БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш монгол хүн орохыг хориглож эхэлжээ.

Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болжээ.

БНСУ-ын үнэт дэлгүүрүүд дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь манай улсын иргэд лангуун дээрээс нь байнга хулгай хийж байгаатай холбоотой юм байна. сүүлийн жилүүдэд бнсу-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгайн гэмт хэрэг үйлдэж байна” гэх утга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэх болсон. Солонгосын цагдаагийн газраас монголчууд хэрхэн хулгай хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан. энэ талаар уншигч та бүхэнд тодорхой баримттайгаар хүргэхэд монгол иргэд ихэвчлэн бүлэглэж явдаг. ингээд үнэт эдлэлийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлдаг. Мөн цахилгаан барааны дэлгүүрээс ч дуртай бараагаа хулгайлаад гардаг. Тэд өөрсдийнхөө эд зүйлсийг авч байгаа мэт өөртөө итгэлтэйгээр хулгай хийдэг. Автомашины эд анги хулгайлдаг ч бүлэглэл байдаг. Мөн хотхоны хяналтын камерыг араас нь “тонших” аргаар ажиллагааг нь түр тасалдуулж, мотоцикль, машин зэргийг хулгайлдаг. Улсын дугаарын тоог өөрчилж, хотын төвөөр өөрийн эзэмшлийн эд хөрөнгө мэт унаж явдаг. хулгайлсан мотоциклио монгол руу ачуулдаг гэх мэт гэмт хэрэг хийж байна.

Түүнчлэн ажиллаж байгаа компанийнхаа багаж хэрэгсэл, бараа материалыг зарах гомдол ч тасрахгүй ирж байгаа гэдгийг онцлон ярьдаг юм байна. Хамгийн сүүлд гэхэд монголчууд Сөүл хотын Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж их хэмжээний хулгай хийн баригдсан байна. Тэд худалдагчийг өөр хүнд үйлчилж байх зуур лангуун дээр байсан дөрвөн сая 800-н мянган воноор үнэлэгдэх 16-н ширхэг, 14 каратын алтан бөгжийг бүлэглэн хулгайлсан байна. Энэ нь зөвхөн нэг удаагийнх нь үйлдлийн хэмжээ. Монголчуудын холбогдсон энэ мэт олон удаагийн гэмт хэргийн улмаас БНСУ тэр дундаа Сөүлийн алт, мөнгөний дэлгүүрүүд оны өмнөөс эхлэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд үнэт эдлэлийн дэлгүүртээ хоёроос дээш монголыг оруулахаа больсон байна. Хэн ч сонссон энэ нь аргаа барсан хүний үйлдэл гэдэг нь илт биз ээ.

ТЭД ХУДАЛДАГЧИЙН АНХААРЛЫГ САРНИУЛЖ БАЙГААД ДУРТАЙ ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ ХУЛГАЙЛААД ЯВДАГ ГЭНЭ

БНСУ-ын алт, мөнгөний хамгийн том зах Сөүл хотын “Чон ру сам га” гэх газарт байдаг. Тиймдээ ч үнэт эдлэл хулгайлдаг монголчуудын “өгөөш” болсон газар нь Сөүл хот юм. Хэдий үнэт эдлэлийн дэлгүүр бүр камертай байх боловч хулгай хийхээр төлөвлөсөн хүмүүсийн хувьд энэ нь тийм ч том асуудал биш аж. Тэд хар шил зүүн, малгай өмсөн зүсээ нуудаг байна. Шаардлагатай тохиолдолд камерыг ч далдалсан тохиолдол байдаг гэнэ. Тэдний нэг нь худалдан авалт хийх нэрийдлээр худалдагчийн анхаарлыг маш сайн татах үүрэгтэй. Хөгжингүй орны худалдагчид ёстой л хэрэглэгчийг хаан мэт дээдэлдэг. Тиймдээ ч манайхан шиг барааныхаа үнийг хэлсэн болоод цааш харан хов ярьдаггүй. Үйлчлүүлэгчдэдээ сонирхсон, таалагдсан барааг нь олж өгөхийн тулд хэрэндээ л мэрийдэг аж. Энэ байдлыг манай хулгайчид тун чиг овжин ашигладаг байна. Тиймдээ ч хоёроос дээш монголыг оруулахаас татгалзсан нь ойлгомжтой юм. Тэр бүү хэл дохиоллын систем нөлөөлөхгүй, хамгаалалттай цүнх хүртэл хэрэглэн удаа дараа гэмт хэрэг хийж байсан юм билээ.

Хэдий тэдний хулгай амжилттай боллоо ч камерын систем хамгийн сайн хөгжсөн тус оронд хулгайчдыг олохгүй байхын зовлон үгүй. Гэмт хэрэг хийчихээд хэдэн жилийн дараа эргэн БНСУ-д очсон ч таныг тэр дор нь л илрүүлчихнэ. Шинэ он гарсны дараахан монгол иргэнийг Инчоны нисэх онгоцны буудлаас нутаг буцаасан. Учир нь Монгол Улсын иргэн 29 настай А нь 2016 онд Солонгос улсад аялал жуулчлалын гурван сарын визээр зорчих үедээ Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ширхэг эд зүйлс хулгайлжээ. Тэрээр хоёр жилийн дараа тус улсад очсон ч гэмт хэрэг хийснийг нь тэр даруй олж тогтоон нутаг буцаасан байна. Үнэт эдлэл хулгайлаад цагдаад баригдсан монголчууд “Лангууны худалдагч эд зүйлсээ хулгайд алдах талаар ямарч ойлголт байдаггүй. Нэг хүнд сонирхож байгаа үнэт эдлэлийг нь гаргаж өгчихөөд дараагийн хүндээ үйлчилдэг. Бид сонирхож байгаа дүр эсгэж байгаад гарт баригдаж, нүдэнд таарсан үнэт эдлэлээ халаасандаа хийчихдэг. Ингээд л ямар нэгэн сэжиг авахуулалгүйгээр гараад явчихдаг юм. Худалдагчийн анхаарлыг нэг нь сарниулж байгаад л хулгай хийдэг” гэх утга бүхий мэдүүлэг өгдөг байна.

Ямартай ч “урт гарт” монголчуудынхаа ачаар Сөүл хотын алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт олноороо орох эрхгүй болжээ. Тэгвэл Монгол дахь хамгийн том алт, мөнгөн эдлэлийн зах гэж хэлж болохуйц “Мөнгөн завьяа”-д байдал ямар байгааг сурвалжиллаа. Цагаан сар дөхсөнтэй холбоотойгоор ээж, аав, ах дүү, амраг садандаа бэлэглэхээр үнэт эдлэл сонирхож яваа хүмүүс “Мөнгөн завьяа”-аар дүүрэн байна. Барагцаалбал хагас цагийн дотор 80 гаруй хүн лав ганган чамин үнэт эдлэлүүдээс сонирхож, худалдан авцгааж байлаа. “Баяр дөхсөн болохоор сайн хямдарч байгаа шүү” гэсээр худалдагчид тооны машинаа тачигнуулан бодох аж. “Мөнгөн завьяа”-гийн лангууг хоёр ч тойрлоо. Хулгай зэлгийтэй холбоотой хэрүүл маргаан ер сонсогдсонгүй. Гурван ч жилийн турш “Мөнгөн завьяа”-д үнэт эдлэл зарж буй худалдагчаас хулгайн гэмт хэрэг хэр их үйлдэгддэг талаар асуухад “Хулгайн гэмт хэрэг их л ховор сонсогддог. Би л лав гурав, дөрвөн жил энэ лангуунд сууж байна. Нэг ч удаа хулгайд өртөж байсангүй. Мэр сэр сонсогддог л юм. Камертай, дээрээс нь цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байдаг учир олдчихсон л байдаг” гэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮР ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛСЭЭ АЛДДАГГҮЙ

“Мөнгөн завьяа” алт, мөнгөн эдлэлийн худалдагчтай ярьж зогсохдоо “Хоёроос дээш монголыг Сөүлийнхэн үнэт эдлэлийн дэлгүүртэй оруулахаа больсон” тухай хэлэхэд тэд “Солонгосчууд бид нарыг бодвол том лангуутай байдаг. Манай Улсын их дэлгүүр шиг л гэсэн үг. Бас үзэж харах боломж нь ч нээлттэй юм билээ. Тиймээс худалдагчийн анхаарал сарних төдийд хулгайлчихдаг юм шиг байгаа юм.

Манайх нөхцөл байдлаасаа шалтгаалж ширээ шиг хэмжээтэй лангуу л ногддог. Тиймээс хараа хяналт ч сайн байдаг юм. Зарим тохиолдолд энэ хавиар эргэлдэж байдаг үл бүтэх этгээдүүдийг ирэх юм бол бүр ч сайтар бараагаа харна шүү дээ. Хулгай хийх гэдэг хэдэн нөхдөө ч бид андахгүй болсон. Ер нь бараагаа алдах эсэх нь худалдагчаас шууд хамаардаг гэж би боддог. Бараагаа мэддэг худалдагч юу, хаана байсан гэдгээ бүр нүдэлчихдэг. Ямар үйлчлүүлэгч үйлчлүүлж байгаагаас хамаарч хараа хяналтаа сайжруулах нь худалдагч хүний үүрэг” хэмээн хэлсэн юм. Манай үнэт эдлэлийн худалдагчид хэдэн хулгайчдаа бүр нүдэлчихсан байдаг бололтой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ ч сайн авдаг юм байна. Тиймдээ ч монголчуудын үнэт эдлэлийн хэрэгцээг хангадаг “Мөнгөн завьяа”-д хулгайн гэмт хэрэг өдрийн од шиг ховорхон гардаг болов уу.