Энэ оны хоёрдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэгчийн зан үйлийг өөрчлөх албадан сургалтад хамруулна гэж заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Энэ талаар “Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэлзүйч С.Баасанбаттай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд, хүчирхийлэгчийн зан үйлийг  өөрчлөх албадан сургалтад хамруулна гэсэн шинэ заалт орж иржээ. Манай хуулийн практикт анх удаа туршигдах гэж байна гэж ойлгож болох уу?

-2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаж байсан. Энэ хуулинд анх удаа албадан сургалтын заалтыг оруулж өгч байсан юм. Монгол улсын хуулийн практикт албадан сургалт нь хуулийн хариуцлага болж байсан удаа бол байгаагүй. Харамсалтай тухайн үед энэ хууль маань батлагдаж чадалгүй явсаар 2016 онд батлагдаж, энэ оны 2-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

-Зан үйлд нөлөөлөх албадан сургалт гэж юу юм бэ? Сургалтын агуулгын тухайд?

-Өмнө нь бол торгодог, хорьдог, баривчилдаг гэх мэт залхаан цээрлүүлэх арга хэмжээ авдаг байлаа. Гэвч дээрх арга хэмжээг аваад байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг буурахгүй байгаад байна. Хорих ангид байгаа хүмүүсийн тоо буурахгүй байна. Тэгэхээр тэр хүний үйлдээд байгаа зан үйлд нь нөлөөлж, сэтгэлзүйн тусламж, засал хийж байж өөрчлөгдөх юм байна гэдэг үзэл баримтлал дэлхий нийтэд бий болсон байна.

Тэгэхээр шууд торгож хорихоос илүүтэй албадан сургалтад хамруулснаар, давтан үйлдлээс сэргийлж байна, гэр бүлдээ түгшүүр төрүүлэх эрсдлийг бууруулах, болж өгвөл дахин үйлдэхгүй байх зорилготой.

Энэ сургалтын гол үзэл баримтлал нь үзэл хандлагыг нь өөрчлөхгүй бол үйлдэл өөрчлөгдөхгүй гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, үзэл хандлага нь өөрчлөгдөөгүй байхад тэр хүнийг хичнээн удаан хориод ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас энэ сургалт бол маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.

-Энэ сургалтад ямар хүмүүс хэрхэн хамрагдах юм бол?

-Гэр бүлдээ түгшүүр төрүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хүмүүс, баривчлан саатуулагдаж байгаа, тэнсэн харгалзах ял авсан, хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүс албадан сургалтад хамрагдана. Сургалтыг явуулахын тулд мэргэжлийн сэтгэлзүйч буюу гэр бүлийн хүчирхийлэл, жендерээс үүдэлтэй хүчирхийлэл, хохирогч болон хүчирхийлэгчийн сэтгэлзүйг судалсан, мэргэжлийн сургалтанд сууж бэлтгэгдсэн хүмүүс явуулна. Үүн дотор сэтгэлзүйч нар гол хүмүүс байна. Энэ сургалт бол мэдлэг олгох биш зан үйлд нь нөлөөлөх, тухайн хүнийг эргэцүүлэн бодох, өөрийнхөө эсрэгцлийг олж харах, би ямар учраас ийм үйлдэл хийгээд байгаа юм бол, энэ үйлдлийг хийснээр гэр бүлийнхэнд маань яаж нөлөөлж байна вэ гэдгийг бодуулах сургалт юм.

-“Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэнгээс гарын авлага гаргаж байгаа гэж дуулсан?

-НҮБ-ын Хүн амын сангаас жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох төсөл улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд жижиг төслийн уралдаан зарласан байсан. Манай байгууллагаас хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүст сургалт явуулах, аргазүйд мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэсэн төсөл бичиж өгснөөр шалгарсан. “Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэн 1995 оноос хойш энэ чиглэлээр ажилласан 20-иод жилийн туршлагатай. Гадаад дотоодын судалгаа, олон улсын арга зүй, туршилт зэргийг хийж явсан байна. Тийм учраас нэгэнт хууль нь батлагдчихсан байгаа учраас гарын авлага бэлдэж байна, сургагч багш нарыг мөн бэлтгэх гэж байна. Ерөнхийдөө бол шинэ технологийг улсын хэмжээнд анх удаа нэвтрүүлэх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.

-Хууль хэрэгжүүлэх ажилд цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтарч байна вэ?

-Цагдаад сэтгэлзүйч нар ажилладаг. Тэгэхээр цагдаагийн сэтгэлзүйч нарын ажлын байрны тодорхойлолтдоо өөрчлөлт оруулаад, сургалтанд хамрагдаад тухайн орон нутаг буюу аймагтаа энэ сургалтыг явуулах үүрэг хүлээж, хууль хэрэгжүүлэх юм. Энэ тал дээр бол Цагдаагийн ерөнхий газар эрхзүйн хувьд, хүний нөөцийн тал дээр анхаарлаа хандуулж ач холбогдол өгч ажиллаж байна.

-Зан үйлд нөлөөлөх сургалтын олон улсын туршлага арга зүй ямар байдаг юм бол?

-Австралийн арга зүй олон улсын хамгийн шалгарсан арга зүй. Албадан болон сайн дурын сургалтыг хооронд нь хослуулж чадсанаараа ялгардаг. Бид нар албадан сургалтын тал дээр мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлээд явахдаа улам сайжирч, ямар тогтолцоогоор явбал илүү үр дүнтэй байх вэ гэдэг арга замыг эрэлхийлнэ. Цаашлаад сайн дурын сургалт явуулах асуудалд анхаарч байгаа. Энэ тал дээр Хуульзүйн яам, Цагдаагийн ерөнхий газартай гэрээлэн гүйцэтгэх бодолтой байгаа.

-Албадан сургалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Мэдлэг олгох сургалтанд суувал хүмүүс мэддэгүй юм аа мэддэг болоод л явна. Харин энэ бол зан үйлийн сургалт учраас үр дүн тооцоход төвөгтэй. Гэхдээ хорьж шийтгүүлсэн хүн гэртээ эргээд очихдоо улам хүчтэй түгшүүр төрүүлж, хонзогнож, өөрийг нь цагдаад барьж өгсөн эхнэртэй харилцаа улам хөндийрнө. Тэгэхээр энд ирсэн байгаа чинь эхнэрийн чинь буруу биш юм аа, эрсдэлтэй түвшинд хүрсэн, давагдашгүй нөхцөл байдалд хүрснээс ийм байдалд ирлээ гэдэг ойлголтыг л төрүүлэх юм. Энэ бол эхний үр дүн. Хоёрдугаарт, өөрийнхөө зан үйлийг өөрчилье, хүндэтгэлийг хүчээр тогтоовол хэврэгхэн байдаг юм байна гэдгийг ойлгоно. Гуравдугаарт, үр хүүхэддээ яаж биенийгээ хайрлахгүй байхыг сургах уу, эсвэл зөрчилтэй асуудлыг эвээр шийдэж халуун дулаан уур амьсгалтай бат бөх гэр бүл болох вэ гэдгийг ойлгуулах юм. Энэ бол маш том үр дүн юм. Бид нар эхний удаад эрсдлийг бууруулна гэж хүлээж байгаа. Ер нь бол 3-6 сар, 2 жил хүртэлх хугацаанд дадлагажуулж байж тэр хүн өөрчлөгдөх бололцоотой гэж үздэг. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан энэ ажил дээр онцгой анхаарч байгаа. Ялангуяа цагдаа бол хамгийн түрүүнд шинэчлэлийг хийж байгаа. Маш нээлттэй шинэлэг хурдтай хандаж байгаад бид бас талархаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ГАНТУЯА