И.Я.Коростовецийн хөшөөг барихын тулд Богдын хөшөөг бүтээхээр шийдэв үү!?
2014/01/02
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид гэж хөшөө бодохоос өөр ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэр гаргачих чадваргүй хэдэн нөхөд байх шиг.
Эсвэл энд тэнд хөшөө босгож, буулгах шийдвэр гаргасныхаа төлөө "авлига" авдаг юм уу. НИТХ-аас шийдвэр гаргаад байгаа хөшөө босгох тогтоолууд нийгэмд хэр өгөөжтэй эд вэ? Улс оронд эдийн засгийн ач холбогдох бий юу... Улсын төсөв хүндэрчихээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, улс орны ирээдүй болсон хүүхдүүд сурах газаргүй болчихоод байхад хөшөө босгох аминд тулсан чухал ажил уу гэдгийг дахин дахин асууя... Иргэдийн төлөөлөгчдийн хувьд ач холбогдол багатай хэдэн хөшөө энд тэнд хэдэн арван сая төгрөгөөр босгож, гудамж талбай, газар усны нэр өөрчлөх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой ажил бололтой.
Ард түмний амьдрал туйлдаж, хоногийн хоолоо арай ядан аргацааж, орох оронгүй, айлын хаяа бараадан амьдарч байхад хөшөө босгох нь л чухал байгаа юм байх. Ард түмэн татвараар төлж байгаа мөнгийг нь гарын салаагаараа урсгаад бай гэж эдгээр хүмүүсийг сонгоогүй байлтай. 2013 оны сүүлээр Хаант Оросын тагнуул И.Я.Коростовецийн хөшөөг улсын мөнгөөр барих тухай яриа олны дургүйцлийг хүргэж, түүхчдийн эсэргүүцэлтэй тулгараад намжсан. Гэтэл шинэ оноо угтаж буй энэ үед түүний хөшөөг босгох тухай яриа дахин гарсан талаар Зөгий.мн вэб сайт мэдээлжээ. И.Я.Коростовецийн хөшөөг босгох тухай тогтоол НИТХ-аас гаргасан тухай мэдээлэл гарсаны дараа Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар "Богд хааныхаа хөшөөг босгоогүй байж Хаант Оросын тагнуул И.Я.Коростовецийн хөшөөг улсын мөнгөөр барина гэдэг эмгэнэл" хэмээн ярьсан байдаг. Тэгсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах тогтоол гаргав. Ингээд Наймдугаар Богдын хөшөөг 12 дугаар сарын 29-ны өдөр тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан босгохоор төлөвлөж, шавийг нь сүр дуулиантайхан шиг тавина билээ.
Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд босгосон улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн хүмүүст зориулан хэдэн арван тэрбум төгрөгөөр босгосон "Тусгаар тогтнолын хөшөө"-г хоёрхон жилийн дараа үгүй хийж буй үйлдэлд олон хүн дургүйцсэн. Гэвч татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахдаа өөрсдөөс нь асууна гэсэн "худал" амлалт нь үлгэр болж, НИХТ-ынхан дураараа дурьгаж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Гэхдээ нэгийг нь сүйтгэж, нөгөө нэг хөшөөг босгох үйлдэл нь Оросын тагнуулын хөшөөг босгох гэсэн улайрлын халхавч гэдгийг хэн мэдэх билээ.
Ямартай ч НИТХ-ын өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тогтоол нь түүхчдийн Богдынхоо хөшөөг босгоогүй байж И.Я.Коростовецийн хөшөөг босгох гэлээ гэсэн эсэргүүцлийг үгүй хийх гэсэн өчүүхэн арга бололтой. VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулах тогтоол гарсаны дараагаас эхлэн ард түмнийг "Шинэ жилийн баяр" хэмээн баярлаж явах хойгуур И.Я.Коростовецийн хөшөөг 86 саяар барих тухай яриа сэм дуулдаж эхэлсэн байна. Гэхдээ НИТХ-ынханы гаргаад, зүтгүүлээд байгаа уг шийдвэрийг Монголын ард түмэн хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч энэ мэтээр хөшөө босгоод байвал удахгүй Улаанбаатар нэрээ сольж, Хөшөөбаатар болох биз.
Түүнчлэн монголын хойч үед хөшөө босгож түүхийг нь таниулж, тухайн хүмүүсийн гавьяаг мөнхөлж буй гэвэл худал болно. Хөрөнгө мөнгө зарж, элдэв хөшөө босгож, эдийн засгийн ач холбогдолгүй бүтээн байгуулалт хийхийн оронд хүүхэд залуучуудад түүхийг таниулах өөр бодит ажил хийсэн дээр биз. Улс орны түүхийг хадгалан үлдэж, хойч үедээ таниулах музей байгуулж, музейгээ хөгжүүлэхэд тэр их мөнгөө зарцуулвал зүгээр байх гэж миний хувь мунхаглана.
Хаант Оросын тагнуул И.Я.Коростовец гэж хэн бэ?
Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар Хаант Оросын тагнуул И.Я.Коростовецийн талаар ийнхүү ярьсан байдаг. Тэрээр ярихдаа "Коростовец гэдэг хүнийх нь хувьд аваад үзвэл хөшөө босгох хэмжээний гавьяатан биш. Энэ хүний оролцоотойгоор Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн гэж ярих хүн байдаг. Түүхэн том дэвсгэр дээр аваад үзвэл өөр дүр зураг харагддаг. Оpосын Гадаад явдлын яамны сайд Сазанов Богд хаант Монгол Улсын Засгийн газаpтай хэлэлцээ хийх Хаант Оpосын бүpэн эpхт төлөөлөгч Коpостовецид 1912 оны наймдугааp саpын 23-нд илгээсэн зааваpтаа Хаант Оpосоос Монголд явуулах бодлогыг "Манай хязгааpтай хил дэpлэх энэ мужид цэpгийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эpмэлзэх явдал" хэмээн тодоpхойлсон байдаг. 1905, 1907 онд Японд алдсан эрх нөлөөгөө Орос улс эргүүлж авахын тулд улс төрийн эрх чөлөөгөө дөнгөж олоод байсан Монгол Улсыг өөрийн эдийн засаг, худалдаа, геополитикийг хамгаалсан ашиг сонирхлын бүс, түшиц газар болгохыг эрмэлзсэн.
Орос-Монголын Найрамдлын гэрээ гэгч байгуулагдсаны дараахан Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрх барих сайд Иван Яковлевич Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа "Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн" хэмээжээ. И.Я.Коростовец бол Оросын Цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон тагнуул байснаас Монгол Улсын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш. Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх гээд Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг манайд тулгасан хүн шүү дээ.
Да ламын авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж байсан хүн шүү дээ. Сайн ноён хан Т.Намнансүрэн "Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн" гэж Коростовецид хэлсэн байдаг. Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд "Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа үлдэнэ" хэмээн И.Я.Коростовецаас шаардсан байдаг. Да лам Цэрэнчимэд баруун хязгаарт явж байгаад учир битүүлгээр нас барсан, Чин ван Ханддорж, Бинт ван Гончигсүрэн нарыг Японтой холбоо тогтоох гээд явахад Хайлаараас буцаан авчирч амь нас нь эрсдэлд ороход Коростовецийн нөлөө орсон байх магадлалтай гэж үздэг. Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан "миний хамгийн том дайсан", "да ламын холбоотон" "өөдгүй муу амьтан" хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь нэн сэжигтэй. Монголын тусгаар тогтнолын төлөө санаа, зориг шулуудан Нийслэл хүрээнд ирээд байсан ах дүү Өвөр Монголын ноёд, халхын ноёдын хооронд яс хаяж тэднийг "Бээжингийн тагнуул" хэмээн цуу тарааж маш эвтэй байсан Засгийн газрын сайд ноёдыг хооронд нь эвдрэлцүүлж эхэлсэн явдал И.Я.Коростовецтой холбоотой.
Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрынхан өөр хоорондоо үл итгэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ "хятадын тагнуул", "өөдгүй новш", "увайгүй амьтан" хэмээх нэр хочийг зүүх болсон. Түүгээр зогсохгүй энэ гэрээгээр 1913 онд Бээжинд Орос, Дундад иргэн улс Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг Хятадад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны Хиагтын буюу гурван улсын гэрээгээр Монголыг оролцуулан "Автономит Монгол" хэмээх улсын статусыг хүчээр тулган хүлээлгэсэн. Богд хаан Хиагтын гэрээг "Шүлстэй нулимуур" гэж нэрлэсэн байдаг.
Гурван улсын гэрээ байгуулахаар явлаа гэсэн хүнд Богд хаан "Шүлстэй нулимуур аваад ирүүзэй" гэж захисан хэрэг шүү дээ. Социализмын үед үүнийг нь "Улс орны тусгаар тогтнол яригдаж байхад шүлсний нулимуур захьж байдаг дүүрчихсэн түвд ээ" гэсэн үзэл суртлын явуулга хүртэл явуулж байсан. Яг үнэнийг хэлэхэд Хиагтын гэрээ бол улс орноо бодсон ямар ч монгол хүнд шүлсний нулимуур байлаа. Хиагтын гэрээгээр 1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг мөхөж, өвөр монголчуудыг чөлөөлөх дайн амжилттай явагдаж байсан ч гэнэт Монголын цэрэг татагдах болсон, Монголд сууж байсан Өвөр Монголчуудыг хөөн гаргаж, олон Монголыг хэрчин хувааж, газар нутгийн хувьд үүрд хагацуулсан зэрэг гашуун үнэний эх суурь 1912 оны гэрээнээс хамааралтай. Коростовец Монголын түүхэнд ийм л мөр үлдээсэн хүн. Монгол Улсын 1911 оны Үндэсний эрх чөлөөний удирдагч Богд хаандаа хөшөө босгоогүй байж, Монгол үндэстэн угсаатныг Орос-Хятад хоёр их гүрэнд хуваан зууш болгосон хүнд, татвар төлөгчдийн өчнөөн олон сая төгрөгөөр хөшөөг нь босгоно гэдэг байж боломгүй үзэгдэл. Тэрний оронд Богд хаант Монгол Улсын анхны таван сайдын хөшөөг босгосон дээр биз дээ" хэмээсэн байдаг.
Н.Чинзориг
Зочин · 2014/01/03
ene soxor tuvd manjiin xaanii zarkligaar mongoliin xaan bolj irsen manj xyatadiin gar xol bsan ni margashgui unen,ene tuvd mongoliin toloo yu ch xiigeegui.soxor tuvdiin ued mongol ulsad surguuli tsetserleg delguur emneleg yor ni tusgaar ulsad bx yostoi yu ch bgaagui ooriin gesen mongon temdegtgui bsan yagaad suuliin yed wnw tuvdiig aldarshuulan magtaad bgaag oilgoxgui bna .1911 ond xyatadiin xuvisgal garch manj gedeg uls nuran unasan.odoo boloxoor bogd manjiin toriig unagaasan yum shig yum yariad bxiin. manaid tsoon toonii xeden manj bsaniig xyatadiin zasgiin gazariin xuselteer l nutag ruu ni butsaasan xereg shuu dee.manjiin tor unaxad ene soxor tuvd yamar ch xamaagui xarin ooroo manjiin xaanii toloonii xun bsan shuu deee
Tegshee · 2014/01/03
Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг ********ан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан ********ан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг ******лж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна.