Мисс Х.Бадамгэрэл ирэх жил "даагаа нэхнэ" гэдгээ мэдэгдлээ
2014/01/10
"Гоёл-2014" наадмын тайзнаа бардамхан алхаж топ моделийн төлөө өрсөлдөж байсан загвар өмсөгч бол мисс Х.Бадамгэрэл. Гэвч олны нүдэнд ил болсон бүсгүйчүүдээс биш битүүхэн явсан загвар өмсөгч С.Ариунбилэг болсноор олон бүсгүйчүүд нам гүмхэн байх болсон.
Тэдний нэг нь үе үеийн топ моделиудын "шийрийг хатаах" сайн загвар өмсөгч хэмээн өөрийгөө үнэлж явсан мисс Х.Бадамгэрэл. Тэрбээр “Би энэ удаагийн наадамд топ модель болж чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Ер нь энэ өргөмжлөлийг авах цаг нь ч болсон” хэмээн ярилцлага өгч, топын дайтай чадварлаг модель гэдгээ илэрхийлээд авсан удаатай.
Тэгвэл уг наадмын шилдгүүдэд шагналыг нь гардуулах үеэр мисс Х.Бадамгэрэл моделиудын дунд харагдаагүй бөгөөд энэ тухайгаа саяхан илэн далангүй ярьсан бололтой. Өнгөрсөн намар нярайлж хөөрхөн хүүтэй болсон мисс бүсгүй бие галбиртаа ихэд анхаарч, “Гоёл-2014” наадамд оролцох бэлтгэлээ эртнээс хангасан талаараа ний нуугүй ярихдаа “Миний ур чадвар төдийгүй бие галбир энэ наадамд оролцоход хэнээс ч дутахааргүй байсан. Даанч яг шагнал гардуулахын өмнөхөн би топ модель өргөмжлөлийг өөр хүн авах гэж байгааг мэдээд бухимдсандаа гараад явчихсан” хэмээжээ.
Мисс бүсгүй ирэх жилийн наадамд илүү сайн оролцож “даагаа нэхэх” бодолтой яваа гэнэ шүү. Түүний энэхүү хүслийг нь дуучин Becky буюу түүний нөхөр нь ихэд дэмжиж байгаа аж.
Д.Ана