Монголын нүүрс Xятадыг тойрох гэж хичээж байна
2017/09/14
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчлав. Төрийн тэргүүний хувиар хийж байгаа анхны айлчлал нь энэ. Улсынхаа, айлаар бол өрхийн тэргүүний энэ айлчлалд хүн бүр анхаарал хандуулав.
Зарим нь бүр шагшин магтав. Арга ч үгүй юм. Засгийн газар огцрохтой зэрэгцэн хийсэн түүний айлчлал мэдээж сонин содон байх нь тодорхой. Төрийн тэргүүний хувиар хийсэн анхны айлчлалын хувиар шүү дээ. Гэвч Ерөнхийлөгчийн анхны айлчлалын гол үр дүн, цаад шалтгаан нь юу байв гэдэгт хэн ч санаа тавьсангүй.
Энэ тухай шуугив. Бас шаагилдав. Хачирхалтай нь, Ерөнхийлөгчийн айлчлал Владивосток хотод болсон 60 гаруй орны төрийн тэргүүн, бизнесийн салбарынхан Дорнын эдийн засгийн форумтай холбоотой нэгэн нийтлэл ОХУ-ын хэвлэлд гарчээ. 60 гаруй орны төрийн тэргүүн, бизнесийн салбарынхан оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй эхэлсэн форумын үеэр хэвлэгдсэн нийтлэл өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. “Монголын нүүрс Хятадыг тойрох гэж хичээж байна” гэх утга бүхий энэхүү нийтлэлд Тавантолгойн хувь заяа хаачих тухай цухас дурджээ. ОХУ-ын “Коммерсанть” сонинд энэ тухай зургаан жилийн турш гацсан хийгээд гацаасан Тавантолгойн нүүрсээ монголчууд хэрхэх тухай жээ. Нийтлэлийг дурдахаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа талаар хэлсэн дүгнэлтийг дурдах нь зүйн хэрэг байх. Тэрбээр “Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг. Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна. Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, нисэх онгоцны шинэ буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна.
Бид түүнд ойрхон байна. Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ” гэв.Харин ОХУ-ын хатуугийн тэмдэг (Ъ сонин)-д бичсэн нь арай өөр юм аж. Тухайлбал, Монголын нүүрсний экспортод БНХАУ-ын тавьсан “хориг”-ийн энэ үед гуравдагч хөршөөр дамжуулан ийнхүү нүүрсээ гаргах гэж хичээж байна. Өөрөөр хэлбэл, “Монголын нүүрс Хятадыг тойрох гэж хичээж байна” гэжээ. Ингэхдээ монголчууд нүүрсээ ОХУ-ын боомтоор дамжуулж, гуравдагч зах зээлд гаргах нь эрсдэлтэй гэж дүгнэжээ. Товчхондоо Монголын нүүрсийг гуравдагч боомтоор гаргах нь монголчууд ОХУ-тай өрсөлдөж эхлэх нь гэдгийг тэд дүгнэсэн нь энэ. Мөн Монгол Улсаас хийж байгаа ачаа тээвэрт хүнд нөхцөл үүснэ гэдгийг тодотгожээ. Шалтгаан нь, Монголын мөнхийн хөрш БНХАУ нүүрсний тээвэрлэлт “хориг” тавьсан энэ үед ОХУ-аар дамжуулан тээвэрлэлт хийх нь зарим талаараа эрсдэл хүлээнэ гэдгийг тодотгосон нь энэ байв. Монголчуудын, төрийн тэргүүний хэлсэн үгийн агуулга нь нүүрсээ ОХУ-аар дамжуулан, тэр дундаа гуравдагч зах зээлд гаргах тухай байсан юм. Харин сонинд онцолсноор энэхүү шийдэл нь ОХУ-ын нүүрсний зах зээлтэй өрсөлдөөд зогсохгүй, БНХАУ хориг тавьсан энэ үед тохиролцсоноороо онцлогтой гэжээ. Сануулахад “Оросын төмөр зам” нэгдлийн Ерөнхийлөгч ноён В.Якунин Тавантолгойд “Монголчууд өөрсдөө 51 хувиа эзэмшинэ, харин үлдсэн 49 хувьд нь гадаадын хөрөнгө оруулагчид орж ир гэсэн. Гэхдээ энэ нь надад бодит бус санагдаж байна” хэмээн 2013 онд хэлж байсан удаатай. Үүн шиг Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д айлчлахтай зэрэгцэн өдөр тутмын сониноор нь дамжуулж В.Якунины байр суурийг эргэн сануулсан нь энэ байв. Цаг хугацааны хувьд олон жилийн зөрүүтэй ч энэхүү үйл явдал нэгийг өгүүлэх шиг. Өөрөөр хэлбэл, Монголын, Тавантолгойн нүүрсийг ОХУ-аар дамжуулан гуравдагч хөршид гаргах нь эхнээсээ амаргүй байдалд орохыг тэд нийтлэлээрээ илэрхийлэв.
Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээр хийх үеэрээ Эгийн голын усан цахилгаан станцын тухай нэг ч үг ганхийлгэсэнгүй. Угтаа бол анхны, тэр тусмаа гадаад тавцанд гарч байгаа айлчлал гэдгээрээ энэ тухай асуудлыг хөндсөн бол тэрбээр гоё харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй. Тийм зүйл ч болсонгүй. Уг нь Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцын төслийг хойд хөрш идэвхтэй эсэргүүцэж буй. Тэд төсөл хэрэгжвэл Байгал нуурын эмзэг экосистемд аюул учруулна хэмээн нотлохыг оролдож буй. Ингэлээ гээд хөрш улсаа буруутгаж байгаа юм биш. Гэвч үнэндээ бол Монголын газар нутаг дээр усан цахилгаан станц байгуулах асуудал бүр 1960-аад оноос эхэлж, тухайн үеийн ЗХУ судалгаа шинжилгээнүүдийг явуулсан байдаг юм. Улмаар 1970-аад оны сүүлээр ЗХУ Монголын эрх баригчдад хандаж, усан цахилгаан станц барихыг албан ёсоор зөвлөсөн байдаг. Түүнээс хойш ЗХУ ОХУ болж хувирсныг эс тооцвол байгаль орчинд ямар ч өөрчлөлт гараагүй шүү дээ.
Гэтэл гэнэтхэн л Монголд УЦС барьж болохгүй, байгаль орчинд хор нөлөөтэй гэж шуугив. Үүнийг хүмүүс өөр, өөрийнхөөрөө ойлгож байгаа. Зарим нь “Монголын эрчим хүчний салбарыг бусдаас хараат бусаар, бие дааж хөгжүүлэх сонирхолгүй хүмүүсийн хийж байгаа ажил” гэж байхад бусад нь өөр шалтгаан хэлэх жишээтэй. Үнэн гэвэл бид 25 жил зүтгээд өөрийнхөө газар нутагт усан цахилгаан станц барьж чадсангүй. Монгол Улс газар нутаг дээрээ усан цахилгаан станц барих цаг болсон гэдэгтэй өнөөдөр Оросын зарим эрдэмтэн санал нийлдэг. Сэлэнгэ, түүний цутгал дээр УЦС барьчихаар Байгал нуур сүйрнэ гэдэг бол өөрөө ямар ч утгагүй яриа.
Үүнтэй холбоотойгоор нэгэн нийтлэлийг мөн ТАСС сонинд бичжээ. Тэрхүү нийтлэлд “Дэлхийн хамгийн алдартай нуур болох Байгалд цутгадаг Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих Монголын төслийн оронд хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн саналыг ирэх сард болох Орос, Монголын ажлын хэсгийн уулзалтын үеэр ОХУ-ын тал дэвшүүлнэ гэж энэ сарын 6-7-нд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын үеэр Оросын Байгалийн нөөцийн сайд Сергей Донской “ТАСС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Тэрбээр “Засгийн газар хоорондын комиссын хэлэлцэх асуудалд Сэлэнгэ мөрний савд барих УЦС-ын тухай багтсан байгаа. Цахилгаан эрчим хүчний хомсдолтой байгаа хөрш Монголын асуудлыг УЦС барихаас өөрөөр шийдвэрлэх олон санал дэвшүүлэхэд бид бэлэн. Сэлэнгийн УЦС-ын асуудлаарх ажлын хэсэг байгуулагдсан. Аравдугаар сарын сүүлчээр болох Засгийн газар хоорондын уулзалтаас өмнө буюу аравдугаар сарын эхээр энэ ажлын хэсэг Улаанбаатар хотод хуралдана” гэв. Түүний хэлснээр Монголд цахилгаан эрчим хүч нийлүүлэх болон Хятад руу цахилгаан эрчим хүч дамжуулдаг одоогийн цахилгаан дамжуулах шугамуудыг шинэчлэх, цахилгаан дамжуулах шугамуудыг шинээр барих зэрэг саналыг Оросын тал Монголд тавихаар төлөвлөж байгаа бололтой. Ингэсэн тохиолдолд, УЦС цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс илүү хямд өртгөөр Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломжтой аж. Мөн Монголд нүүрсээр ажилладаг, орчин үеийн дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг саналуудыг Оросын тал дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. “Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байгууламжууд барихтай холбоотой өөр олон хувилбар бидэнд байна. Цэвэр нүүрсний технологиудыг ашиглах олон боломж байгаа. Монгол Улс нүүрсний арвин их нөөцөө энэ чиглэлээр ашиглаж болох юм. Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ч ашиглаж болж байна. Манай улс нарны зай хураагуур үйлдвэрлэж эхэлсэн. Тиймээс бид өндөр чанартай нарны эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг Монголын талд нийлүүлэх боломжтой. Манай компаниуд эдгээр бүх төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. Гэхдээ миний бодлоор, эрчим хүчний их цагариг бол хамгийн бодитой, биелэх боломжтой төсөл. Монгол Улс одоо нүүрсний шинэ ордуудаас нүүрс олборлож эхэлж байна. Үүнээс гадна цахилгаан эрчим хүч дамжуулах шугамуудын дагуух төмөр замыг шинэчилж болох юм. Бидэнд Алс Дорнодод хангалттай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж байна” гэж сайд Донской ярьжээ. Монгол Улс эрчим хүчний хомсдлоо шийдвэрлэхийн тулд Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний сав газарт УЦС барихаар төлөвлөж байгаа билээ. Харин энэ төсөл нь Байгал нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж зарим судлаач үзэж байгаа юм. Мөн УЦС баригдах газар дахь газар хөдлөлтийн эрсдэл нь судлаачдын анхаарлыг татаж байна. ОХУ-ын Эрчим хүчний тэргүүн дэд сайд Алексей Теклер өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “УЦС-ын оронд Монголд цахилгаан эрчим хүч дамжуулах шугам барих нь зүйтэй гэж манай яам үзэж байна” гэж байсан юм” гэжээ. Үүгээр бол Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалаараа энэ асуудалд улс төрийн шийдвэр гаргуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, түүний анхны айлчлалаар монголчууд Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг шийдэж чадсангүй. Угтаа бол эрчим хүчний тэр дундаа хойд хөршөөсөө хараат байдаг эрчим хүчний асуудлыг талаар Ерөнхийлөгч дуугарсан бол гоё харагдах байлаа.
"Үндэсний шуудан" сонин
Zochin · 2017/09/14
Toirox bus 2 zax zeeltei baix gej bodox um
zochin · 2017/09/14
Battulgaa hen yu gej bsan cj uragshaa zvtgeerei mongoliin ireedvi chinii gart bgaa .olon hvn chamaig demjij bgaa shv