Н.Энхжаргал: Төрөх эхчүүд сэтгэл зүйгээ л сайн бэлдэх хэрэгтэй
2018/05/08
21 настай Н.Буянхишигийн хүүг Н.Энхжаргал эмч эх барьж авлаа. 2018.04.30
Ирэх тавдугаар сарын 05-ны өдөр Олон улсын эх баригчдын өдөр тохиож буй юм. Энэ жил 12 дахь удаагаа зохиогдох гэж буй уг өдрийг манай улс “Эх баригчид тусламжийн чанараараа бусдыг дагуулна” уриатайгаар тэмдэглэх гэж байна. Тиймээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
Нялх хүүхдийн дуу цангинасан энэхүү тасагт хоногт дунджаар 30-40 эх амаржиж буй бөгөөд үдийн 12.00 цагийн үед биднийг очиход дөнгөж төрсөн зургаан нярай, хэдхэн минутын дараа төрлөө гэх тав, зургаан ч эх дуншиж байв. 18 настай анхны төрөлтөөс эхлээд 40 гаруй настай дөрөв дэх төрөлт гэх мэт эхчүүд байх аж.
Анхны төрөлт ихэвчлэн олон цаг өвдөж, савны амсар аажмаар нээгддэг бол, давтан төрөлтүүд арай бага зовиуртай байдаг бөгөөд төрөх явц нь илүү хурдан явагдах талтай гэнэ. Мөн хөдөө орон нутгийн харьяат эмэгтэйчүүд болон улсын хэмжээний бүх хүндрэлтэй, эмгэгтэй төрөлтүүдийг энэ тасаг хариуцан ажилладаг байна. Тиймээс ихэнх нь хийсвэр хагалгаагаар төрсөн гэх мэт асуудалтай эх нярай байх аж. Өөрөөр хэлбэл, хүнээс хүн төрөх хамгийн чухал үеийн хүнд төрөлтүүдийг улсын хэмжээнд энэ тасгийн эх баригч нар хариуцаж байна. Биднийг сурвалжлагаа бэлтгэж байхад 21 настай Н.Буянхишиг амаржихаар, төрөх орон дээр гарлаа. Тус тасгийн ахлах эх баригч Н.Энхжаргалаар ахлуулсан нярайн эмч, сувилагч, асрагч гэх мэт бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхлэв. Эх баригч төрөлтийг ерөнхийд нь удирдаж, эхийн амьсгал, дүлэлт зэргийг удирдан зааж, сэтгэл санааг нь дэмжиж, аль болох урамшуулан зааварлаж, бүх оюун санаа, ур чадвараа төвлөрүүлэн эх барих ажилдаа шамдах аж. Хүндрэлтэй төрөлтийн үед бол үүнээс ч олон баг бүрэлдэхүүнтэйгээр эх барьдаг гэнэ. Н.Буянхишиг анхны төрөлт гэхэд эмч нарынхаа үгэнд сайн орж, зөв дүлж, амьсгалж байсан бөгөөд бие нь харьцангуй эрүүл байсан болоод ч тэр үү дүлэлт өгч эхэлснээс хойш бараг л таваас, зургаан минутын дараа төрж, нуган хүү дуугаа хадаан мэндэллээ.
Эх баригч эмч ямар мундаг хүү вэ, ямар мундаг ээж вэ, яасан мундаг юм бэ, гэх мэтээр урамшуулсаар байгаад л хүүг эх барин авч, эхийнх нь хэвлий дээр тавьж байгаад хүйг нь хайчлаад, даавуугаар зунгагийг нь арчаад, малгай өмсүүлэн, нимгэн даавуугаар хөнгөн ороогоод авах аж.
Эх хүүгээ амлуулчихаад төрөх орон дээр цаг 30 минутын турш хүүтэйгээ хамт байгаад, дараагийн 30 минутад нь цай шөлөө уучихаад, хоёр цаг болсны дараагаар төрсний дараахь тасагт шилждэг байна. Төрсний дараахь тасагт 24 цаг болоод хүүхэд зохих вакциндаа хамрагдаад гэртээ гардаг байна. Эмнэлгийн салбарын хамгийн хариуцлагатай, хүнд салбарт хүчин зүтгэж буй энэ эмч нарын сарын цалин ердөө 500-600 мянган төгрөг л байдаг ажээ. Үдийн 13:24 цагт төрсөн Б.Буянхишигийн хүүг эх барьж авсан ахлах эх баригч Н.Энхжаргал энэ тасгийн хамгийн туршлагатай, олон жил ажиллаж байгаа бөгөөд бусдын хүндэтгэлийг хүлээсэн нэртэй эмч аж. Н.Энхжаргал эх баригч 1971 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний аавыг Нямбуу, ээжийг нь Дуламсүрэн гэдэг байна. Н.Энхжаргал 1987 онд наймдугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд элсэн орж 1991 онд эх баригч бага эмчээр төгсчээ. Тэрбээр эх баригч хэмээх онцгой сайхан мэргэжлийг эзэмшсэн гэдгээрээ бахархдаг. Эмчийн мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дурлаж ажилладаг гэж байв. Хүүхэд төрөөд уйлах чимээ, шинэ хүнээ хүлээн авсан эх хүний сэтгэл гэдэг ямар сайхан болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй гэж байлаа. Хүнээс хүн төрнө гэдэг хүний амьдралын хамгийн агуу зүйл учраас эрчүүд маань эмэгтэйчүүдээ хайрлах ёстой шүү гэж хэлмээр байна гэж байв.
Тэрбээр ярихдаа “1991 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жаахан охин эмч болон очиж байлаа. Ажиллах хугацаандаа эхчүүдээ төрүүлнэ, дуудлагадаа явна, амбулаторио ч үзнэ цаг наргүй ажилладаг байлаа. Хоёр хүүхдээ цоожлоод нөхөртэйгөө дуудлагад ч явдаг үе байсан. 2000 онд Улаанбаатар хотод шилжин ирж ЭНЭШТ гэж байхад хүлээн авах, дутуу төрөлтийн тасагт эх баригчаар, 2010 оноос одоог хүртэл төрөх тасагт эх баригчаар ажиллаж байна. Одоогоор 6200 орчим хүүхэд эсэн мэнд эх барьж авсан. ЭХЭМҮТ-ийнхэн маань маш чадварлаг хамт олон. Улсын хэмжээний бүх л хүндрэлтэй төрөлтүүдийг хүлээн авч III шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Төрөх тасаг нийт 34 ажилтантай. Үүнээс таван эмч, нэг ахлах эх баригч, 18 эх баригч, 10 асрагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, ахлах эх баригч Д.Насантогтох бусад мэргэжил нэгт эх баригч, сувилагч мөн асрагч нартаа маш их баярлаж явдаг. Жил болгоны тавдугаар сарын 05-ны олон улсын эх баригч нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол Улсын мэргэжил нэгт бүх эх баригч нартаа олон улсын Эх баригч нарын баярын мэнд хүргэе. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье” гэлээ. Тэрбээр 2003 онд байгууллагын аварга, ЭМЯ жуух, 2012 онд эмнэлгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулжээ. Эх баригчийн ажил нэг хүний ажил бус багийн ажил учраас эх барихын эмч, нярайн эмч, сувилагч, асрагч бүгд оролцдог гэдгийг мөн яриандаа онцолж байлаа.
Эх баригч Н.Энхжаргалаас дараахь зүйлсийг тодруулж ярилцлаа.
-Таныг ахлах анги төгсч байхад эмчийн сургууль авах амаргүй ажил байсан уу?
-Шалгалт өгөөд, 80 хэдэн хүүхдээс эхний зургаад ороод л Анагаахын дундад сурч байсан. Хичээл номоо сайн судалдаг, хичээнгүй хүүхэд байлаа. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд томилогдон ажлын гараагаа эхэлсэн. 1991 оноос хойш тасралтгүй эмчээрээ ажиллаж байна. Намайг сумын эмч болоод очиж байхад мэргэжлийн эх баригч эмч байхгүй, бүгдийг нэг эмч л гардаж хийдэг байлаа. Тиймдээ ч нэлээд, туршлагажиж, дадлагажиж байсан юм. Нэг дуудлагаас, нөгөө дуудлагад явна. Тэр үедээ хүнд хэцүү байна гэж бодож байгаагүй, залуу насныхаа эрч хүчээр л давсан даа. Нэг бол айх шиг, нэг бол өөрөөрөө бахархах шиг болдог. Одоо бол цаг өөр болсон, мэргэжлийн их эмчгүй газар хүн төрүүлэхээ больсон.
-Тухайн үед цаг үе ямар байв. Эхийн эндэгдэл гарч байсан уу?
-Тухайн үед хөдөө тайван амгалан, нийгэм эрүүл байлаа. Намайг есөн жил ажиллаж байх хугацаанд эхийн эндэгдэл гарч байгаагүй. Эх, нярайн эндэгдэл гарвал улсын хэмжээний маш том асуудал үүсдэг байсан үе. Их эмчгүй газар эх баригч хийж байхдаа эндэгдэл гаргаж байгаагүйдээ их баярладаг. Тухайн үед хүмүүс стрессгүй, эмч хүнийг ихэд хүндэтгэдэг, сайхан харилцаа хандлагатай байлаа.
Одоо бол зарим эхчүүд бухимдаж, эмчээ загнана. Гэхдээ хичнээн бухимдаж төрсөн ч хүүхэд төрөөд л чарлахад бид нарын стресс ч арилна, ээжүүдийн бухимдал ор мөргүй болно. Хүүхэд төрсний дараа бүгд өөрийн эрхгүй тайвширцгаадаг. Тэгээд л ээжүүд, та нар чинь ямар агуу ажил хийдэг гоё хүмүүс вэ, ёстой их баярлалаа уучлаарай гэнэ. Төрөх эхчүүд хамгийн түрүүнд төрөхийн өвдөлтийг тооцоолсон, сэтгэл зүйгээ бэлдсэн байх хэрэгтэй. Сэтгэл зүй хамгийн чухал. Төрөх гэдэг бол өвчин биш, биологийн процесс учраас хүүхэд төрөөд л өргөс авсан юм шиг болдог юм шүү дээ.
-Та гадаад явж гурван жил болоод ирсэн гэв үү?
-Амьдралын шаардлагаар гэр бүлээрээ Чехэд нэг жил, Шведэд хоёр жил болчихоод ирсэн. Цалингаараа байр орон авах боломжгүй цаг үе хэцүү байсан болохоор байр оронтой болохын тулд гадаад руу явж ажил хийгээд ирсэн. Гэхдээ Монголоо, хамт олноо, үр хүүхдээ их санасан. Хичнээн өндөр хөгжилтэй оронд байлаа ч гэсэн Улаанбаатараа санадаг юм байна лээ. 1997 онд яваад 2000 онд ирэхэд манай улс гуравхан жилд маш их хөгжөөд өөр болчихсон санагдаж байлаа.
Өдрийн сонин
Н.Ганчимэг
pi · 2018/05/08
huuren zurag tavidag