Хакүхо өөрийнхөө тогтоосон амжилтыг башё бүрт өөрөө л эвдэнэ
2017/11/27
2020 оны олимп хүртэл 15 башё үлдлээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны кюүшюү башё өндөрлөлөө. Отгон башёд дөрвөн аварга зодоглохоо мэдэгдсэн ч барилдаан эхлэхийн өмнө 71 дэх аварга Какүрюү оролцож чадахгүй болсноо зарласан. Ингээд ёкозүна цолтой гурван бөх 2017 оны сүүлчийн башёг эхлүүлэхэд тэмцээний гурав дахь өдөр 70 дахь аварга Харүмафүжи барилдаанаа дуусгасан.
Гэхдээ тэр гэмтлээс бус нутаг нэгтнийхээ биед гэмтэл учруулж танхайрсан гэх шалтгаанаар башёг орхисон. Тэгвэл отгон аварга Кисэносатогийн бэртэл сэдэрсний улмаас бас л башёг дуусгаж чадсангүй. Ингээд Хакүхо аварга ёкозүна цолтнуудаас ганцаараа барилдаанаа дуусгаад зогсохгүй мэргэжлийн сүмогийн 40 дэх түрүүгээ хүртэв. Ингэснээр тэр сүмод 40 түрүүлсэн цорын ганц сүмоч болж түүхэнд нэрээ үлдээж байна. Хакүхо аваргыг 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасны дараа озэки Кайо “Одоо Хакүхогийн давсан даваа, түрүү бүхэн нь сүмогийн түүхэнд шинэ дээд амжилт байх болно. Энэ амжилтыг эвдэх сүмоч ойрын 20 жилд гарахгүй болов уу. Аваргад баяр хүргэе” хэмээн ярьжээ. 1700 жилийн түүхтэй сүмогийн түүхэнд 20 түрүүлсэн гурван бөх байдаг. Тэдгээр нь их аварга Таканахона 22, Китаноүми 24, Асашёорюү Дагвадорж 25. Тэгвэл 30 хоёр бөх байна. Их аварга Чиёонофүжи 31, Тайхо 32. Харин 40 түрүүлсэн цорын ганц сүмоч нь Хакүхо болж байна. Тэрбээр макүүчи буюу сүмо бөхийн дээд зиндаанд 2006 оноос хойш барилдаж эхэлсэн юм. Хакүхо аварга түрүүлснийхээ дараа “Маш их баяртай байна. Цаашид улам сайн барилдахын төлөө хичээх болно. Олон үйл явдал давхацсан учраас сэтгэл санаа тогтворгүй байсан. Гэвч өөрийгөө дайчилж барилдлаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалжээ. Хакүхо аварга 2020 оны олимпийн дараа зодог тайлна гэж хэлсэн. Тэгвэл 2020 оны олимп хүртэл 15 башё үлдэж байна. Тэрбээр 2020 онд Японы Токио хотод болох зуны спортын XXXII наадмын нээлтэд их аваргын ёсолгоо хийж Японы үндэсний спорт сүмо бөхийг дэлхийд сурталчилна. Башёг дуусгаж чадаагүй Кисэносато болон Харүмафүжи нарын талаар сүмогийн холбоо удахгүй хэлэлцэх аж. Бэртэлтэй байсан ч башёд зодоглох эр зориг гаргасан Тэрүнофүжи бэртлээ улам сэдрээж аргагүйн эрхэнд арваннэгдүгээр сарын тэмцээнийг дундаас нь орхисон. Мэргэжлийн сүмогийн макүүчид зодоглож буй хамгийн ахмад бөх Аминишики сүүлийн өдөр манай бөх Чиёошомагаар качигоши хийхдээ баярын нулимс унагаж “Маш их баяртай байна. Ямар ч байсан зодог тайлах хүртлээ өөрийгөө дайчилж барилдана” гэжээ. Ингээд кюүшюү башёд монгол сүмочид хэрхэн барилдсаныг хүргэе.
Макүүчи зиндаа
Чиёошома 7-8
Араваши 8-7
Тамаваши 11-4
Ичиножо 10-5
Хакүхо 14-1
Жюүрёо зиндаа
Сэйро 6-9
Азүмарюү 8-7
Кёкүшюхо 6-9
Үндэсний шуудан сонин
Ikhe abragiin ylaan pen,jiriin ard mendelsyy!!! · 2017/12/18
abragiinhaa amjiltiig tengeriin mandalaas agyy ikhe erch hycheer hamgaalan mandyylan,bayar bayasgalan az jargal tebcheer zorigiin hych,yamar behtei herhen barildahaan chag yrgelj basalgahiin yeer setgej hychtei zorigtoi arga yhaanaar ylam bayjij barildaasai hemeen baharhan egyylej baina!ta bol yapon mongol ylasiin yndesnii agyy ikhe baharhal,taniig sumo behiig yarihad eeriin chini amjilt chag yrgeljid hamt baih bolno!Mongol hynii hiimori mandan badrag aa.