Ханиад томууны улирал хэдийнэ эхэлж, үр хүүхдэддээ санаа зовнисон, тэднийгээ тэврээд эмчид үзүүлэх оочир дараалалд зогсож буй эцэг эхчүүдийн танил дүр зургийг өнөөдөр аль ч эмнэлгээс ороод харж болохоор байгаа. 

Эх хүүхдийн гэх тодотголтой ганц эмнэлэг,  гарын таван хуруунд тоологдох хүүхдийн эмчтэй дүүргийн хэдэн эмнэлэгт зөрөх зайгүй шахам эцэг эхчүүд өвчтэй хүүхдүүдээ эмчид үзүүлэхээр царайчилна. Ийм л дүр зургаар олон жил явж ирэв.

Ер нь л нярай болон тав хүртлэх насны хүүхдүүдийн дунд хот, хөдөө ялгаагүй амьсгалын замын томуу томуу төст өвчин их байдаг гэдгийг бүх хүн мэднэ. Хүйтний улиралд гаардаг энэ өвчлөлөөс ялангуяа утаатай, хортой нөхцөлд аж төрж буй монголчууд бид зайлхийж чадахгүй нь ойлгомжтой. 

Ерөнхий сайдаасаа эхлээд эрүүл мэндийн салбарын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд эмнэлгийн хүрэлцээ, үйлчилгээ муу байгааг хэдэн арван жил гайхан ярьж, шинэ эмнэлгүүдийн сураг дуулгадаг ч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадсангүй. 

Харин ч шийдэх нэрийдлээр их хэмжээний “мөнгө угаадаг” бүлэглэлүүд бий болж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Тухайлбал, Яармагт баригдаж эхэлсэн 300 ортой эх хүүхдийн эмнэлэг баригдаж эхлээд долоон жил болсон ч өнөөдрийг хүртэл үүдээ нээсэнгүй.

Эх хүүхдийн эмнэлэг барих нэрийдлээр улсаас 26 тэрбумыг “халаасалж” буй “Томо бюлдинг” ХХК хэнийх вэ?

Долоон жилийн өмнө Яармаг дахь эх, хүүхдийн эрүүл мэндийн  нэгдсэн төвийн барилгын ажлыг “Нийслэл-Өргөө” гэх компани сүр дуулиантайхан эхлүүлсэн ч “улсаас тендер нэрээр мөнгө идсэн” хэмээн буруутгагдаж удирдлагууд нь цагдаа, шүүхийн хаалга татсанаар уг ажил үндсэндээ зогссон байдаг. 

Ийнхүү царцсан барилгын тоонд орж багагүй хугацааг үдсэний эцэст өнгөрөгч хавар уг барилгын ажлыг концессийн гэрээгээр “Томо бюлдинг” гэх компани үргэлжлүүлэхээр болсон юм. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар   2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны  өдрийн хуралдаанаараа  “Томо бюлдинг” компанитай Яармагт баригдаж байгаа 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн барилгыг дуусгах, дэд бүтэц барих концессын гэрээг маш өндөр өртөгтэйгөөр байгуулах  шийдвэрийг гаргав. 



Эндээс хамгийн их анхаарал татаж буй нь гэрээ байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт даалгасны маргааш буюу 4-р сарын 13-ны өдөр гэрээ байгуулагдсан юм. Ингэж яаран сандран гэрээ байгуулсан нь Барих-шилжүүлэх төрлөөр концесс   байгуулах  эрх  нэг өдрийн дараа хуулиар хязгаарлагдах  болсонтой  холбоотой.   

Энэ тухай мэдээлэл олон нийтэд хомс хүрсэн. Учир нь уг барилгыг барьж дуусгахаар концессын гэрээ байгууллаа гэх Засгийн газрын  веб сайтад  байршсан мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг адилхан хуулж  нийтэлснээс  өөр дорвитой мэдээлэл нийгэмд очоогүй. Ямар компанитай, ямар мөнгөн дүнгээр, ямар агуулга зарчимтай гэрээ байгуулагдсаныг хэн ч сонирхсонгүй.

Гэтэл гэрээг байгуулах эрхийг Засгийн газраас  авах хүртэл олон хууль бус үйл ажиллагаа өрнөсөн байдаг нь дараах баримтуудаас тодорхой харагдана.

Тухайлбал, Үндэсний хөгжлийн газар төсөл шалгаруулалтыг  зохион байгуулахдаа хэрхэн хууль зөрчиж, нэг компанид давуу байдал олгосон тухай, төсөвт өртгийг олон тэрбумаар нэмэгдүүлсэн талаар  одоо энд өгүүлэе. 

Эмнэлгийн барилгыг концессоор барьж  дуусгах шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гаргасан байдаг. Гэхдээ ямар нэг шалтгаанаар гэрээ хийгдэхгүй явсаар УИХ-ын сонгуультай золгожээ.

Ингээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед тендерийн сонгон шалгаруулалтыг зарлахад “Моннис” групп уралдаант шалгаруулалтад хамгийн бага үнийн санал өгч, зургаан сарын хугацаанд барьж дуусгах боломжтойгоо илэрхийлсэн ч хамгийн өндөр үнийн санал өгсөн “Томо бюлдинг” компанийг шалгаруулж, төсөвт өртгийг хэдэн тэрбумаар өсгөж 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр гэрээ байгуулсан байдаг. 

Энгийнээр хэлбэл, 9 тэрбумаар концессийн гэрээ байгуулж, зургаан сарын дотор ашиглалтанд оруулъя гэсэн компани байсаар байтал үүнийг дахин нэг нугалж, үйл ажиллагаа нь тодорхойгүй дээрх компанитай гэрээ хийсэн нь эх хүүхдийн зовлонг далимдуулсан асар их ашиг сонирхол гэхээс өөр юу гэхэв. 

Нэг компанид зориулж тендер зарлажээ

Үндэсний  хөгжлийн газраас төсөл шалгаруулалтыг 2017 оны гуравдугаар сарын 31-нээс 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны хооронд аравхан хоногийн хугацаатай  зарлажээ.  Энэ бол Монгол Улс түүхэндээ анх удаа ийм богино хугацаанд төсөл шалгаруулалтыг явуулсан  тохиолдол болох байх. 

Уг нь  Концессийн  тухай хуульд тендерт зар тавигдсанаас хойш  2 сарын  хугацаанд  шалгаруулалтыг явуулахаар  зааж.  Төрөх эмнэлгийг барьж  дуусгах  төсөл  шалгаруулалтад санал ирүүлсэн   компаниуд  бүгд  “Тендерт санал болгож буй  үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгийг дансандаа  байршуулсан байна” гэх  шаардлага дээр унажээ.

Дээрх шаардлагыг хангахын тулд   дунджаар 4 орчим тэрбум төгрөг байршуулна гэсэн  үг. Компаниудад  10 хоногийн дотор  их хэмжээний мөнгө  байршуулах боломж хомс байсан нь ойлгомжтой. 

Харин  2015 онд  цөөн айлын орон сууцны ганцхан барилга барьсан “туршлагатай”, барилгын салбарынханд огтхон ч танигдаагүй нэгэн компани  гэнэт гарч ирсэн нь “Томо бюлдинг”. Барилгын салбарын зовлон жаргалыг биеэрээ туулж, олон жил энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ч ингэж л  “Томо бюлдинг”   гэх  том  компанийн тухай анх удаа сонсов. 

Тухайн үед тендерийн сонгон шалгаруулалтанд оролцсон “Хар Чонот” компани ижил төстэй барилга барьсан туршлагагүй, татварт өртэй зэрэг бүхий л талаараа сонгон шалгаруулалтын шаардлагад тэнцэхгүй компанийг шалгаруулсан хэмээн холбогдох байгууллагуудад гомдол гаргаж байсан аж.

 Эх хүүхдийн эмнэлгээ дахин нэхэхүй...

Угтаа 300 ортой эх хүүхдийн эмнэлэг зохих журмаараа явж, товлогдсон хугацаандаа ашиглалтанд орсон бол нийслэлийн эхчүүд, хүүхдүүдэд томоохон дэм болох байсныг эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө халаглан ярьдаг юм билээ. 

Харамсалтай нь удаа дараа тендер, концесс нэрийн дор эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд дөнгөлүүлж байгаа нь нууц биш.  Дээр дурьдсан баримтууд энэ асуудлын ердөө нэг л хэсэг.

Сонгууль болохоор хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэг барина гэж шоудна. Барихаар эхлүүлсэн эмнэлгээ мөнгө олох хэрэгслээ болгоод хувиргачихдаг монголын улс төрчид албан тушаалтнуудад хатуу үгийг хайр найргүй чулуудаж, тэднээс эх хүүхдийн эмнэлгээ, өөрсдийн эрүүл аюулгүй байх орчноо нэхэж, шаардаж тэмцэхгүй бол энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг хэн ч хэлж үл мэднэ.

 Жилийн жилд урь орохыг залбирч хүлээдэг ард олныхоо хэдэн хүүхдийг тэнгэрт “илгээж” байж эмнэлэг барьж өгөх юм бэ?

Нийтлэлийн дараагийн цувралд эх хүүхдийн эмнэлгийг мөнгө олох хэрэгсэлээ болгож буй  албан тушаалтнууд, сайдууд, эрх мэдэлтнүүдийн талаар баримттай мэдээллийг бид хүргэх болно.

Үргэлжлэл бий.....
Б.Орхон













www.zuv.mn