“Алтайгаа аврах хөдөлгөөн” ТББ–аас Говь-Алтай аймгийн алт, төмөр, зэсийн томоохон ордуудыг булаан авахаар санаархан эрх баригчид Ард түмний Хаан сонголтыг улс төрийн тоглоом болгож байгааг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлээ.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгуультай холбоотой нэгэн мэдэгдлийг  “Алтайгаа аврах хөдөлгөөн” ТББ-аас хийжээ. Тэд эрх баригчид ямар ч хамаагүй үнээр дахин сонгуульд ялалт байгуулахыг санаархаж байгаа нь газрын доорх баялагт шунасных гэж үзэж байна.

Учир нь тус аймагт ихээхэн алтны нөөц бүхий  “Талын мэлтэс”, алтны “Хатан суудал” гэсэн хоёр ч томоохон орд байдаг аж. Тэдгээр ордыг  ашиглаж, эзэмшихийн тулд эрх баригчид тус аймагт дахин сонгууль явуулж, эрх мэдлийг гартаа авахаар санаархаж байгаа тухай дээрх ТББ-ынхан мэдэгджээ.

Дээрх хоёр орд нь Говийн Их Дархан цаазат газарт байдаг учраас өнөө хэр үүцээ нээгээгүй хадгалагдаж үлджээ. Харамсалтай нь АН-ынхан хэдэн жилийн өмнөөс дээрх ордуудад санаархаж, ордууд байдаг газрыг дархан цаазат газрын харьяаллаас гаргах асуудлыг удаа дараа ярьж, аймгийн удирдлагуудад шаардаж ирсэн байна. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газрын бодлого ч энэ чиглэлийг барьж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй албан бичиг хүртэл аймгийн удирдлагад очжээ.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн албан бичгийн утга нь “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэсэн хоёр орд орших газар нутгийг тусгай хамгааллын бүсээс гаргах тухай юм. Аймгийн удирдлагууд уг даалгаварыг биелүүлээгүй тул орон нутгийн сонгуулийг хүчээр дахин явуулах, улмаар орон нутагт АН-ыг ялуулан хүслээ биелүүлэхээр улайрч байна.

Ингэж ЗГХЭГ-ын дарга нь хүртэл идэвхийлэн хөөцөлдөж байгаа нь АН-ынхан Говь-Алтайн баялагт  шунаж байгаагийн тодорхой баримт гэж тус ТББ-ынхан, ард иргэд үзэж байгаа аж. Тиймээс Алтайчуудыг сонголтоо зөв хийж, Алтай сайхан нутгаа хамгаалж үлдэхийн төлөө нэгдэн 1-р сарын 19-ний өдрийг АЛТАЙГАА АВРАХ ӨДӨР болгон эрх баригчдын увайгүй үйлдлийг хазаарлахыг уриалсан байна.

Х.Даваа