Орчлонд дуу хадаан мэндэлсэн тэр цагаахан ертөнцийн хувь хүн болох суурийг эцэг эхээс гадна цэцэрлэгийн багш анхлан тавьдаг билээ.

“Маамуу нааш ир. Манайд хоёулаа тоглоё”, “1,2,3...”, гээд хүн болох суурь нь ч багш хүний ухаан байдаг даа. Багш бүхэн өөрийн арга барилтай. Тэд хүүхдийн сэтгэхүй, насны онцлогт нь тааруулж эвийг нь эвтэйхэн олчихдог “зальтай” улс. Тиймээс ч бидний жаахан үрс багшийн өмнө томоождог зантай. Тэдний хувьд багш гэдэг халдаж боломгүй мөртлөө хамгийн хүндтэй итгэл нь билээ. Эрдмийн хаалгыг нээж, сургуульд ороод 10 жилийн турш ардын багшийн сургаалиар хүмүүжиж, эрдэм мэдлэгээр нь ирээдүйн замаа гэрэлтүүлэх түлхүүрээ тааруулаад явдаг. Тэгэхээр багш хүний үүрэг их. Үүнийгээ дагаад хүндлэл ч тэднийх. Энэ хүндлэлийг даах ухамсар, ёс зүй ч тэдэнд байдаг гэдэгт Монголын мянга, мянган сурагч, тэдний эцэг эх итгэдэг билээ.

БАГШ НАРЫН ЖАГСААЛ ҮР ДҮН АВЧИРСАНГҮЙ


Тэгвэл бидний итгэлт багш нар өнгөрсөн оноос цалингаа нэмүүлэхээр тэмцэл өрнүүлээд буй. 2017 онд өмнө нь боловсролын салбарт болж байгаагүй хамгийн том жагсаалыг зохион байгуулж, дуу хоолойгоо нэгтгэж чадсан юм.

“Цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны зохицуулагч Н.Мөнхтуяа “Би боловсролын салбарт 20 жил ажилласан мөртлөө багш гэдэг сайхан нэрийг авснаас өөр гавьсан зүйлгүй. Эхлээд бага цалин авдаг ч багш хэмээн хүндлүүлдэг байсан учир өр зээл болон авдаг, цалингийнхаа хэмжээг хүмүүст хэлэхээс ичдэг байлаа. Цалин нэмэгдэнэ гэж найдсаар 20 жил тэссэн” гэж байсан юм. Түүнтэй адил олон багш энэ үеэр үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж байв.

Тэгвэл энэ жагсаал ямар үр дүн авчрав. Өнөөдрийг хүртэл багш нарын цалин хэвэндээ байна. Шинэ багшийн цалин 300 мянга. Тэгвэл багш нар дахин Засгийн газарт шаардлага хүргүүлж, энэ сарын 30-ны дотор шийдвэрт хүрэхгүй бол тавдугаар сарын 1-нээс ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

Багш нарын төлөөлөл Б.Б.атчимэг “Бид өнгөрсөн жил жагсаал зохион байгуулж, ажил хаясан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулж дахин шаардлага хүргүүлж байна. Хэрэв тодорхой шийдвэрт хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв. Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан “Шинэ хичээлийн жил эхлэхэд “багш нарын цалинг нэмэхгүй бол 2018-2019 оны хичээлийг эхлэхгүй байх магадлалтай” гэсэн юм.

ТЭМЦЛИЙН ЗОЛИОС НЬ СУРАГЧИД БАЙХ УЧИРГҮЙ


Энэ жилийн элсэлтийн шалгалтын тов зарлагдсан. Зургадугаар сарын 16-20-ны хооронд хүүхдүүд шалгалтаа өгнө. Энэ цаг бол сурагч болон багшийн хувьд хамгийн хариуцлагатай үе билээ. 10 жилийн турш зааж, сургаж, мэдлэгээ зориулсан шавь нь амьдралын хамгийн том алхмаа хийнэ гэсэн үг. Тэдний шалгалтын хариугаар тухайн багшийн хөдөлмөр үнэлэгдэх билээ. Гэтэл багш нар нь ажил хаях гээд байдаг. Тэмцлийн золиос хүүхдүүд байх учиргүй. Шалгалт дөхсөн энэ үед багш нар үүргээ ухамсарлах цаг болжээ. Багш хүн сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч байдаг. Тэд сургууль төгсөөд багшлах эрхтэй болсноор “Багш хүний ариун алдар хүнд ёс зүйг дээдлэн шавь нараа эрдэм боловсрол төгс мэргэжилтэн болгох үйлсэд бие сэтгэлийн хүчээ харамгүй зориулж сургуулийнхаа эрхэм зорилгод үнэнчээр зүтгэхээ батлан тангараглая” гэсэн тангараг өргөдөг. Тэгвэл энэ тангарагтаа үнэнч байж одоо л бяцхан шавь нарынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх мөч билээ. Энэ жил 45 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгнө. Тэдний ирээдүй эрдэмтэн багш нарын гарт байна.

Зууны мэдээ
Ч.Гантулга