Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Жанчивдоржийн Мөнхмандах 2013, 2014 онд авилга авсан бололтой. Гэвч энэ хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр шийдэгдэхгүй эргэж буцсаар байна.

Тодруулбал, Ж.Мөнхмандах нь 2013 оны 08 дугаар сарын 22-нд “Лут чулуу” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж, 21 073 800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулсан. Улмаар хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар хийж гүйцэтгүүлсэн  байна. 

2013 оны 9 дүгээр сарын 09-өөс 10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Ганхуягаас 1 500 000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан. Мөн 2014 онд “Орон сууцны гадна фасад будах ажлын гэрээ”-г байгуулж, тендерийн ажил гүйцэтгэн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан “Метро хаус констракшн” ХХК-ийн захирал Н.Батбаяраас 1 500 000 төгрөгийг 2014 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Б.Чимэгтуяагийн Хаан Банкны 59......... тоот дугаартай дансаар дамжуулан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахуульд авсан байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө болон бусдаар дамжуулж, хясан боогдуулж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг 500000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрөнгийг хурааж, 6 /зургаан/ жилийн хорих ял оноосон.  Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан байх юм. Нэг биш хоёр удаа. Улмаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан байгаа юм.

Өөрөөр хэлбэл 2013 онд үйлдэгдсэн хэрэг өнөөдрийг шүүхээр шийдэгдэхгүй хүртэл эргэж буцсаар байна. Буцах бүртээ зүйлчлэл нь өөрчлөгдсөөр байна. Oрон нутагт хэн нэг хурган дарга нь гэмт хэрэгт холбогдоод ирэхээрээ шүүхэд нөлөөлдөг юм биш биз?

2013 оны хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байна гэдэг хуулийн байгууллагууд хичнээн удаашралтай ажиллаж байгаагаагийн нэг жишээ юм.

Цагдаа, шүүх, прокурор нь шат шатандаа ийм удаашралтай хэргүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байнa.  

Ядаж л Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж та удааширч байгаа энэ мэт хэргүүдэд анхаарал хандуулж нэгдсэн арга хэмжээ авахгүй бол өнөөдрийн гаргасан амжилт чинь нуран унах вий дээ!!!