UBS телевизийн сэтгүүлч Э.Уянга гэх бүсгүй анх "Хэцүү анги" киноны Сувдын дүрээр олны танил болсон. Тэрбээр МУИС-ийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм.

Өнөөдөр нээлтээ хийх "DOZ" энтертайнментийн бүтээл "Кино шиг амьдрал" кинонд зодоонч охины дүрд тогложээ.

Уг кинонд бүтээсэн дүрийнхээ талаар Э.Уянга: "Кино маань гурван өөр хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрт би өөр өөр нэртэй тоглоно. Бүжин, Нохойн сарьсан хоншоор, Тонгорог гэх мэт сонин содон нэртэй. Ерөнхийдөө Бүжин гэдэг нэрээрээ явна. Нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Сандруу, аймхай хүн тэр олон тулаан дунд өөрийнхөө хайртай залууг яаж өмгөөлж, урдуур нь орж байгаа үйл явдал өрнөнө. Кинонд зодоонтой, тулаантай хэсгүүд маш олон гарч байгаа. Ерөнхийдөө Шаолин, Кун фугийн үегэх мэт кинонд гардаг шиг хийсвэр үйл явдлууд их гардаг учраас графикийн ажил их хийгдсэн. Жишээ нь элс цацахад алга болдог гэх ч юм уу үлгэрийн маягийн хэрнээ хөгжилтэй. Мэдээж гол дүр нь эрэгтэй эмэгтэй хоёр жүжигчин байгаа болохоор хайр дурлал, адал явдал, аз жаргалтай төгсгөлийг харуулсан" хэмээсэн юм.

Мөн түүний тоглосон "Зоорь" нэртэй аймшгийн уран сайхны кино аравдугаар сард зураг авалтаа хийж дууссан байна. Киноны дуу, клип, трэллэр эхнээсээ үзэгчдэд хүрээд эхэлсэн. Энэхүү уран бүтээл нь оны дараахан нээлтээ хийх ажээ.

Д.Ана