Манай улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 30 дахь жилтэйгээ золгоод байна. Тухайлбал, манай хоёр улс 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон.  АНУ Улаанбаатар хотноо ЭСЯ-аа 1988 онд, манай улс Вашингтон хотноо ЭСЯ-аа 1989 онд нээсэн түүхтэй.

Одоогоор АНУ-д жилдээ 10 мянга орчим монгол иргэн цагаачлалын бус визээр зорчдогоос давхардсан тоогоор оюутан 3000, жуулчлал болон бизнесийн зорилгоор 5000 гаруй иргэн зорчдог гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас гаргасан байдаг. Мөн манай улсын иргэд 3-10 жилийн хугацаатай олон удаа зорчих, АНУ-ын иргэд манайд  90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохирсон байдаг аж.

Тус улсад ойролцоогоор 25 мянга орчим монгол иргэн оршин суудаг гэсэн статистик байдаг байна. Мөн 20 гаруй нийгэмлэг холбоо, төв, клуб, хамтлаг, сургууль, худалдааны танхим зэрэг Монгол иргэдийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тус улстай манай улс боловсрол, батлан хамгаалах, худалдаа, эдийн засгийн зэрэг олон салбарт хамтран ажилладаг. Тэгвэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ зүйл нэмэгдсэн нь тус улсаас H-2А, H-2В буюу түр хугацаагаар болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог визээр энэ онд зорчих боломжтой улсын жагсаалтыг энэ сарын 18-нд гаргаж, манай улсыг багтаасан явдал байлаа. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулж АНУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр мэдээлэхдээ H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаардгийг танилцуулсан. Эдгээр виз мэдүүлэхийн өмнө АНУ дахь ажил олгогч шаардлагатай ажлын байрны талаар өргөдөл гаргаж, тухайн өргөдлийн дагуу тус жагсаалтад багтсан аль нэг улсаас ажилтан авдаг байна. Ингэхдээ тус улсын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ авах ёстой бөгөөд тэр  баримтад тул­гуурлан визний зөвшөө­рөл олгодог гэнэ. 
Н-2А виз нь ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй бол Н-2В виз нь хязгаарлалттай юм байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Конгрессоос хөдөө аж ахуйн бус, ажиллах хүч дутмаг салбарт жил бүр 66 мянган ажиллах хүчийг гадаадаас авахаар тогтоодог байна. Тэдгээр ажиллах хүчийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд хоёр тэнцүү хувааж, хагас жилд 33 мянгыг авах зарчмаар виз олгодог гэнэ. Энэ жилийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дуусчээ. Харин манай улсын иргэд Н-2В визээ ирэх гуравдугаар сарын 1-нээс хойш мэдүүлэх боломжтой гэдгийг мэдээлэл хийх үеэр тайлбарлалаа. 
Энэ үеэр манай улсад суугаа АНУ-ын Элчин сай­дын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг сэтгүүлч­дийн асуултад хариулт өгөв. 

-Энэ төрлийн виз мэдүүлж буй иргэдэд ямар шаардлага тавих вэ. Нас, хүйс гэх мэт харгалзан үзэх үү?
-Үгүй ээ. Хэдэн ч настай, ямар ч хүн явах боломжтой. Мөн хэлний төвшин хар­галзахгүй. 
-Цалин хөлсний хувьд хэдэн ам.доллар байх гэ­сэн тогтоосон зүйл бий юу?
-Албан ёсоор тогтоосон хэмжээ байхгүй. Энэ нь тухайн ажил олгогчоосоо хамаардаг. 
-Визний хугацаа нэг жил гэсэн. Сунгаж болох уу?
-Визний хугацаа нь нэг жилийн хүчинтэй. Гэхдээ хөдөлмөрийн сертификат, өргөдөл гаргагчаас хамаа­раад хугацаа нь өөр өөр байна. Өргөдлийг үндэслэн албан ёсоор, түр хугацаагаар ажиллах визийг гурав хүртэлх жилээр сунгах боломжтой юм.
-Энэ төрлийн визэнд орох улсын тоог жил бүр өөрчилж байдаг шүү дээ. Ямар тохиолдолд жагсаал­таас хасагддаг юм бэ?
-Түр хугацаагаар ажил­лах визийг хариуцлага­гүй ашигласан тохиолдолд тухайн улсыг хасдаг. Энэ жил гурван улс албан ёсоор хасагдсан. Эдгээр улс нь визээ ашиглаагүй, идэвхгүй байсан гэхэд болно.

Үндэсний шуудан сонин