Монголчуудын амьдрал тааруу байгаа гэдэг. Харин тэгсэн хэрнээ Дэлхийд танигдсан брэнд дэлгүүрүүд салбараа нээгээд байгаа тун хачирхалтай.

Тэдгээр дэлгүүрүүдээс худалдаж авах хүн байдаг болов уу хэмээн асуух олон жирийн иргэд байдаг. Харин үүний хариуг дэлгүүрийн эрхэм эзэд Улаанбаатарын  хэсэг иргэдийн худалдан авах чадвар өндөр байгаатай холбоотой хэмээн тайлбарладаг юм.

Тэгвэл шинэ он гараад Германы алдартай "Montblanc" компани монголчуудад зориулан "Чингис хаан" нэртэй гоёмсог, чамин үзгийг 35 ширхэг үйлдвэрлэсэнээ борлуулж эхэлжээ. Үүнээс 10-хан ширхэг нь Монголд ирсэн гэнэ.

Монгол цагаан толгойн үсгийг бэлгэдэж ийнхүү 35 ширхэг бүтээсэн гэх бөгөөд 180 сая төгрөгийн үнэтэй. Цөөнх үйлдвэрлэгдсэн энэ үзгийг манай баян бизнесменүүд, УИХ-ын гишүүд ихэд сонирхож байгаа сурагтай. Тэдгээр эрхэмүүдийн дунд өмнө нь  Уллис Нардины асар үнэтэй цаг худалдан авч, шуугиулж байсан УИХ-ын нэгэн залуу гишүүн байгаа гэх мэдээлэл ч байна. “Чингис хаан” нэртэй энэ үзэг нь толгой, их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй. 950 сорьцтой цагаан алтан оруулга нь монгол эмээл, зэр зэвсгийг илэрхийлжээ.  Мөн үзэгний ар хэсгийн билэгдэл нь монгол сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмазаар шигтгэсэн аж.

Харин үзэгний хошуу нь 750 кратын цэвэр алтан, талын бүргэдийг дүрсэлсэн сийлбэртэй юм байна. Тэгвэл таг нь монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг билэгджээ. Хамгийн гол нь Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгасан байх юм. Дээд зиндааны машин аваад унах эсвэл гурван өрөө тансаг байртай болох мөнгөтэй тэнцэх энэ үзэг манай баячуудын сонирхлыг ихэд татахын зэрэгцээ бас шүүмжлэл ч дагуулж эхэллээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай эзэн Чингисийн нэрийг хаа, хамаагүй хэрэглэх нь зохисгүй хэмээж, төр хамгаалалтдаа авна хэмээж байсан. Гэтэл үүнийгээ ажил болгож амжаагүй байхад нь монголчууд байтугай гадныхан энэ нэрээр ашиг олсоор байна. Зөвхөн үзэгний зах зээлд гэхэд “Montblanc”-аас гадна “Лабан” фирм мөн “Чингис хаан” нэртэй энгийн хийцтэй, дундаж давхаргын хүмүүст зориулсан үзэг худалдаанд гаргасан байх юм. “Ebay” интернет худалдааны сайтаар ийм үзэг 152 доллар буюу 260 мянган төгрөгөөр зарагдаж байна. Гадныхан ийнхүү Чингис хааны нэрийг монголчуудад нь худалдаж байгаа нь харамсалтай, бас эмгэнэлтэй.

Х.Даваа

 photo vzeg3_zps65b9d2d5.jpg  photo vzeg_zpsf8b32887.jpg  photo vzeg2_zps7d106efe.jpg