Ленинградын бүслэлт дэх Таня Савичева охины өдрийн тэмдэглэл
2014 оны 1 сарын 27

Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс бүрэн чөлөөлсний 70 жилийн ой тохиож байна. Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын 1,5 сая орчим хүн амь алдсаны гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдэх 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг. 
Таня /Татьяна Николаевна Савичева/ бол дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа их Эх орны дайны үед Ленинградын бүслэлтэд байсан олон сая хүний нэгэн 14-хөн настай сурагч охин. Тэрээр дайсанд бүслэгдэж ертөнцөөс тусгаарлагдсан хотын аймшигт амьдралын тухай эгч Нинагийнхөө өгсөн дэвтэр дээр хамгийн товчоор бичиж үлдээсэн нэгэн. Ердөө есөн хуудастай энэ тэмдэглэлийн дэвтрийн зургаа дээр нь өөрийн ойр дотны хүмүүсээ нас барсан тухай бичиж үлдээсэн байдаг. 
Таня таван хүүхэдтэй айлын хамгийн бага дээрээ хоёр эгч, хоёр ахтай байсан гэдэг. Таня багадаа хөөрхөн хоолойтой дуучин болох найдлагатай хүүхэд байж. 
Дайсны бүслэлт эхлэхэд Савичевынх Василевскийн арлын хоёрдугаар шугаман дахь 13 дугаар байранд амьдардаг байсан гэнэ. Таня ээж, Нина эгч, Леонид, Миша ах, эмээ Григорьевна Фёдороватайгаа хамт амьдарч байлаа. 1941 оны хавар дайн эхлэхэд Таня 35 дугаар сургуулийн гуравдугаар анги төгсөөд байж. Намар нь есдүгээр сарын 3-нд хичээл эхэлсэн ч арванхоёрдугаар сар гэхэд хотын бүхий л тээврийн хэрэгсэл зогсч, гудамжийг бүхэлд нь цас дарсан байна. Охин долоон км газар явган явж заводод ажилладаг эгч дээрээ очиж байлаа. Арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд охин эгч дээрээ очиж чадахаа болив. Ингээд л эгч нь дүүдээ тэмдэглэлийн дэвтэр өгч. 
Тэмдэглэлийн дэвтрийн “Ж” үсгэн дээр Таня хамгийн эхлээд “Женя 1941 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 12,30 цагт үхлээ” гэж бичжээ. Таня энэ бүхнийг хорын харандаагаар бичсэн гэж үзэж байсан ч хожим нь эрдэм шинжилгээний ажилтнууд судалж үзээд жирийн хөх харандаагаар бичсэн болохыг тогтоосон байна. 
Төд удалгүй Таня дэвтрийнхээ “Б” үсгэн дээр “Бабушка умерла 25 янв. 3 ч. дня 1942 г” буюу “Эмээ 1942 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн гурван цагт нас барлаа” гэж бичих хэрэгтэй болов. Эмнээ нь нас барахынхаа өмнө Танягаас сар дуустал хэрэглэх хүнсний картаа бүү хаяарай гэж хүссэн гэдэг. 
Заводод ажиллаж байсан 24 настай ах Лека нь гуравдугаар сарын 17-нд заводынхаа эмнэлэгт нас барлаа. 
Охин дэвтрийнхээ “Л” үсгэн дээр “Лека 1942 оны гуравдугаар сарын 17-ны өглөөний 05 цагт нас барлаа” гэж бичлээ.
Хавар болж бүслэгдсэн Ленинградад хөлдөж үхэх аюул гайгүй болсон ч өлсгөлөн, сүрье, гэдэсний халдвар хамгийн аймшигтай аюул болж байлаа. Дөрөвдүгээр сарын 13-нд Василий 56 насандаа өөд болов. 
Охин бас л “В” үсэгтэй хуудсанд “Авга ах Вася 1942 оны 13-ны шөнийн 02 цагт нас барав” хэмээн бичлээ. 
Дулаарахаар Ленинградын 137 сургууль хичээлээ эхлүүллээ. Харамсалтай нь Таня хичээлдээ явж чадсангүй. Тэр 71 настай авгыгаа асрах хэрэгтэй болох нь тэр. Гэсэн ч тавдугаар сарын 10-нд авга Алексей нь 71 насандаа өөд боллоо. 
Танягийн дэвтрийн “Л” үсэгтэй хуудсанд Лека ахыгаа бичсэн болохоор арын нь хуудсан дээр “Авга ах Леша 1942 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 4 цагт нас барлаа” гэж бичлээ. 
Гэсэн ч Таня охины зовлон үүгээр дууссангүй, ердөө гурав хоногийн дараа ээж Марий Игнатьевна 52 насандаа өөд боллоо. Охин дэвтрийнхээ “М” үсэгтэй хуудсанд “Ээж 1942 оны тавдугаар сарын 13-ны өглөөний 7,30 цагт нас барлаа” гэж бичлээ. 
Ээжийнх нь үхэл Таня охинд ялалт хүртэл тэсэх эцсийн найдлагыг нь таслах нь тэр. Ингээд тэрээр “С” үсэг бүхий хуудсанд “Савичевынхан бүгдээрээ үхлээ” гэж бичив. Нина, Миша нарыгаа ч тэр бас л үхсэн гэж бодож байлаа. Ингээд “У” үсэгтэй хуудсанд “Умерли все” /Бүгдээрээ үхлээ/ гэж бичлээ. Тэгээд төгсгөлд нь “О”үсэгтэй хуудсанд “Осталась одна Таня” /Таня ганцаараа үлдлээ” гэж бичив.
Охин ганцаар үлдсэн тэр аймшигт өглөө хөрш, өөрийнхөө найз Вера Афанасьевна Николаенкогийнд орсон байна. “Өглөөгүүр Таня хаалга тогшсон. Тэр ээжийгээ нас барж цор ганцаараа үлдсэнээ хэлээд шарилыг нь зөөхөд туслаач гэж гуйсан. Өвчин тусч бүр нүднээс гарчихсан тэр уйлж байсан” гэж бичжээ. Ингээд Верагийн ээж нь тусалж Танягийн ээжийг оршуулсан байна. 
Ингээд Таняг хүүхдийн 48 дугаар цэцэрлэгт аваачиж Шатковын район руу нүүлгэн шилжүүлэх гэж байсан хүмүүстэй нийлүүлж хооллож эхэлжээ. 
1942 оны наймдугаар сард Танягийн суусан нүүлгэн шилжүүлэх цуваа дайсны бөмбөгдөлт доогуур Шатки тосгонд ирсэн байна. 
Энэ Шаткины музейг байгуулагчдын нэг, түүхийн багш Ирина Николаева хожим нь “Энэ цуваагаар саш олон хүн ирсэн. Шархдагсдыг байнга авдаг байсан ч энэ удаа бүслэлтээс ирж байгаа хүүхдүүд байгаа шүү гэж бидэнд анхааруулсан. Галт тэрэг зогсч хаалга нээсэн ч тэндээс хэн ч гарч ирсэнгүй. Гэтэл зөвхөн нэг л том нүднээс өөр зүйлгүй шахам яс арьс болсон хүүхдүүд босох ч тэнхэлгүй хэвтэж байлаа. Эмэгтэйчүүд нүдэндээ ч итгэлгүй амнаас нь “Тэд чинь амьд байна шүү дээ” гэж дуу алдацгаасан. Хүүхдүүдийг зөөснөөс галт тэрэг рүү хоол зөөж өгөх нь дээр байсан даа” гэж дурссан байдаг. 
Таняг сувилагч Нина Михайловна Середкина асарч түүний төлөө бүхнийг хийснээр хэсэг хугацааны дараа охин таягтай, дараа нь хана түшээд жаахан жаахнаар явдаг болсон гэнэ. Ингээд 1944 оны гуравдугаар сард Понетаевскийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах газарт хүргүүлсэн ч сайжрал олохгүй, хүнд өвчтэй байснаас районы эмнэлгийн халдвартын тасагт хүргүүлж. Гэлээ ч тэр сувилгаа авч чадсангүй 1944 оны долдугаар сарын 1-нд 14-хөн насандаа сүрьеэгээр нас баржээ.

Танягийн тэмдэглэлийн дэвтрийн хуудснууд.

“Женя 1941 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 12,30 цагт үхлээ”
“Эмээ 1942 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн гурван цагт нас барлаа”
“Лека 1942 оны гуравдугаар сарын 17-ны өглөөний 05 цагт нас барлаа”.
“Авга ах Вася 1942 оны 13-ны шөнийн 02 цагт нас барав”.
“Авга ах Леша 1942 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 4 цагт нас барлаа”.
“Ээж 1942 оны тавдугаар сарын 13-ны өглөөний 7,30 цагт нас барлаа”
“Савичевынхан бүгдээрээ үхлээ”.
“Бүгдээрээ үхлээ”
“Таня ганцаараа үлдлээ”

Таня охины тэмдэглэлийн дэвтэр Нюрнбергт болсон шүүх хурал дээр нацистын гэмт хэрэгтнүүдийг яллах нэг нотлох баримт болсон юм. 
Өнөөдөр энэ дэвтэр Ленинградын түүхийн музейд байдаг бол хуулбарыг нь бүслэлтийн үед амь үрэгдсэн ленинградчуудын оршуулгын газар Пискаревын булшны цогцолборт тавьсан байдаг байна.

Эх сурвалж: www.assa.mn