Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг дэмжлээ
2018/05/09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хурлаар НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга сонсгол, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тэргүүтэй 6 асуудлыг хэлэлцэж байна.
Хурлын эхэнд НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн албан ёсны хамтын ажиллагааны төслүүдийн танилцуулгыг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөгжлийн 10 төсөл, Буцалтгүй тусламж болон, техник туслалцаагаар хэрэгжүүлж буй хөгжлийн 10 төслийн танилцуулгыг хүргэлээ. Танилцуулгатай холбогдуулан Г.Өлзийбаяр дарга болон төсөл хариуцсан холбогдох дарга нараас тэргүүлэгчид төсөл хөтөлбөрийн хэрэгжих цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт, явц, үр дүнгийн талаар холбогдох асуултуудыг асууж хариулт авлаа. Тэргүүлэгчид төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн танилцуулгыг хүргэсэн мэдээлэл сонсголд шүүмжлэлттэй хандаж, төсөл хариуцсан зарим дарга нарыг байлцуулах, мэдээллээ цэгцэлж оруулж ирэх чиглэлийг өгч, хуралдааны төгсгөлд дахин оруулж ирэх үүрэг өглөө.
Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон Нийслэлийн Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг батлуулахаар танилцуулгы мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хүргэлээ. тус дэд хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх замаар эрх зүйн соёлыг түгээн хөгжүүлэхэд чиглэж байгааг дурьдлаа. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд
- Нийслэлийн иргэдийн эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох судалгааг тодорхой салбарт хийж, түүнд үндэслэсэн эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах
- Улаанбаатар хотын оршин суугчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар хотын соёлыг түгээн хөгжүүлэх
- Олон нийтийн сүлжээн дэх харилцааны соёлыг дээшлүүлж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг зорилтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг илэрхийллээ.
Дэд хөтөлбөр хэрэгжснээр нийгмийн үр дагаврын хувьд Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн мэдээлэл, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, иргэд өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн хүрээнд хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чадвар, боломж нэмэгдэх бол эдийн засгийн үр нөлөөний хувьд Хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээх чадвар нэмэгдсэнээр бусдын буруутай үйл ажиллагаанаас учрах эдийн засгийн хохирол буурна гэж төлөвлөж байгааг дурьдлаа. Тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн агуулгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дэд хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага болон албан хаагчидтай харилцах үл ойлголцлыг багасгах чиглэлд тодорхой ажлуудыг нэмж тусган хэрэгжүүлэхийг үүрэг болгож, тус дэд хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулахаар боллоо.
Хуралдааны дараагийн хэсэгт Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнхийн танилцууллаа. Алтан-Өлгий орчимд амьдарч байгаа айл өрхүүдийн хүсэлтээр энэхүү асуудлыг оруулж ирж байгааг дурьдлаа. Тэргүүлэгчдийн зүгээс асуудлыг дэмжиж Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайг өөрчлөх тогтоол гаргалаа.
Хуралдаан үргэлжилж байна.
НИТХ-ын ХМОНХТ