ил далд тэмцэлдэж, Тогтвортой байдлын гэрээгээр нөгөө ордоо хамгаалж авч үлддэг. Ийм ордуудын төлөө эх орноо худалдах шахан хөлжиж, оффшор руу мөнгөө нуудаг гэх мэдээлэл өнөөдөр ид яригдаж байна.
Хармагтайн ордыг Австралийн хөрөнгө оруулалттай “Монгол металс” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Гэтэл энэ нь Xanadu-гийн охин компани болж таарч байна. Австралийн биржийн мэдээллээс харахад Xanadu mines компанийн 90 хувийг эзэмшигч THR гэж компани байна. Энэ нь Оюутолгойн хувь эзэмшигч “Turquoise Hill Resource” мөн болж таарав. 10 хувийг нь нэгэн хятад компани эзэмшиж байгаа ажээ. Энэ бүх толгой эргүүлсэн олон компанийн цаана ердөө Рио Тинто байгаа болж таарах гээд байгаа юм. Өмнө нь ОТ төсөл дээр хийсэн тогтвортой байдлын гэрээ нь монголчуудын дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэлтэй тулгарсан учраас шууд Рио Тинто нэрээр тоглолтод оролцохыг хүсээгүй бололтой.
Өнөөдрийн эрх баригчид тав дахь Тогтвортой байдлын гэрээг байгуулж, 70 тонн алтнаас унацаа гаргахын төлөө ирэх 9-р сарын дундуур УИХ-ын ээлжит бус чуулган хийж, Занаду майнзтай Хармагтайн ордыг ашиглах Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгохоор төлөвлөж байсан ч улс төрд өрнөсөн үйл явц тэдэнд ийм боломжийг олгохооргүй нөхцөл үүсгэлээ гэж харагдаж байна. Уг нь бол өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн эерэг үр дүнгээр эрх баригчид зам шулуудна гэж тооцож байсан бололтой. Хариуцлага тооцох, албан тушаалаа өгөх шаардлагууд ар араасаа цуварч, зам бүдгэрчээ.
Гэлээ ч эрх баригчид зорилгоосоо буцахгүй нь тодорхой байна. Тодорхой нэр бүхий томоохон сайд дарга нарын уул уурхайн асуудлыг ихээхэн сонирхох болсон бүлэглэл ямар ч үнээр хамаагүй суудал дээрээ үлдэж, Хармагтайн тогтвортой байдлын гэрээг байгуулахын төлөө улайрч байгаа гэж мэдээлэлд маш ойр эх сурвалжууд мэдэгдэж байгаа. Тэд Хармагтайн тогтвортой байдлын гэрээг хийчихвэл МАН дотор үүссэн, улс төрд өрнөж байгаа эсэргүүцлүүдийг нам дарах хүчийг олно хэмээн тооцож буйг ч эх сурвалжууд ярих болсон. Ингэхээр эрх мэдэлтэй байгаа тэд бярдаж байгаад ирэх 10 дугаар сарын эхээр Хармагтайн гэрээг зурж магадгүй болжээ. Үүний төлөө л өнөөдрийн гүйцэтгэх засаглалын толгойлогчид намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдаараа тогтож үлдэх зорилт тавьж, үүндээ хүрэхээр шаргуу оролдож, бүр улайрч байгааг зарим нэг тулхтай улс төр судлаачид бичээд эхэлснийг ард түмэн анзаарч байгаа байх. Энэ бүх асуудлаараа тэд энэ зун олны хөлөөс зайдуу Хөвсгөл, Буйр нуурын эрэг дээр сэм уулзалдсаар байсныг гэрчүүд ярьж байна.
Гэрээний урьдчилсан нөхцөлөөр бол ОТ-н гэрээний жишгээр Монголын Засгийн газар 34 хувь эзэмшинэ. Занаду майнз 51 хувь эзэмшинэ. Энэ дунд 15 хувь нь хааччихаад байгаа юм гэдэг асуултын хариуг нь эрх баригчдаас асуух цаг болжээ. Ерөнхийлөгчийн эрхийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлах замаар хоёр дахь ОТ-н гэрээний замыг засах том нүүдэл энд байгааг бас шударга улстөрчид ярьцгаах боллоо. Хармагтайн ордын 15 хувийг эзэмшихэд нь саад болсон бүхнийг хуйвалдаанаар арчин хаяж, энэ хэрэгтээ хүчний байгууллагуудыг татан ашиглахаар төлөвлөж байж болох анализийг судлаачид хийгээд эхэлжээ.
МАН, Ардчилсан нам аль алинд нь шударга гишүүд, бүлэглэлд худалдагдаагүй хүмүүс хангалттай тоогоор бий. Тэд үндэсний эрх ашгийн төлөө нам харгалзалгүй нэгдэх хэрэгтэй. Тэдэнд газрын баялгийг Үндсэн хуульд нийцүүлэн нийт ард түмэнд хүртээмжтэйгээр шийдвэрлэх эрмэлзэлтэй Х.Баттулга Ерөнхийлөгч туслах бүрэн боломжтой. Тэрээр ахин луйврын гэрээ, хэлцэл хийхийг хэзээ ч дэмжихгүй нь тодорхой тул монголчууд, шударга улстөрчид хүчээ нэгтгэх л хэрэгтэйг хэлмээр байна.
Хоёр дахь Оюутолгой болох Хармагтайн ордын төлөөх өнөөдрийн эрх баригчдын энэ улайрал, тэмцэл нь тийм ч амар хялбар нураад уначихгүй бололтой. Тэдэнд эрх мэдэл байна. Хөрөнгө мөнгө хангалттай байна. Боловсон хүчнүүдээ төрийн бүтцэд сайтар байршуулсан. Хууль хүчний байгууллагад хангалттай гар хөлтэй. Стратегийн хувьд ийм хүчтэй тогтолцоо, бүтцийг бий болгож аваад л тэд хуйвалдаанаа гүйцэлдүүлэх нь.
Урьдын практик ч ийм. Ийм аймшигтай бүлэглэлийн эсрэг өнөөдөр хэн сөрөн зогсож чадах вэ? Үнэндээ бодит үнэнийг мэдсэн, бодит мэдээллийг авсан иргэд, ард түмэн л сөрөн зогсож, тэднийг нураан буулгаж чадна. Чадна гэдгээ ч саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн харууллаа.