Р.Нямбаяр & С.Сэрчмаа: Телевизээр бус онлайнаар хүмүүсийн сонирхлыг татаж байгаа нэвтрүүлэг бол “NB & Sally”
2014/01/12
Сүүлийн үед телевизийн олон сувгаар гарч буй элдэв янзын шоу нэвтрүүлгийн өнгө аяс хэвшмэл загварт баригдаж, улиг болсон асуултаар дүүрэн өрнөх болсон нь нууц биш. Тэгвэл саяхнаас энэ бүхнийг эвдэж, өөрийн гэсэн шинэлэг өнгө төрхийг үзэгч олондоо хүргэж эхэлсэн “NB & Sally” шоу нэвтрүүлэг цахим ертөнцөөр аялж буй хэн бүхний талархлыг хүлээх боллоо. Салбар салбарын шилдгүүд, олны танил эрхмүүд, авьяаслаг уран бүтээлчид, рок попын оддоос өгсүүлээд оюун мэдлэг, авьяас чадвараараа өөрийн орон зайд манлайлж яваа эгэл хүмүүс ч энэхүү нэвтрүүлгийн зочноор уригдах нь бий. Ингээд уг нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяр, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нартай уулзаж ярилцсанаа толилуулъя.
-Цахим ертөнцөөр дамжуулан үзэгчдийн хүртээл болгож буй шоу нэвтрүүлэг тань үнэхээр сонин шийдэл, өвөрмөц өнгө аясыг мэдрүүлж эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь, та хоёрыг хамтдаа нэвтрүүлэг хөтөлнө гэж хэн ч санаагүй байх?
Р.Н: -Шоу нэвтрүүлгийн хувьд урьсан зочноо хэрхэн нээлттэй байлгаж, сонирхолтой асуулт хариултаар үзэгчдийг байлдан дагуулах нь хөтлөгчийн ур чадвараас ихээхэн шалтгаалдаг. Харин бид иймэрхүү хэв маягаас татгалзаж, өөрийн гэсэн онцлог өнгө аястай байлгахыг зорьж байгаа. Манай нэвтрүүлэгт ямар нэгэн хөтлөгч байхгүй. Өөрөөр хэлбэл, уригдсан зочин маань Сэлли бид хоёртой харилцан ярилцаж, сайхан “буу халах” маягаар нэвтрүүлэг үргэлжилнэ гэсэн үг. Тэр бүхнээс үзэгчид маань бид гурвын юу бодож, ямар зүйлийн төлөө зорьж тэмүүлдэг болохыг мэдрэх байх. Энэ их утаа, замын түгжрэл, өдөр бүр шахуу сонсогддог таагүй мэдээлэл дунд энгийн сайхан гурван найзын гэгээлэг яриагаар хүмүүст эерэг мэдрэмж төрүүлэхийг хичээж байна. Ярилцлагаа ч арай өөр төрлөөр буюу хэн бүхэнд ойр санагдах “буу халах” байдлаар өрнүүлж байгаа. Нэвтрүүлгийнхээ өнгө аяс, өвөрмөц шийдлийн дагуу би Сэллид санал тавьсан. Хувь хүнийхээ талаас аливаад мэдрэмжтэй, алиа хошин зантай гэдгийг нь аль эрт мэдэрсэн л дээ. Найз нөхөд, танил хүмүүс маань хүртэл “Сэрчмааг ингэж хөтөлнө гэж бодоогүй шүү. Цаадах чинь их мэдрэмжтэй юм билээ” гээд л хэлж байна. Би өөрөө их мэдрэмжтэй болохоор Сэлли маань надтай хосолж байгаа нь тэр.(инээв)
-Уран бүтээлч хүний хувьд, хэвлэлийнхэнтэй үргэлж шахам холбогддог учраас ярилцлага өгөхөд түүртэх асуудалгүй биз. Харин өөрөө бусдад асуулт тавьж, нэвтрүүлэг хөтөлнө гэдэгт хэр зэрэг итгэлтэй байв?
С.С: -НБА маань анх надад санал тавьж “NB & Sally” нэртэй нэвтрүүлэг хийе гэхэд их сонирхолтой санагдсан л даа. Дуу дуулахаас гадна нэвтрүүлэг хөтөлнө гэдэг тун сонин. Гэхдээ би энд заавал хөтлөгчийн авьяасаа бусдад харуулах гэж зориогүй юм шүү. Угаасаа хүмүүс намайг дуучин гэдгээр минь илүү сайн мэдэж байгаа. Харин миний хувьд эмэгтэйчүүдээ төлөөлж энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бол, НБА маань эрэгтэйчүүдийн төлөөлөл болж яваа. Магадгүй, уригдсан зочин маань ард түмний төлөөлөл байж болно шүү дээ. Ингээд урьсан зочинтойгоо хамтран өнөөгийн охид залуусын сонирхож буй бүхий л сэдвээр ярилцаж байгаа нь их зөв шийдэл гэж бодож байна. Зөвхөн инээд хөөр бус нийгмийн олон талын асуудал, залуусын хүсэл мөрөөдлийн тухай маш гоё “буу халах” үедээ өөрсдийн бодол санааг ч энд шигтгээ болгон оруулж өгье гэсэн зорилгоор нэвтрүүлгээ хийж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн ч, цөөнгүй хэдэн дугаараа үзэгч олондоо хүргэж амжсан. Манай найз нөхөд, ойр дотны хүмүүс, ялангуяа уран бүтээлчид маань надад маш их баяр хүргэсэн. “Энэ нэвтрүүлэг чинь их хөөрхөн болж байна” гэж. “NB & Sally” бол интернэт ертөнц дэх хамгийн анхны нэвтрүүлэг болж байгаагаараа маш гоё онцлогтой юм л даа.
-Урьсан зочинтойгоо олон талын сэдвээр ярилцахаас гадна тухайн үед анхаарал татаж буй элдэв мэдээлэлд хариу тайлбар авч байгаа нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах болж?
С.С: -Хамгийн гол нь, нэвтрүүлгийн маань уриа бол маш гоё чөлөөтэй байх. Би ч гэсэн өөрт тохиолдсон асуудлуудаа бусдад дэлгэж яагаад болохгүй гэж... Хүн болгон л ямар нэгэн нэвтрүүлэгт оролцохоороо хөтлөгчийн өмнө биеэ барьж, ухаантай царайлах гэж чухал дүр эсгэн, албаны үг хэллэг хэрэглэх гээд байдаг биз дээ. Харин манай нэвтрүүлэгт зүгээр л сайхан найз нөхөдтэйгээ уулзан, халуун дотно яриа өрнүүлэх байдлаар оролцож болно. Яг ийм нэвтрүүлэг залууст маань дутагдаж байсан юм болов уу гэж би боддог. Энэ бодлыг маань мэдсэн юм шиг манай НБА санал тавьж, сэтгэл дотор байсан зүйлийг минь аягүй гоё “түлхүүрдэж” гаргасан болохоор надад их гоё санагдсан.
-Урьд нь “Үнэн үү”, “Фэйсбүүкийн эрхмүүд” зэрэг цөөнгүй хэдэн ток шоуг хөтөлж байсан авьяаслаг залуу маань энэ удаад дуучин Сэрчмаатай хамтарлаа. Эмэгтэй хүний дотоод мэдрэмж, өвөрмөц сэтгэлгээ илүү мэдрэгдэж байгаа болов уу?
Р.Н: -“Freezone” хамтлагийнхан “Миний нулимсыг салхи л арчина” дуугаа шинэчилж дуулахаар болоход нь би тэдэнд Сэллитэй хамт дуулаач гэсэн санал тавьсан юм. Тэгээд дуугаа бичүүлэх үед нь Сэллитэй студид таарч хэд гурван үг солиод өнгөрсөн. Өмнө нь түүнтэй хамт нэвтрүүлгээ хөтлөх талаар бодож байсан болохоор Сэллитэй уулзаад шууд л “За, болох юм байна” гэж шийдсэн дээ. Урлагийн салбарт багаасаа хөл тавьж, өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон хүний хувьд тэр хэнтэй ч сайхан харилцаж чаддаг. Миний хувьд, зүгээр нэг жаахан охин авчраад хань болгож, сайхан яриулж болно. Гэхдээ тэр хэзээ ч Сэлли шиг мэдэрч, ярьж чадахгүй л байхгүй юу.
-Зочдын тухайд хэрхэн сонголтоо хийж байна вэ?
Р.Н: -Заавал олны танил гэхгүйгээр салбар салбарын янз бүрийн хүмүүсийг урьж чөлөөтэй, сайхан яриа өрнүүлэх нь чухал. Түүнийг маань хүмүүс үзээд гоё энерги авч, ямар нэгэн зүйлийг мэдэрч чадвал нэвтрүүлгийн минь зорилго тэр.
-Сүүлийн үед олны анхаарал татаж байгаа цөөн хэдэн шоу нэвтрүүлэгт үзэгчид инээдтэй ч гэмээр хоч өгчихсөн. “Хөтлөгч нь уйлаад байвал “Одноогийн шоу”, зочин нь уйлаад байвал “Монгол тулгатны зуун эрхэм”, хоёулаа уйлаад байвал “Нандиагийн шоу” гэх мэтээр... Харин танай шоуг хэрхэх бол?
Р.Н: -Тэгвэл гурвуулаа тачигнатал инээгээд байвал “NB & Sally” байхгүй юу.(инээв) Гэхдээ би үүнийгээ нэвтрүүлэг гэж ерөөсөө нэрлэхгүй байгаа. Хийж байгаа зүйл маань гэж яриад байгаа минь ч их учиртай. Хөнгөн, хөгжөөнтэй сайхан ярилцлагаа цахим ертөнцөөр дамжуулан хүмүүст хүргэж байгаа маань хамгийн чухал ажил.
-Яагаад телевизийн нэвтрүүлэг болгож гаргахгүй байгаа юм бэ?
Р.Н: -Одоо ер нь телевиз үздэг хүн байдаг юмуу. Юнивишнээр хүссэн кино, нэвтрүүлгээ ухраагаад үзчихэж байгаа юм чинь ихэнх хүмүүс онлайн ертөнцөд л байна шүү дээ. Түүнээс гадна бид хоёрт ямар нэгэн телевизийн суваг байхгүй. Хоёрдугаарт гэвэл, хэн нэгний хараат бус хүссэнээ яриад суух эрх чөлөөг Facebook, Youtube олгож байгаа учраас энэ ажлаа хийхэд амар байна.
-Цаашид зорьж байгаа зүйл тань юу вэ. Энэ ажлаа хэр удаан хугацаанд үргэлжлүүлэх бол..?
Р.Н: -Өө, энэ ажлаа бид хоёр цаашид улам хөгжүүлнэ. Монголд анх удаа амьд шоуг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Тухайлбал, би өөрийнхөө албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нэвтрүүлгийн зочноор хэн уригдсан болохыг танилцуулж, уулзах үедээ юуны талаар ярилцах болон үзэгчид ямар зүйлийн тухай асуух гэж байгааг мэдэх боломжтой юм. Үзэгчид маань нэвтрүүлгийн үеэр дуртай зүйлээ биднээс асууж, харилцан ярилцах боломжтой амьд шоуг хийх гэж байгаа. Нэвтрүүлгийнхээ нээлтийн арга хэмжээнд зориулан тун удахгүй найз нөхөд, уран бүтээлчидтэйгээ цуг оройн хоол идэж, бяцхан party маягийн зүйл хийнэ.
-Таны хувьд, нэвтрүүлгийн ажлаас өөр хийж байгаа зүйл бий юу?
Р.Н: -Юу ч байхгүй, юу ч хийхгүй байгаа. Энэ бол миний сонирхол л доо. Би 2006 онд “Үнэн үү” ток шоугаа хийж, бүтэн сайн өдрийн орой гаргадаг байсан. Нэвтрүүлэг маань гарсны дараа буюу маргааш нь миний утсанд “Тэнэг хар”, “Бүдүүлэг” гэсэн элдэв утгатай таагүй мессеж 100, бараг 200 удаа ирдэг байсан даа. Тэглээ гээд би шантраагүй ээ. Үүнийг ёстой л жинхэнэ хэсэг бүлэг хүмүүст зориулж хийдэг байсан юм чинь. Харин одоо бол энэ нэвтрүүлгээ үзэгч түмэндээ зориулан хийж байгаа. Энд ямар нэгэн сенсааци, элдэв зүйл байхгүй. Магадгүй, би цаашид 60 юмуу 70 нас хүрээд “2006 онд сэтгүүлзүйн ийм төрлөөр ингэж ажиллаж байсан. 2013-2014 онд бас сэтгүүлзүйн ийм төрлүүдээр юм хийж байсан юм байна” гэж өөртөө сэтгэл хангалуун амьдрахын тулд л дуртай зүйлээ хийж байгаа минь энэ.
-Тэгвэл дуучин Сэрчмаагийн хувьд, уран бүтээлийн сонин сайхан юутай байгаа вэ?
С.С: -Ер нь уран бүтээлээ хийгээд хоёр ч цомгийн дуунууд маань бэлэн болчихоод байгаа. Зарим хүмүүсээс бүр “Тоглолтоо хийхгүй удлаа. Ойрын хугацаанд тоглолт хийгээч” гэсэн санал ирж байна. Гоё шийдэлтэй, үнэхээр л Сэрчмаагийн тоглолтыг үзье гэсэн хүмүүст зориулсан тоглолт хиймээр байна. Түүнээс биш, анх гарч ирж байгаа дуучид шиг тасалбараа хямдхан үнэлж, аль болох олон хүн цуглуулах гэж яарахгүй ээ. Тэр өдөр зөвхөн Сэрчмаагийнх байх болно.
-Ярилцсанд баярлалаа. Тун удахгүй өвөрмөц содон, сонирхолтой бүхнээр дүүрэн хөгжөөнт нэвтрүүлгийн тань шинэхэн дугаараар эргэн уулзъя.
Онлайн ертөнцөд анхлан цахиур хагалж буй “NB & Sally” хөгжөөнт ток шоу нэвтрүүлгээрээ үзэгч олны талархлыг хүлээж яваа авьяаслаг басхүү хөдөлмөрч залуустаа нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье. Хэн бүхэнд мэдлэг мэдээлэл болохуйц гэрэл гэгээтэй сайхан ярилцлагаар нэвтрүүлгээ хөглөж, үзэгч түмэндээ эерэг энерги цацрааж байгаа “NB & Sally”-д урам хайрлаж, амжилт хүсэх хүн олон байгаа биз ээ. Ингээд уншигч та бүхэндээ энэхүү хөгжөөнт ток шоуны сонирхолтой гурван дугаарыг хүргэж байна. Мисс Д.Ариунцэцэг, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, Азийн топ модель Т.Туяамаа нарын сонирхолтой ярилцлагыг эндээс үзнэ үү.
Ярилцсан Р.МӨНГӨН
nara · 2014/01/18
ariuntsetseg ih hoorhon saihan busgui humuusee ta nar bitgii huniig sain medehgui baij muulj bgaarai ene nevtruleg ih ***jiltoi dajgui shuu
Зочин · 2014/01/13
cfv