ЗХУ задран унахтай зэрэгцэн ардчилал гурав дахиа дэлхийг нөмрөн авч, заналт дайсан социализмаа дарж удаан үргэлжилсэн үзэл суртлын дайнд эцсийн цэгийг хатгалаа. Энэхүү ялалтын уухай 1990-ээд оны эхээр барууны ертөнцөд нүргэлэн сонсогдож байсан авч марксизмын сүнс хүн төрөлхтний ухамсраас тийм ч амар салахгүй бололтой. Өдгөө дэлхий дээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, батжуулсан 195 улс орон байгаагаас ердөө тав нь та бидний хэлдгээр “хоцрогдсон Марксист” үзэл санааг баримталдаг социалистууд. 1945 оноос Бүгд Найрамдах Социалист Вьетнам (БНСВ), 1948 оноос Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ), 1949 оноос Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), 1966 оноос Бүгд Найрамдах Куба Улс (БНКУ), 1975 оноос хойш Лаос Ардын Ардчилсан Бүгд Найрамдах Улс нар л өдгөө ардчилсан дэлхий ертөнцөд марксизм-ленинизмээр овоглодог. 


Чухам эдгээр улс ардчилалд шилжээгүй цагт үзэл санааны дайн дуусаагүй гэж үздэг учир АНУ, Европын холбоо тэргүүтэй ардчиллын үзэл санааны суурь төвүүд үргэлж бүх төрлийн арга замаар дайралт хийсээр ирсэн. АНУ болон Хойд Солонгосын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын эх сурвалж дээрх гаргалгаатай холбоотой. Үргэлж хамгаалалтын төлөв байдалд суудаг социалистууд довтлогч байр суурьтай ардчилагчид руу үзэл санааны дайралт хийсэн онц сонирхолтой үйл явдал өчигдөр болж өрнөлөө. ЗХУ-ын дараагаар социалист үзэл санааны төв болсон БНХАУ-ын гол хэвлэл мэдээллийн төв Синхуа агентлаг Хятадын Коммунист Намын Их хурлын талаар мэдээлэхдээ барууны ардчилсан тогтолцоог дараах нийтлэлээр шүүмжилсэн байна.

Синхуа агентлаг: Хятадын ардчиллын гэрэл барууныхныг сүүдэрт үлдээлээ

Хямрал, эмх замбараагүй байдал барууны либерал ардчиллыг живүүлж байгаа өнөө цагт Хятадын ардчиллаас хөгжил дэвшлийн орчин цагийн шалгуур, хэв маягийг асууж бас сургамжилж авах цаг нь болжээ. Хятадын Коммунист намын (ХКН) 19 дүгээр Их хурал бол түүхэн өнцөг болон дэлхийн хандлагын үүднээс өвөрмөц социалист зохион байгуулалтыг шинжлэн үзэх сайхан боломж юм. Таван жил тутамд ХКН-ын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрээс цугларч, нам ба улс оронд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хэтийн төлөвлөгөөг боловсруулдаг уламжлалтай. Энэ удаагийн хурлаар чинээлэг дундаж давхраа бүхий нийгэм бүрдүүлэх эхний зууны төлөвлөгөөг хурлын гол сэдвээр хэлэлцэнэ. Гурван жилийн дараа буюу 2020 онд чинээлэг дундаж давхраа бүхий нийгэм бүрдүүлэхийн төлөө ХКН-ын ажиллаж эхэлсний 100 жилийн ой болно. Харин дараа нь “Хятад мөрөөдөл” манай үндэстнийг сэргээн мандуулсныг онцлон, БНХАУ байгуулагдсаны ойг тэмдэглэнэ. 
ХКН өнгөрсөн наймдугаар сард өөр үзэл санаа баримталдаг улс төрийн нам, хүчнүүдтэй зөвлөлдөж конгресст шаардлагатай байсан үзэл суртал, санал хүсэлтийг нэгтгэн хүргүүлсэн. Аливаа шийдвэр гаргахдаа институц хоорондын харилцан зөвшилцөл дээр суурилдаг энэхүү туршлага ХКН-ын жинхэнэ ардчилсан мөн чанарыг дагадаг болохыг харуулна. ХКН-ын тэргүүлж байгаа олон намын хамтрал, зөвшилцлийн тогтолцоо бол 1949 онд байгуулагдсан цоо шинэ төрлийн улс төрийн тогтолцоо мөн. Барууны орнуудад түгээмэл хоёр буюу олон намын тогтолцоо, зарим улс орнуудад хэрэгждэг нэг намын тогтолцооноос ялгаатай. 

Хэн нь жинхэнэ ардчилагчид вэ

Өрсөлдөөн, тэмцлээр дүүрэн барууны улс төртэй адилгүй нь ХКН болон коммунист бус намууд хамтран ажиллаж, социализмд дэвших зорилгын дор иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулахаар хичээж байна. Энэхүү харилцаа улс төрийн тогтвортой байдал, нийгмийн эв найрамдлыг хангаж, төрийн бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд хэд дахин үр дүнтэй болгодог. 
Тэргүүлэх намын хувьд ХКН бодлого, төлөвлөгөө, шийдвэр гаргах, хууль батлах, засвар хийх зэрэг өндөр ач холбогдолтой үед бусад намын байр суурийг сонсож, тэдгээр намын гишүүдийг төрийн өндөр албан тушаалд ажиллуулдаг. Хятад Улсад институцчилагдсан зөвлөлдөх ардчилал маш чухал. Тийм ч учраас тосгоны зөвлөлөөс эхлээд нийгмийн бүхий л шатанд биеэ даасан засаглал, иргэний конгрессийг байгуулж чадсан. Чухам энэхүү бүтцээс л манай улсын улс төрийн тогтолцоо бүрддэг. 
Өнөөдөр барууны ардчилал өөрийн мөн чанар болох нийгмийн задрал, түүний үр дагавраас зугтаж чадахгүй байдалд ороод байхад БНХАУ-ын тогтолцоо нийгмийн нэгдлийг бий болгож чадсан. Хэмжээ хязгааргүй улс төрийн урвалт, бодлогын өөрчлөлтөөр либерал ардчиллын хүндэтгэлийн танхимд залрах боловч эдийн засаг, нийгмийн хөгжлийг сааруулж, хамгийн гол нь нийгмийн олонхийг бүрдүүлэгч ард түмний ашиг сонирхлыг орхигдуулдаг. БНХАУ-ын Үндсэн хуульд зааснаар “ХКН-ын жолоодлого дор олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвшилцлийн тогтолцоо цаашид ч үргэлжлэн оршин тогтносоор байх болно”.

Барууны ардчилал өөрөө задарч унахгүй бол...

Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд улс төрийн намууд саналын хайрцгаар дамжуулж бүрэн эрхээ баталгаажуулж, цааш үргэлжлүүлдэг. Гэхдээ энэ нь засаглал, төрийг байнга өөрчлөгдөхөд хүргэдэг бөгөөд улс орны баримтлах бодлогыг бүхэлд нь өөрчилдөг. Гарсан ахиц дэвшил бүр энэ үр дүнгүй засаглалд замхран арилж байна. Өдгөө 96 нас хүрч буй ХКН-ын 89 сая гишүүн ард түмний олонхийн төлөөлөл учраас ард түмнийхээ төлөө зүтгэж, ард түмэнд төвлөрсөн намын соёлыг бий болгосон. Намын дотоод олон талт байдал нийгмийн өөр бүлгүүдийг төлөөлөх, өөр зам мөрөөр амьдарсан 2200 гаруй гишүүн Үндэсний конгрессийг бүрдүүлдгээс харагдана. Эсрэгээр, барууны намууд тусгай ашиг сонирхлын бүлэг, нийгмийн давхрааг төлөөлдөг болохоор капиталист ардчиллын мөн чанар олигархийн засаглалаар нь илэрдэг. Тэдний задран унах цаг дөхөж байгаа нь ойлгомжтой агаад бүх нийтийн санал асуулга авбал санаанд багтамгүй үр дүн гарна. 
Саруул ухаантай, хөгжил дэвшил өөд тэмүүлсэн ХКН-ын удирдлага дор Хятад загварын ардчилал БНХАУ-ын төрийг эрүүл удирдан жолоодож байгаа. Тиймээс бидэнд өөр улс орнуудын бүтэлгүйтлээр дүүрэн улс төрийн тогтолцоог дамжуулж авах шаардлага огтхон ч байхгүй. Хэдэн зуун жилийн дараа барууны загварын нас дуусчээ. Дэлхий ертөнцийг олон асуудлаар өвчлүүлсэн хэрнээ цөөхнийг нь шийдэж чадсан ардчиллын загвар өөрийгөө дахин харах цаг болсон. Хэрэв барууны ардчилал өөрөө задарч унахгүй аваас түүнийг заавал дахин шинэчилж, шинээр эхлүүлэх ёстой. ХКН өсөлт дэвшлийг үндэстэндээ тэр чигт нь хүртээсэн, ядуурлыг ч тодорхой хэмжээнд эрчимтэй бууруулсан. Шилжилтийн үеийн гайхамшиг хэмээн уг амжилтыг нэрлэж болох авч 40 жилийн өмнө одоогийн нөхцөл байдал бидний төсөөлөлд ч байгаагүй юм шүү. Таван жилийн эрчимтэй шинэчлэл, одоо ч үргэлжилсээр байгаа авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэл, хуулийн хяналтын тогтолцоо ХКН-ын байр суурийг улам батжуулж, үнэт зүйлдээ үнэнч хэвээр байж, хамгийн гол нь улс орноо зөв замаар явуулж байна.

Т.Жаргалсайхан

Үндэсний шуудан