Байтаг богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: “Байтаг богд” кинонд Төгөлдөр хүү маань өвөөгийнхөө түүхэн дүрийг бүтээсэн
2018/04/26
Өвөр эгнээнд зүүн гар талаас Гончигзэгвэ, Хаянхирваа, зохиолч Ц.Уламбаяр охин У.Амарсайханы хамт, түрүүч Д.Чойжин. Арын эгнээнд хилчин Пэлжээ болон бусад шагнагдагсад. 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн баярын үеэр. Улаанбаатар хот
Байтаг Богдын тулааны арван хилчин баатрын нэг Доржийн Чойжингийн охин Оюунгэрэлтэй уулзаж хөөрөлдөв.
-Аав тань цэргээс халагдсаныхаа дараа ямар ажил алба эрхэлж байв?
-Залуу байх үед нь Байтаг Богдын арван баатрын нэг гээд ард түмэндээ хүндлэгдээд сайхан амьдарч байлаа. Далан оны дунд үеэс аавыг минь хэлмэгдүүлж ажлыг нь гэхэд улам л бууруулаад байсан. Цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн Галуут сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан юм билээ. Дараа нь Заг суманд прокуророор очиж ажилласан. Түүнээс хойш аймгийн хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч, арван жилийн сургууль, Өвгөнжаргалантын пионерын зуслан, үнэт цаасны газар зэрэгт няраваар ажиллаж байлаа.
Элдэв яриа гараад ирүүт Цэргийн хэлтсээс шагналд тодорхойлохоо болиод, гадуурхаж эхэлсэн. Аавын маань хамгийн том шагнал нь Байтагийн тулаанд нэхэн олгосон “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” байсан. 1947 оны гуравдугаар сард бүрэн зэвсэглэсэн дайсан барихад олгосон “Онц хилчин” тэмдэгтээ их хайртай байлаа. Далаад оноос ойн медалиар ч шагнагдахаа больсон. Наяад онд тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн театрын урд талд галчаар хүртэл ажилласан. Наян найман онд Байтаг Богдод байлдсан газар нь арван хилчний нэрийг бичсэн хөшөө босгоход аав минь “Баатар цол хүртээгүй, байр сууцаар шагнуулаагүй ч байлдсан газраа нэрээ мөнхлүүлчихлээ” гэж нулимс унаган баярлаж байсан даа.
-Есөн хүүхдээ харж л сэтгэлээ баясгадаг байж дээ?
-Ээж маань 1932 онд Мандал суманд төрсөн Дуламсүрэн гэж тогооч, дэлгүүрийн худалдагч, худгийн ус түгээгч хүн байлаа. Наян дөрвөн онд бурхан болсон. Манай ууган ах Зээчир 1951 онд төрсөн, Улаанбаатар хотын эвлэлийн хорооны үзэл суртал хариуцсан ажилтан байсан. Эгч Дэнсмаа маань аймгийн захиргаанд мэргэжилтэн, Сүхбаатар ах маань Эрдэнэтэд слесарь, Оюунчимэг эгч маань Баянхонгор аймагт мэдрэлийн их эмч. Миний бие 1962 онд төрсөн, сувилагч мэргэжилтэй, Одбаатар гэж цагдаа дүү маань бурхан болсон. Оюунбилэг дүү минь инженер, Одхүү гэж бас нэг эрэгтэй дүү бий. Отгон дүү Оюундэлгэр маань Нийслэлийн 18 дугаар сургуульд багшилж байна. Есөн хүүхэд нь ихэнх нь гурваас дээш хүүхэдтэй шүү.
-Аав чинь хэдэн онд бурхан болов. Өнгөртлөө сэтгэл санаа нь тайвангүй байв уу?
-Аав маань ерэн нэгэн онд бурхан болтлоо мөнхийн дарамттай байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл үг дуугарахаа байчихаар аав маань нэг хэсэг балгаж эхэлсэн. Тэгэнгүүт би аавыгаа хотод авч ирж оюутан дүү нартайгаа хамт аль болох л өөдрөг байлгах гэж хичээдэг байлаа. Аав хотод такси баазад манаач, 24 дүгээр яслид жижүүр хийсэн. Тэтгэврийнхээ хугацааг гүйцээх гээд л байгаа царай нь тэр шүү дээ. Тэр хооронд хотын паспорт олгохгүй. Хотын паспорт хөөцөлдөхөөр бараг л эх орноосоо урвасан ч гэдэг байсан юм уу, юу гэдэг ч байсан юм өгдөггүй. Тухайн үеийн хотын дарга нар дээр зөндөө л орж байсан. Сүүлдээ настай хүн чинь залхдаг ч юм уу “Дарга нартай уулзсан, уулзлаа” гэж хэлнэ. Өрөвдмөөр л байсан даа. Бид чинь олуулаа, айлын хажуу өрөөгөөр амьдарч, ер нь зовлон үзсээн үзсэн.
-Танд Байтагийн найз нөхдийнхөө тухай ярих уу?
-Тэгшээгийнхээ хүрэн халзан морийг их ярьдаг байсан. Манай аавыг цэрэгт явахаасаа өмнө морь сайн уургалдаг, адуунд эрэмгий хүн байсан гэж хөгшчүүл ярьдаг байлаа. Амь үрэгдсэн нөхдөө ярина. Тэгшээ гуай гэхэд их сэргэлэн цэрэг байсан гэдэг. Тэгшээ нь цагаан эсгий гутлаа тостой хөөгөөр тослоод бүжиглэдэг байсан их алиа хүн байсан юм билээ. Гончигзэгвэ гуай нь манайд далан тав, зургаан оны үед нэг охиноо дагуулан ирж аавтай уулзаж байлаа. Өвөрхангайн Богд сумандаа мал маллаж байгаагаа яриад л. Аав бас тэднийд очиж байсан. Аав үнэт цаасны нярав болохоор Өвөрхангайн Нарийнтээл сум руу очиж тооцоо хийдэг, тэр үеэрээ уулздаг байсан гэдэг. Нэг яваад ирэхдээ “Нөхөр минь бурхан болчихож” гэж их гунигтай ирснийг би мартдаггүй. Хаянхирваа гуайтай болохоор хотод ирсэн цагаасаа байнга холбоотой байсан даа.
Дайныг хэзээ ч үзэхийг хүсмээргүй муухай зүйл гэнэ. Гурван нөхрийгөө эрсдэж байхад нүүр нүдгүй гал шунгинаад, дайсан орж ирэхэд улаан тоос босоод, буудалцаж байхад хүн хэзээ ч ар гэр, ах дүүгээ боддоггүй, тэр шунгинаж байгаа суман мөндөр дундуур хэдэн хүн унагаах вэ л гэж амь тэмцэн мэрийдэг гэдэг байсан. Дандархайдав нь морио бариад байж байхад дайснууд миномётоор морьдыг нь буудан дэлбэлсэн юм билээ. Морьд нь гэдсээ чирж ийш тийш давхиад, аав хүртэл морио өрөвдөөд “Амьтан зовоож байхаар” гээд буудсанаа ярьдаг л байсан. Дайн бол кино биш учраас ямар олиг байв гэж.
-Пэлжээ гуайтай уулздаг байсан бол уу?
-Ер нь уулзаж амжаагүй байх. Хөөрхий амьтан, “Увс аймгийн Өндөрхангай сумын өндөр настан Пэлжээ” гэсэн нэг хаяг дэвтрийнх нь булан дээр байдаг байсан. Бодвол цаанаас нь л захиа ирсэн юм болов уу даа. Аавыг Хилийн цэрэг дээр байнга дуудчихна. “Хаянхирваа ухар гэсэн нь үнэн биз дээ. Ухарсан гэж гарын үсэг зур” гээд байнга л байцаадаг байсан. Энэ чинь одоо хэлмэгдүүлэлт мөн биз дээ. Аав “Энэ тулааны талаар нөхөр Хаянхирваа үнэн зөвөөр нь тодорхой ярьж байна. Би үүнийг давхардуулж ярихын хэрэг алга. Энэ тулааны талаар тэр үед зөв зохион байгуулж сайн байлдсан гэж бид бүгд Засгийн дээд шагналаар шагнагдаж, ном зохиол бичигдэн, намын “Үнэн” сонинд хэвлэгдэн, кино хүртэл гарч байсан. Үүнд нь бид их баярлаж явдаг билээ. Тэгэхэд одоо биднийг буруутган хэлмэгдүүлж, худал цуурхал яриа гаргаж, түүхийн үнэнийг гуйвуулж байгаа нь үнэхээр их гомдмоор зүйл болж байгаа юм” гэсэн өргөдөл нь энэ байна. (Д.Чойжингийн өргөдлийг үзүүлэв. сур)
“Байтаг богд” кинонд жүжигчин Т.Төгөлдөр өвөө Д.Чойжингийн дүрийг амилуулав
-Ёстой нулимстай өргөдөл бичиж байж дээ?
-Цааш нь “Энэ байлдаан дууссаны маргааш Зонров даргатай хүмүүс газар дээр нь ирэн үзэж шалгаад акт баримт бичээд явсан билээ. Тэр хүмүүсийн бүрэлдэхүүнд орж шалгасан, тухайн үед тусгай ангийн дарга байсан Базар энд сууж байна. Энэ хүн үнэний талаар дахин зөв тодруулж ярих байх. Мөн тэр байлдаан болсноос гурав хоногийн дараа хурандаа нөхөр Жамьян сургагчтайгаа очиж шалгаад “Зөв зохион байгуулж, сайн ажилласан байна” гэж баяр хүргэж Хаянхирваатай гар барьж байсныг би одоо болтол мартаагүй байна. Тэгэхэд Гончигзэгвэ бид хоёр цуг явж байсан. Ер нь биднийг үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн бол эхнээсээ яах гэж тэгж магтсан юм бэ. Нөгөө “Махан дээрээ санаагүйгээ шөлөн дээрээ санав” гэгч болж байгаа юм биш үү. Та нар тэр үед бүгд л залуу, ухаантай, сэргэлэн дарга нар байсан шүү дээ. Та нар чинь ганц хил дээр гарсан зөрчилдөөний талаар үнэн зөв шийдээд зогсохгүй, хилийн гаднах улс гүрэнтэй харилцан тохиролцох эрх бүхий томоохон албан үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс биз ээ. Манай дарга нарын дотор худлаа цуурхал тараадаг, өөрөө биеэр оролцож хийгээгүй байж оролцож хийснээр нэр хүнд хөөцөлддөг хүмүүс мэр сэр байна шүү дээ. Үүнийг нам засаг үнэн мөнөөр нь олох нэн түрүүний зорилт баймаар юм даа. Жишээ нь, бидэн дээр хамгийн түрүүнд Ванчин даргаар удирдуулсан туслах групп очсон, дараа нь ахмад Мадригийн групп очсон Зонров, Дулмаа нарын хүмүүс “Би түрүүнд очсон” гэж худлаа яриад байх юм. Зонров “Би тэр дайснуудыг хөнгөн пулёметоор буудаад хөөсөн” гэж худал бичиж байна. Бид дайсанд бууж өгөөгүй, амьд хэл олзлуулаагүй, хил давуулж өөрийн орон нутаг, газар шороог дайсанд алдаагүй, буу зэвсгийнхээ хүчээр, өөрсдийн чадлын хэрээр ядрахын туйлд хүрэн тэмцэж явсныг та бүгд үзсэн бол одоо өрөвдөх сэтгэл төрөх байсан байх. Ер нь амь өрсөлдсөн тийм үед “Манайхаас хэн ирж туслах бол, бидний амийг хэн аврах бол” гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан учир хамгийн түрүүнд ирсэн Ванчин, Чимэддорж нарыг, Мадригийн удирдсан туслах группуудээс тов тодхон санаж мартагддаггүй юм. Дайсанд бид тухай бүр цохилт өгч нам засаг, ард түмнийхээ өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж баярлаж явдаг юм” гэж хөөрхий амьтан бичсэн байгаа юм.
-Аав чинь ч аргагүй л хэлмэгдсэн юм байна шүү?
-Аав захидал өргөдөлдөө “Гэтэл гуч гаруй жилийн дараа түүхэн үнэнийг ингэтэл гуйвуулах болсон учрыг би одоо болтол бодоод олохгүй юм. Ер нь Цэдэн-Ишийн ном бичигдсэнээс хойш бидний гүйцэтгэж байсан үүргүүд үгүйсгэгдэж, энэ ном ширээний ном болсон гэж би сонссон. Тэгвэл тэр ном хэдий хэрийн түүхэнд хэр зэрэг үнэн юм бичсэн ном юм? Бидний тэр өдрийн байлдаан бол зөвхөн тэнд явж байсан арваадхан хүний үйл явдал биш Хилийн цэргийн түүх, ард түмний түүхтэй холбоотой юм биш үү? Ийм учраас үүний үнэн зөвийг үнэнээр нь ард түмэнд, хилчин дайчдад ойлгуулах цаг болсон гэж би бодож байна” гэж бичсэн байгаа юм.
-Ахмад дайчдад байр орон сууц олголоо л гэдэг. Аав чинь бурхан болохоосоо өмнө байртай болсон байлгүй?
-Ерөөс ганц удаа ч байр аваагүй. Өөрийнх нь байр хүссэн 1989 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичсэн өргөдөл энэ байна. 1990 оны нэгдүгээр сарын 3-нд буцааж цохоод ирүүлсэн. Би өвгөнтэйгөө нэг хэсэг “Бөмбөгөр” худалдааны төв дээр ажиллаж байхдаа энд тэнд бараа тарааж явахдаа аль нэг шинэ байрны гадаа очих үед “Энэ олон гэрэл дотор миний аавын нэртэй ганц цонх байхгүй байгаад би их гунигтай байна” гэдэг байсан. Өвгөн минь “За, битгий тэгж хэл” гээд намайг аргаддаг байлаа. (Хоолой нь зангирав. сур) Хань маань Түвдэндорж гэж уурхайчин хүн байдаг.
-Тэнд байлдсан хилчид байтугай Тэгшээгийн хүрэн халзан морь хүртэл арваад жил тэтгэвэртэй байсан гэж би сонсож байлаа. Тэгэхэд аав тань харин ч бүр “Эх орноосоо урвагч” гэх шахуу хэлэгдэн хэлмэгдэж явсан гэхээр мөн ч гунигтай санагдлаа?
-Үнэхээр харамсалтай байсан даа. Хилийн цэргийн ерөнхий газарт хүртэл өргөдөл бичиж байсныг Нэргүй гэдэг хүн дарсаар байгаад сураггүй болгосон. Хүмүүст ярихаар “Арай ч үгүй байлгүй” гээд итгэдэггүй юм. Зарим нь “Та нарын өгсөн өргөдлөөр аавын чинь нэрээр өөрсдөдөө байр авчихсан байх” л гэдэг юм. Тийм ч байж магадгүй. Тийм бол дээрээс харсан юм байж л байгаа байх. Аавынхаа өмнөөс би их гомддог. Өчнөөн тэрбумаар нь ийш тийш нь хадгалуулж байна л гэж байна. Төрийн томчууд үр хүүхдүүдийнхээ нэр дээр гадаадад өчнөөн олон байртай байна л гэж байна. Тэгэхэд яагаад миний аавын нэр дээр ганц өрөө байр байдаггүй юм бол гэж их боддог шүү.
-Танайх хэдэн хүүхэдтэй айл билээ?
-Манайх хоёр хүүтэй. Ах Тулга нь “Хас” банкинд ажиллана. Хүү Т.Төгөлдөр маань “Фантастик” продакшны жүжигчин.
-Аавын чинь болоод алдарт Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын тэргүүтэй эрэлхэг баатруудын тухай “Байтаг Богд” уран сайхны киног та үзэв үү?
-Үнэхээр сайхан кино болсон. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга Баярсайхан гэж хүн хүртэл энэ киног үзээд “Нутгийнхаа баатрыг дэмжилгүй яахав. Тодорхойлолтыг нь бичиж өгнө” гэсэн. Миний хүү тэр киноны багт жүжигчнээр ажилладаг юм л даа.
-Төгөлдөр жүжигчин дүр бүтээв үү?
-Миний хүү чинь өвөөгийнхөө дүрийг амилуулсан хүн шүү дээ. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн сартай байсан юм. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн, ардын жүжигчин Сарантуяагийн шавь байгаа юм. “Маш нууц-1” киноны туслах дүрд тоглож байлаа. Өвөөгийнхөө түүхэн дүрд тоглоно гэдэг чинь их хувь ерөөл юм шүү. “Маш нууц-1”-ийг хийчихээд эдний продакшныхан “Маш нууц-2”-ыг Байтагийн арван баатараар хийнэ” гэж хуралдахад хүү маань “Нэг нь миний өвөө шүү дээ” гэтэл нөгөөдүүл нь “Битгий тоглоод байгаарай” гэсэн байгаа юм. Үнэмшихгүй байж байгаад Бат-Өлзий гавьяат эд нар надтай ирж уулзсан л даа. Бүх материалыг үзсэнээр энэ кино бүтэх ерөөл бүрдсэн. Аав минь жаран зургаан насандаа бурхан болсон. Одоо бол ануухан л нас шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зочин · 2018/04/30
Ерөнхиилөгч Бат тулгаа энэ хүүхдүүд нь 2 өрөө байр өгөөч ээ
zochin · 2018/04/26
tuuhiin tsag ue buhend novshiin baahan doldoi, pyaldaga tsarailsan huuramch novshnuud bhiimda, ter 10 baatar uneheer eh ornoo hamgaalj jinhene baatriin esoor tulaldaj,baatriin esoor zarim n ami ersedsen, uldsen hed n daramtand, heleh ch ug alga,odo ene hil hamgaalah gazar, tuuhchid ugee helj unen tuuhe ur hoichdo helehgui yum uu, baatruudiig n nehen shagnaj, bair suuts,mungu tugrug tur zasag n uguh heregtei sh de
амаа · 2018/04/26
юу ч гэмээр өрөвдмөөр юм даа ахмад үе маана тусгаар тогтнолыг яаж бидэнд өвлүүлэв. энэ хүний үр хойчыг төр түмэн минь бодох л хэрэгтэй байна даа