Шинийн наймны билэгт сайн өдөр “АСА” циркт ном хурна
2014/01/07
Жил болгоны Шинийн наймны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурж, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэж, буян хураадаг уламжлалтай билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан улсын циркт 2-р сарын 07-ны 16.00 цагаас ном хурах нээ. Тус хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна. Эдгээр номуудыг хурснаар нас, буян, заяа, хийморь дэлгэрч, барцад саад амирладаг аж. Тус номын уншлагыг “Нандин үндэс” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг бөгөөд номын буянд даган баяссан сүсэгтэн олонд тусгайлан бэлдсэн заслын рашаан, утлага, даллага авах арвай будаа хүртээдэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 91182341 авах боломжтой бөгөөд ном хурахтай холбогдолтой ярилцлагуудаас толилуулж байна.
Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын ярилцлагаас...
Цагаан сарыг би нийтийг хамарсан бас төр, шашин хоёулангийн баяр юм даа гэж үздэг. Хөгшид хүүхэдгүй ард нийтээрээ билэг дэмбэрэл оршоон сайн үг хэлэлцэн сайхан баярладаг шүү дээ. Бас энэ баярын онцлог нь бүгдээрээ бие биетэйгээ уулзаж золгон төрсөн тэлснээ мэдэлцэх, ахуй амьдрал, ажил байдлаа мэдэн сайн яваагаа бахархан дууриал болгодогт байдаг гэж боддог.
Нөгөө талаар билэг дэмбэрэлийн баяр байгаа юм. Ямар байлаа ч гэсэн жилийн эхний өдөр билэг дэмбэрэлтэйгээ хэлэлцэж хамгийн сайхнаар өнгөрөөдөг.
Монголчуудад муу зүйлийг сайнаар тайлах гэж нэг үг бий. Ийм л ёс. Суурийг нь зөв сайхан тавибал бат бөх сайхан байшин барьж болдогтой адил аливаа нэгэн ажлын эхийг сайн хийх нь өгсч өөдлөхийн үндэс болдог шүү дээ. Түүнтэй ижилхэн жилийн эхний өдөр хоногуудыг их буяны үйлээр өнгөрөөж, буяны зүгийн ажлаар эхлүүлэхийг л хамгийн гол гэж үздэг.
Бие, хөл хоёр сэтгэлийн зарц байдаг эд. Тийм учраас сэтгэл сайхан байхул бие, хөл сайхан байдаг учиртай. Бие, хэл, сэтгэл сайн сайхан байж буян эаяа тогтдог.
Дашчойлин хийдийн даамал лам Н.Батсайханы ярилцлагаас...
Шинийн 15-ны дотор хурал ном даган баясч байвал хийсэн буян нь хэдэн түм дахин арвиждаг гэсэн бэлгэдэлтэй байдаг. Тийм учраас нийт хүмүүс шинийн 15-ндаа багтаад буян номоо хийлгээд, маанийн ерөөлөө авахуулаад, засал гүрмээ хийлгэчих юм бол ирэх жилийн өнгө нь их сайхан байдаг юм. Ямар ч хүн заслаа хийлгэсний дараа сэтгэл санаа амгалан тайван болоод сайхан болчихдог юм. Ингэснээр ажил үйлс бүтэмжтэй, нялхас балчир өвчин эмгэггүй, өтгөс буурлууд өндөр насалдаг юм. Олуулаа хурж хийсэн номын хүч эгнэшгүй байдаг юм шүү дээ.