Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зөвхөн цуврал аллага үйлдэгчдийг бус одод, захирлууд, хадмуудыг ч багтааж болно. Яагаад?
 
Аяга кофе шүүрсний төлөө дарга чинь хашгичих, утсаар ярьж байхдаа хэхэрлээ гэж ээж чинь утсаа таслах, согтуу хуучин найз залуу чинь шөнийн 03:00 цагт залгах... Тэднийг лав чи "юмтай"  гэж нэрлэдэг байх. "Юмтай" гэдэг үгийг тэвчихийн аргагүй их зантай, сэтгэл санааны хувьд хайш яйш, эсвэл хэтэрхий ихийг шаарддаг хүмүүст хэрэглээд байх шиг.

Ер нь юмтай нөхөд цөхрөл гутралаас л бий болдог бололтой. Тэдний зан байдал нь байнга хөөрөлттэй явдаг. Сэтгүүлч Жон Ронсон "Сэтгэцийн тест" номдоо Харвардын сэтгэл судлаач Марта Стоутаас ишилсэн байв. "Хэрэв хүний тархинаас эелдэг сайхан чанарыг нь аваад хаячих юм бол ялахсан гэх хүслээс өөр зүйл тэнд үлдэхгүй" хэмээн Марта үздэг бөгөөд сэтгэцийн давамгайллыг эн тэргүүний гурван "юмны" нэг гэж тодорхойлжээ. Түүнчлэн Ронсон сэтгэлзүйч, судлаач Др.Роберт Хэйрээс мөн иш татжээ. Байгууллагын мэргэжилтнүүдийн 3,9 хувийнх нь сэтгэцийн эмгэгийн оноо дор хаяж 30 байдаг байна. Шүүхийн сэтгэл судлаач Керри Дэйнс "амжилттай юмтайчууд" гэж нэрлэгддэг хүмүүстэй өдөр тутмын амьдралдаа цөөнгүй таардаг аж.

Тэрбээр өөрийн олж мэдсэн зүйлдээ тулгуурлан "Чиний мэдэх чөтгөр: Сэтгэцийн юмтай хүмүүсээс болгоомжил" нэртэй шинэ номоо бичсэн байна. Реалити шоу, оддын амьдрал гэх мэт нь сэтгэцийн эмгэг зан авирыг хөхиүлэх үндэс суурь болдгийг нэгэнт тогтоожээ. Нийгэм тэр чигтээ сэтгэл хөдлөл, хувийн ашиг сонирхлыг тайзны үзүүлбэр болгочихоод жинхэнэ шоу хэмээн алга ташиж байна. Алдар нэр, мөнгө төгрөгтэй байхад хэрэг болох гадаад гоо үзэмж, овсгоо самбаа, маяг зэрэг шинж чанар нь сэтгэцдээ юмтайг илтгэж байдаг. Тэдгээр нь амьдралын бүхий л хэсэгт оршсоор байна. Хэрэв чи фэйсбүүкт 100 найзтай байлаа гэхэд тэдний нэг нь л лав сэттэцийн эмгэгтэй гэмээр хандлага гаргаж байгаа даа. Тэгвэл яагаад "юмтай" болдог вэ? Тэд алуурчид байх албагүй ч тэднийг ганцхан үйлдлээр нь л сэтгэцийн юмтай гээд тодорхойлчих боломжгүй. Гэхдээ хүмүүстэй харилцах үед тэдний нуугдмал чанар илрэн гардаг.

Юун түрүүнд тэдэнд ердийн сэтгэл хөдлөл илэрдэггүй. Тэдний хийж буй бүхэн зөвхөн өөрийнх нь л төлөө байдаг. Юмтай хүмүүсийг бас яг ч сэтгэлийн хөдөлгөөнгүй гэж боломгүй. Ердөө л өөрт хэрэгтэй зүйлд богино хугацаанд болхидуу хариу үзүүлнэ. Бусдын сэтгэл санааг тэд ойлгохгүй. Сэтгэцдээ юмтай хүмүүс өнгөлөг сайхан дүр төрхийн цаана хүйтэн хөндий, түрэмгий байдлаа нууж байдаг. Муур чинь үхсэн гэдгийг дуулаад чиний уй гашууг ойлгож буй мэт царайлан толгой дохин суух авч дотроо бол чамайг "азгүй амьтан" л гэж бодож байгаа. Тэд дүр эсгэхдээ гаргууд учир нийгэмд ажиглагдалгүй өнгөрч чаддаг.

Сэтгэцдээ юмтай нөхөд яаруу сандруу, цочмог түргэн зантай, хөгжиж наргисан хүмүүс байдаг тул "Партидъя аа!" л гэнэ. Амархан уйддаг, хэтэрхий их сэргээш ба хар тамхи хэрэглэдэг, өндөр эрсдэлтэй спортоор оролддог, машинаар давхиж, олон хүнтэй явалддаг. Яг цаанаа бол ёс суртахууны хязгаарлалтгүй. Эдгээр зан авирыг 1991 онд Хэйрийн боловсруулсан сэтгэцийн зан байдлыг шалгах олон улсын алтан стандартад тодорхойлсон байдаг. Үүнд өөрийгөө хэт дөвийлгөх үзэл, хүйтэн хатуу сэтгэл, цочмог түргэн зан, олон ааш гэх мэт сэтгэцийн байдлын үндсэн 20 шинж чанарыг жагсаасан байх бөгөөд тус бүр нь хоёр оноогоор үнэлэгдэж, 0-40 хүртэлх оноогоор сэтгэцийн байдлыг хэмжинэ. Бид энэхүү хэмжээсийн хаа нэгтээ байж л байгаа. Гэмт хэрэгт тэгтлээ орооцолдоод, үйлдээд байдаггүй ч гэсэн зан авирын эмгэгтэй хүмүүсийн дэргэд байх аймаар байдаг. Тэднийг 20-25 хүртэлх оноогоор дүгнэнэ. Тэд бол гол төлөв "амжилттай юмтайчууд" бөгөөд нийгэмд бидний л нэгэн адил яваа хүмүүс.

Томоохон байгууллагууд нь юмтай нөхдийн хувьд нуугдах тааламжтай оромж болдог гэнэ. Тушаал өндөрсөх тусам улам гүн нуугдах боломжтой болно. Ажлын талбар дахь "манлайлах ур чадвар" гэх мэт үг хэллэгийн тусламжтайгаар шаардлага үл хангах юмтай этгээд тааламжтай гадаад байдал, өөртөө итгэлтэй гар барилтаар ажилд орох ярилцлага амжилттай давж чаддаг. 2007 онд хийсэн өргөн хэмжээний судалгаагаар, байгууллагын эсрэг хийсэн луйврын 26 хувийг тухайн байгууллага дахь ахлах буюу дээд шатны гүйцэтгэх ажилтнууд үйлдсэн байдаг нь тогтоогджээ. Энроны хэргийг аваад үзье л дээ. Тэрбум долларын хөрөнгөтэй компанийг ажилтнуудынх нь системтэй, зохион байгуулалттай луйвар л доош чангаасан шүү дээ. Сэтгэл судлаачдын олж илрүүлснээр сэтгэцийн юмтай нөхөд шийтгэл болон алдаанаасаа суралцана гэж үгүй.

Мэдээж хэрэг бидний дунд ч гэсэн сэтгэцийн юмтай нөхөд байж л байгаа. Маниак бэр, сургууль дээрээ шоглуулсныхаа төлөө өшөө авагч өсвөр настан, стресст орсон дарга гээд л... Тэд бол ердөө л түр зуур юм нь хөдөлдөг хүмүүс. Зан ааш нь стресстэй нөхцөл байдлаас болж байнга хувьсаж байдаг, жинхэнэ юмтай нөхдийн сэтгэцийн эмгэг бол байнгын аймшигтай байдлыг дагуулдаг билээ.

Тэгвэл сэтгэцийн эмгэг төгс болтлоо хөгжих үү? Яг ч тийм биш. Судалгаагаар сэтгэцийн эмгэгийг генийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үздэг. Халамж анхаарал муутай, хахир хүйтэн орчинд өссөн хүүхдэд багад нь илрэх сэтгэцийн эмгэг том болоход нь хөгжсөөр байж болох талтай. Гэхдээ нөхцөл байдал харилцан адилгүй. Сэтгэцдээ юмтай хүмүүс дасан зохицохын тулд сэтгэл хөдлөлийн "хэвийн" үйлдлийг зүгээр л дуурайдаг гэдгийг бид мэднэ. Гэвч сэтгэцийн эмгэгтэй зан авир өргөжин тэлэх тусам хүмүүс түүнийг дуурайж эхэлдэг. Чиний мэдэх чөтгөр чамд маш ойрхон ч байж болох юм.

Сэтгэцдээ юмтай нөхдийг хэрхэн ялгах вэ?

Гарын хөдөлгөөн ихтэй 
Тэд ярьж байх үедээ цаашид яах вэ гэдгээ бодож олох цаг, боломжийг өөртөө гаргах зорилгоор хуруу, гараа ихээхэн хөдөлгөж ярьдаг. 

Гөлөрсөн түрэмгий харц 
Энэ нь зөвхөн кинонд л гардаг зүйл биш ээ. Сэттэцийн юмтай нөхөд нүдээ тийм ч их цавчлаад байдаггүй. 

Ойлгомжгуй реакци үзүүлэх 
Сэтгэцийн эмгэгтнүүд хүний нүүрний хувирлыг "уншиж" чаддаггүй, бусдыг түгшээж, тавгүйтүүлж байгаагаа анзаардаггүй хүмүүс. 

Ажилтнууддаа бүдүүлэг ханддаг 
Чамд сайхан ханддаг хэрнээ зөөгч рүү муу муухай үгээр дайрч, доромжлон харилцаж байгаа хүн бол маш сайхан баг зүүсэн "юмтай" хүн.

Худал хэлж байгаад баригдвал ичнэ гэж үгүй 
Ихэнх хүн олны дунд худал хэлээд баригдсандаа ичиж, түнтийтэл улайж орхидог. Харин сэтгэцдээ юмтай нөхөд бол юу ч болоогүй юм шиг хээвнэг инээж яриагаа цааш үргэлжлүүлнэ.

Тэдэнтэй хэрхэн харилцах вэ?

• Холхон бай, зай барь. Тэдэнд ч туслах гэсний хэрэггүй. Түрээсгүй байр бүү өг, зээл бүү олго, үнэгүй хоол бүү өг. Шугамнаас бүү хэтрүүлж нэвтрүүл. Хэрэв хүсэл зоригийг чинь эвдэн орж ирэх гээд байвал уул руу зугт.

• Өөрийн гэсэн өмч хөрөнгөө хямгадан хамгаал. Сэтгэцдээ юмтай даргынхаа бизнест хөрөнгөө бүү оруул. Сэтгэцийн гажигтай эхнэр, эсвэл нөхөртэйгөө хамтын данс бүү нээ. Санаа зоволтгүй дээ, эмзэглэж гомдоно гэсэн ойлголт тэдэнд харин ч нэг байхгүй.

• Сэтгэцдээ юмтай хамтран ажиллагсдынхаа хувийн амьдралд хошуу бүү дүр. Тэдэнтэй хов бүү ярь, хамт бүү уу, тэдэнд зөвлөгөө бүү өг, тэднээс бүү ав. Тэдэнтэй унтах тухай бодоод ч хэрэгтүй.

• Сэтгэцийн юмтай хамаатан садантайгаа гэр орондоо бус, мөн түүний гэрт ч бус, харин дундаа нэг газар уулзаж бай.

• Юмтай хүн л юмтай хүнээ давна. Тиймээс ялна гэдэг тэдний хувьд жинхэнэ спорт байдаг юм.

• Ажил дээрээ хэн нэгнийг юмтайгаар нь бүү дууд. Түүний оронд санаа зовниж буйгаа хүний нөөцдөө хэлээд, бүх харилцаагаа хууль ёсны байлгах үүднээс цаасан дээр баримтжуул. Юмыг яаж мэдэх вэ.

• Тэдэнд зөвлөгөө өгч цагаа гарздаад яах вэ. Тэртэй тэргүй тэд өөрчлөгдөхгүй шүү дээ.

• Эдгээр онцлог шинжүүд өөрт чинь илэрч байна уу? Өөрийгөө ч мөн юмтай юм биш биз гэж санаа зовж байгаа бол та тийм биш гэсэн үг.

Сэтгэцдээ юмтай хүмүүстэй уулзаж учрах ямар байдаг талаар сэтгэцийн гажгийг тодорхойлох тестийн зохиогч Жон Ронсоны өгүүлснийг дор толилуулъя. "Би сэтгэцийн гажигтай тав, зургаан хүнтэй уулзаж үзсэн. Тэдний хувьд үнэхээр олон ижил зан чанар давтагдаж байв. Эхэндээ сэтгэл татагдаж байсан. Тэд сэтгэл татам байдлыг хэрхэн өөртөө давуу тал болгон ашиглахыг сайн мэддэг, хүнийг амархан дөнгөчихөж чадах улс юм билээ. Нью-Йоркийн шоронд хоригдож буй Гаитигийн дарангуйлагч Тото Константтай би уулзахаар очсон юм. Миний анхны ном "Ямаа гөлөрдөг эрчүүд"-ийн талаар тэрбээр магтаал сайшаал урсгасаар байсан төдийгүй надад зориулан тусгай цамц хүртэл өмссөн байв. Түүний магтаалаас татгалзахын аргагүй, ямар сайндаа л би түүний төлөө ямар нэгэн зүйл хийдэг ч байж уу гэж бодогдсон гээч. Түүнтэй уулзахаасаа өмнө би дарангуйлагч байсан энэ эрийн талаар хөгжилтэй зүйл бичнэ дээ гэж бодож байсан. Тэр хослол өмссөн байлаа. Сэтгэцийн юмтай хүмүүс хослолд тун ч дуртай байдаг даа. Тэд бусдаас дээгүүр, эрх мэдэлтэй байж, бусдыг мулгуу амьтад мэтээр хардаг юм. Тото бүх зүйлийг няцааж байлаа. Өөрийгөө амьдралдаа гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй гэж байв. Харин тэр 1990-ээд оны үед олон гаити хүмүүсийг алж, хүчиндэж, шархтуулсан Гаитигийн ахиц, дэвшлийн фронтыг зохион байгуулсан хүн юм. Мэдээж, худал хэлж байгаа нь хараажаар илт байв. Сэтгэл судлаач Др.Хэйрийн хэлснээр худал ярих нь, бүр шүүх танхимд ч худлаа ярих нь тэдний хувьд юу ч биш аж. Дараа нь гэнэт ер бусын зүйл болов. Тото шударга үнэн алга хэмээн гэнэтхэн уйлж эхэллээ. Мэдээж хэрэг тэр худлаа уйлж байв. Сэттэцийн юмтай хүмүүсийн сэтгэл хөдлөл өнгөцхөн илэрдэг учир гүн гүнзгий сэтгэл хөдлөл үзүүлснээр бусдыг эрхшээлдээ оруулдаг юм. Арьс минь биржийгээд, би ч төд удалгүй явахын хүслэн боллоо. Даруйхан салах ёс хийсний дараа эргэн харахад тэр байрандаа зогсоод, намайг анхааралтай ажиглаж байв. Бидний уулзалт хуумгай, өнгөцхөн болсон юм шиг надад санагдсан. Бид ердөө ч харилцаж чадсангүй ээ.

Түүнтэй уулзахаар дахин очиход тэр "Би хүмүүсийг ажиглаж суух дуртай. Тэдэнд би таалагдахыг хүсдэг" гэж хэлсэн нь түүнийг сэтгэцийн юмтай хүн гэж харагдуулахааргүй "Наадах чинь тэгээд сул тал уу?" гэж намайг асуухад "Чи хүнд таалагдаж байж л хүнийг хүссэнээрээ удирдаж зална шүү дээ" гэсэн юм.

Тото бол Др. Хэйрийн гаргасан сэтгэцийн эмгэгийг шалгах үнэлгээний 20 онооноос 16-г нь авсан, сэтгэцийн нэлээд юмтай нөхөр байв. Ийм өндөр оноотой хүнтэй харилцаж байх үед маш аймаар мэдрэмж төрдөг. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй харилцахад багагүй зөрчилдөөн үүсдэг юм билээ. Нэг талаар тэд дур булаам учир тэдэнд татагдаж, дурладаг бол нөгөөтэйгүүр тэдний бах тавыг хангаж байгаа юм биш биз гэх айдаст автана. Хэдийгээр сэтгэцийн эмгэгтэй ихэнх хүмүүс хүчирхийлэл хийдэггүй ч тэд гэнэтхэн алгадаад авах вий, тэгээд догшрох вий гэхээс би айдаг.

Яваандаа би тэднийг таних тэмдгүүдийг мэдэж авсан. Хэрэв миний асуултыг сонсохгүй, надад ярьж өгөхөөсөө илүү харилцан ярилцах сонирхолтой байгаа бол сэтгэцийн эмгэгтэй гэсэн үг. "Бусдыг ойлгоно гэдэг сул тал мөн үү?" гэх мэт хэд хэдэн асуултыг ч би боловсруулж үзсэн. "Сул дорой байдал" гэдэг бол дохио. Тэд сул дорой харагдахыг хүсдэггүй юм. Харин ч эрх мэдэл, хүч чададд дуртай хүмүүс. Тэднээс багадаа ямар хүүхэд байсан бэ гэж асуухад зодоон цохионд оролцдог байсан гэнэ. Тэгээд ямар байсан бэ гэхэд сайхан л байсан, одоо ч гэсэн сайхан л байна гэж хариулдаг. Гэвч харуусал шаналлын тухай асуух бүр хэцүү. Др.Хэйрийн хэлснээр тэд үгийг нь мэддэг авч, хөгжмийг нь мэдэрдэггүй улс. Зүгээр л хөдөлгөөний аясаар явдаг гэсэн үг. Би юу хийх ёстойгоо мэдсэнээс хойш хаа сайгүй тааралдах, хараажаар юмтай болов уу гэмээр хүмүүсийн дайралтаас өөрийгөө авч гарч сурсан. Одоо бол энэ бүхэн тэдний эсрэг ашиглах мэдлэг болон үлджээ. Жишээ нь, дохионы хонхоо орилуулан байгаа нэгэнтэй учрах юм бол би юу хийхээ мэддэг болсон, тэдэнд тийм ч амар дөнгүүлэхгүй шүү.
 

Мэдээний линк: http://goodali.style.time.mn/content/24352.shtml