Манай улсын хувьд залуу гэр бүл рүү чиглэсэн бодлого байдаггүй. Бие хаа сайтайг нь гадагшаа шигшиж явуулсаар гэр бүл салж сарних дээрээ тулж, зарим нь салж байна. Үүнийг тоон судалгаа баталсан бөгөөд залуусаа дэмжих нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж, эх орондоо сайхан амьдрах боломжийг төрөөс хангах  зорилгоор нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Соц нийгмийн үед  эхчүүд төрөөд 45 хоноод хүүхдээ яслид өгөөд ажлаа хийдэг байв. Цэцэрлэг тарахад орой бүр хүүхдэд амттан өгдөг байв. Нэг байгууллагаас хос төрвөл байр өгдөг байв.Үүгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэвэл залуусыг тухайн үед нэгдсэн бодлогоор дэмждэг байв. Харин өнөөдөр нэгдсэн бодлого гээч зүйл алга. Өнөөдөр залуус хөдөлмөр эрхэлж, улсдаа татвар төлж, улс орны хамаг ачааны хүндийг үүрч байгаа. Залуусын хувьд ахмадаа хүндэлж, хүүхэд багачуудаа асарч хүмүүжүүлэх нь үүрэг гэдгээ ухамсарлан хэнд ч гомдол мэдүүлэхгүй ажиллаж байгаа. Олж байгаа хэдэн төгрөгөө нэмж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн төлөө гадагшаа явж байгаа. Энэ нь гэр бүл салах шалтгаан болсоор байна.  

2016 онд 16 000 гаруй гэр бүл бүртгүүлсэн бол 1064 айл гэр бүл салсан байна.  2012 оноос хойш гэр бүл салалт огцом нэмэгдсэн байгаа юм.  2017 оны хагас жилийн дүнгээр 1700 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулжээ.

Гэр бүл салалтын шалтгаан нь

·         Тусдаа амьдарч байгаа 43.9

·         Гэр бүлийн таарамжгүй харилцаа 41.6

·         Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа 25.9

·         Гэр бүлийн хүчирхийлэл 23.4

·         Эцэг эхийн таарамжгүй харилцаа 5.2

Салж байгаа хосуудын насны хувьд 21-45 насныхан байна. Хөдөө орон нутагт ажиллах, гадаадад ажиллахаар явах, хүүхдээ сургуульд сургах зэргээр гэр бүл салж байна.

Тэгвэл гэр бүл салсны улмаас хүүхэд хамгийн ихээр хохирч байгаа.  Нэг гэр бүл салалтын цаана 1-3 хүүхэд байдаг. Бүтэн хайранд өсөж байсан хүүхэд хайр халамж, эд зүйлээс эхлээд олон зүйлээр дутах болно. Нөгөө талаас сэтгэлдээ шарх тээж, хичээл сурлагадаа мууддаг, санаж бэтгэрэх зэрэг сөрөг нөлөө их гардаг. 

Гэр бүл салсан тохиолдолд салсан ихэнх эрчүүд дахин гэр бүл зохиодог. Харин ганц бие ээжүүдийн хувьд хүүхдээ өсгөх гэж “чардайдаг”. Мөн ганц бие ээжүүдийн хувьд хүүхдийг нь алаг үзэх вий гэх айдас байдаг. Айхгүй байх аргагүй тоон баримтыг одоо хүргэе. 2017 оны  гарсаар өнөөдрийг хүртэл хойд эцэгтээ 17 хүүхэд хүчирхийлүүлсэн гэх дуудлага хүүхдийн 108 тоот утсанд ирсэн байх юм.   

Улсын хэмжээнд энэ оны эхний 09 сард хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон хэрэг 135 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26 хэргээр буюу 23,9 хувиар өссөн. Насны байдлаар нь авч үзвэл: 7 хүртэлх насны 13, 8-13 насны 43, 14-17 насны 79 хүүхэд байна.

Хэрвээ хүүхэд залуус рүү чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол байдал дээр дурьдсан тоон үзүүлэлтүүд жилээс жилд дордох болно. Нөгөө талаас хүнээ дэмжсэн улс хөгждөг болохоос хүнээ мөлжих бодлого баримталсан улс лав хөгждөггүйг олон улсын жишээ харуулдаг.  Тиймээс салбар хариуцсан яам, агентлаг нь бодлого боловсруулах шаардлага байгааг анхаарна уу.