Э.Оюумаа: Суварга босгох гэж байгаа биш 108 хайрын захидал гэдэг нь намайг доромжилж байгаа хэрэг
2014/01/06
Нийтийн дуучдын дунд хослон дуулан гарч ирсэн цөөнгүй хосууд бий. Тэдний нэг нь МУГЖ Дуучин Ч.Бат-Эрдэнэ, дуучин Э.Оюумаа нар. Анхлан хамтран дуулж байсан ч сүүлдээ хайр сэтгэлийн холбоотой болж таван жил хамт амьдарсан гэдэг. Тэдний амьдрал хоёр тийш болсноос хойш дуучин бүсгүй өдгөө ганц бие яваа.
Харин сүүлийн үед дуучин Э.Оюумааг өнгөрсөн хугацаанд өөрт нь хайрлаж дурласан залуусын 108 захидлаар ном гаргах гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр шуугих болсон.
Тэгвэл энэ талаар түүнээс тодруулахад "Надад хайрлаж дурлаж байсан залуусын захидал гэж огт байхгүй, ном гаргах тухай бүр ч бодож байгаагүй. Би ийм зүйл хаана ч, хэзээ ч яриагүй. Тэгээд бас суварга босгох гэж байгаа юм шиг 108 хайрын захидлаар ном гаргана гэсэн нь намайг доромжилсон хэрэг хэмээн үзэж байна" хэмээн хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
Д.Ана