МҮЭХ-оос өнөөдөр /2017.10.27/ мэдээлэл хийж, гурван талт хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Амгаланбаатар “МҮЭХ-ны санал, санаачлагаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр эхэлсэн. Хэлэлцээр тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учраас хугацаагүйгээр завсарлуулах санал гаргасан. Хэлэлцээрийн 3.2 буюу төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар  тодорхой үр дүнтэй саналыг хэлэлцээрийн шатанд оруулж ирэхгүй байгаа учраас МҮЭХ хэлэлцээрт оролцох үйл ажиллагааг түр зогсоолоо. 2017 оны улсын төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад цалингийн урамшуулал, нөхөн олговор хэлбэрээр олгох арга хэмжээ хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулсан. МҮЭХ энэ саналыг хүлээж авахгүй гэсэн. Мөн 2018 оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар саналыг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Цаашид бид улсын гурван талт хэлэлцээрийг тодорхой үр дүнд хүрэх санал гаргасан тохиолдолд бид хэлэлцээрт орно” гэлээ. Хэрэв МҮЭХ-ны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол ирэх мягмар гариг буюу аравдугаар сарын 31-ээс эхлэн тэмцлийн хэлбэрт шилжиж, жагсана гэдгээ өнөөдрөөс албан ёсоор холбогдох байгууллагуудад нь мэдэгдлээр дамжуулан хүргэж байгаа гэлээ.

Сүүлийн үед МҮЭХ-ны өмч хөрөнгөтэй холбоотой болон олон мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй. Энэ нь МҮЭХ-ны ирэх арваннэгдүгээр сарын 8,9-нд болох МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болзошгүй хэмээн МҮЭХ үзэж байгаа юм байна. Тиймээс МҮЭХ-оос мэдэгдэл гаргасан байна. МҮЭХ-ны дүрмийн дагуу ирэх арваннэгдүгээр сарын 8,9-нд дөрвөн жилд нэг удаа болдог их хурал болох юм байна. Энэ хуралтай холбогдуулан зорилготой,  захиалагатай гүтгэлгийн шинжтэй мэдээлэл маш их гарч байгаа. Энэ бол нэг хүний захиалгатай үйл явдал, зохион байгуулалттайгаар олон нийтийн санаа бодлыг турхирах гэж оролдсон үйл явдал учраас МҮЭХ-оос мэдэгдэл гаргасан байна. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнгөрсөн нэг сарын хугацаанд тодорхой зохион байгуулалттай, бүлэг хүмүүс гүтгэлгийн  чанартай мэдээллийг тарааж эхэлсэн. Энэ нь МҮЭХ-ны зохион байгуулж байгаа үйл ажиллагааг саармагжуулах, олон нийтийн анхаарлыг МҮЭХ-ны удирдлага руу чиглүүлэх гэсэн санаатай. Магадгүй үүний цаана улстөрийн хүчин байна гэсэн мэдээлэл ирж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан ташаа мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагуудад хандсан байсан. Бид холбогдох бүх материалыг баримттайгаар хуулийн байгууллагад өгсөн. Энэ асуудлыг өмнө гурван ч удаа АТГ, хуулийн байгууллага шалгаад ямар нэг асуудалгүй гэдгийг нь тогтоосон. Тиймээс МҮЭХ өөрсдийн дотоод асуудлаа их хурлаараа шийдвэрлэж, ямар нэг улс төрийн нам, улстөрч, хувь хүнээс хараат бусаар шийдвэрээ гаргаж явна” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-1000 багш ажил хаяна гэж мэдээлэл хийсэн. Та бүхэн энэ асуудлыг дэмжиж байгаа юу?

- МҮЭХ-оос 1000 багш нарыг жагсах ажлыг зохион байгуулаагүй. Тэр хүмүүс ямар зорилготойгоор жагсаал зохион байгуулж байгааг мэдэхгүй байна.

-МҮЭХ-нд хувь хүмүүс, улстөрч, намаас ангид байх ёстой гэж та хэлж байна. Тэгэхээр аль нэг улстөрийн хүчин МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг санаархаж байна гэж ойлгож болох уу. Та тодруулаад хэлэх боломж байна уу?

- Нэг УИХ-ын гишүүн сонинд гарсан мэдээллийг шалгаж өг гэж хуулийн байгууллагад хандсан байгаа юм. Тэр хүн ямар намын хүн гэдэг нь хүн бүрт тодорхой. Мөн тодорхой тэмцлийн хүрээнд зохион байгуулалттай мэдээлэл тарааж байгаа хүмүүс МҮЭХ-ны хуучин ерөнхийлөгчтэй холбоотой, хамтран ажилладаг хүмүүс байгаа юм.  Гэхдээ бид энэ намыг арай ч МҮЭХ-ны хараат бус байдалд халдахгүй байх гэж бодож байна. Хэрэв МҮЭХ-ны нэр хүндэд сөргөөр хандах, хараат бус байдалд нь халдахыг оролдож байгаа бол түүнийгээ таслан зогсоохыг хүсч байна.