Ийржи Бродский: БНЧУ-ын Засгийн газраас “Монголоос ажилчин авах тусгай горим”-ыг баталлаа
2018/05/21
БНЧУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой ярилцлаа. Энэ сарын 1-нээс эхлэн БНЧУ-ын визний журамд өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газраас “Монголоос ажилчин авах тусгай горим”-ыг баталсан байна.
Бидний ярилцлага энэ сэдвээр өрнөсөн бөгөөд тэрбээр юун түрүүнд “Монголын өвөл хүйтэн. Иймд өвлийн улирал эхлэхээс урьтаж визний өргөдөл өгөх иргэдийг гадаа зогсоохгүйгээр түр хүлээлгийн байртай болгох зорилготой байгаа” хэмээж байлаа.
-Та БНЧУ-ын Засгийн газраас баталсан “Монголоос ажилчин авах тусгай горим”-ын талаар тодорхой мэдээлэл өгөөч. Энэ бол танай улс руу хөдөлмөр эрхлэх зорилгоор явах гэж буй олон хүнд нэн шаардлагатай, чухал хэрэгцээтэй мэдээлэл байх нь тодорхой?
-Баярлалаа. Энэ тусгай горимын гол зорилго бол ерөөсөө л Монголоос Чех руу ажил хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй хүмүүст нээлттэй, адил тэгш боломж олгох явдал. Өнгөрсөн жил манай Элчин сайдын яам Монгол Улсаас 724 хүний ажил эрхлэлтийн өргөдөл хүлээн авсан. Манай Засгийн газар энэ тусгай горимыг баталснаар энэ тоог хоёр дахин нэмэх боломжтой болж байгаа юм.
-Утсаар цаг авах нөхцөл өөрчлөгдөнө гэсэн үг үү?
-Монголчуудын ихэнх гомдол яг үнэндээ утсаар цаг авах шаардлагатай холбоотойгоор утсаа авахгүй байна, холбогдохгүй байна, бодлогоор хязгаарлаж байна гэсэн агуулгатай байдаг. Шинэ горим үүнийг өөрчлөх боломжтой юм. Ингэхийн тулд хоёр дахин нэмэгдэж байгаа хөдөлмөр эрхлэлтийн өргөдлийн мянган хүний бүртгэлийг нь утсаар авах шаардлагагүй боллоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсад зориулсан тусгай горим”-ыг баталж, хэрэгжүүлснээр дээрх мянган хүн маань ажил олгогч буюу компаниасаа ярилцлагын тов аваад, үүнийхээ дараа өргөдлөө өгнө гэсэн үг.
-Компанитай хэрхэн холбогдох вэ?
-Тухайн компани нь Монгол Улс дахь төлөөлөгчөөр дамжуулах, эс бол өөрийн компанид ажиллаж буй монгол ажилтнаараа дамжуулан ажилд орох сонирхолтой хүнтэйгээ холбогдоно. Эсвэл монголчууд маань интернэтээр дамжуулан өөрийн мэргэжилд ойр, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаа салбарынхаа компанийг өөрсдөө олж өргөдлөө гаргах боломжтой.
-Ажил олгогч компаниудын шаардлага ямар байх вэ?
-Чехийн Үйлдвэр, худалдааны яамнаас ажиллах хүчин авсан тусгай зөвшөөрөлтэй компаниуд байх ёстой. Яамны веб сайтад нэр нь байгаа. Шаардлагын тухайд наад зах нь арваас дээш үндсэн ажилтантай байх, тухайн хүнийг ажилд авах бэлэн ажлын байртай гэх мэт болзлыг хангасан гэсэн үг. Манай Элчин сайдын яаманд ч албан ёсоор ажилтан авах боломжтой компаниудын нэрс ирсэн байгаа. Үүнийг шууд зарлаж болох эсэхийг дахин лавлаад хариулъя. Энэ компаниуд “Таныг ажилтнаар авна” гэчихсэн тохиолдолд ярилцлагын товыг олгох юм.
-Тэр хүртэлх яг тодорхой дарааллыг мэдээлээч?
-Ингэхдээ тэд нэрсээ эхлээд Үйлдвэр, худалдааны яаманд гаргаж өгнө. Үүний дараа Үйлдвэр, худалдааны яам тэр нэрсийг нь Гадаад хэргийн яаманд өгнө. Гадаад хэргийн яам манай Элчин сайдын яаманд хүргүүлснээр манайх ярилцлагын цагийг нь компанид мэдээлнэ. Компани тухайн ажил горилогчид цагийн мэдээллийг өгснөөр өөрийн биеэр Элчин сайдын яаманд ярилцлаганд орно. Энэ тохиолдолд ярилцлагын цагийг урагшлуулах, хойшлуулах боломжгүйн дээр өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй тохиолдолд автоматаар цуцлагдана. Ингэснээр Чехийн Элчин сайдын яамнаас ярилцлагын цаг авч өгнө, виз гаргаж өгнө гэх мэт хууль бус үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох боломжтой юм. Нэг ёсны энд дундын зуучлал байх боломжгүй гэсэн үг.
-Үлдсэн 500 хүний хувьд визний журам өөрчлөгдөх үү. Ажилтан илгээх квот хоёр дахин нэмэгдсэн гэсэн шүү дээ?
-Уламжлал ёсоор утсаар цагаа авч, визний мэдүүлгээ өгөх боломжтой гэж ойлгож болно.
-Одоогийн байдлаар компаниар дамжуулж цаг авсан хүмүүс байгаа?
-Байгаа. Манайхаас тэр хүмүүст албан ёсоор цагаа өгсөн. Ямар ч асуудал, хүндрэл гараагүй. Гол нь, миний хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ виз олголттой холбоотой үүсдэг үл ойлголцлыг таслан зогсоох зорилго тавин ажиллаж байгаагаа энэ ярилцлагаар дамжуулан уламжилья. Мөн энэ завшааныг ашиглаад Шенгений визний асуудлыг ч яримаар байна. Бас их хүндрэлтэй асуудал шүү дээ. Манай улсын Гадаад хэргийн яамнаас Шенгений визийг олгох төв байгуулах сонгон шалгаруулалт зарласан байгаа. Ингэснээр оны сүүлч гэхэд Визний төв албан ёсоор нээлтээ хийж, шинэ систем бүрэн нэвтэрснээр зөвхөн Элчин сайдын яаманд виз мэдүүлэх шаардлагагүй болох юм. Өмнөд Солонгосын визний төвтэй дүйцэхүйцээр үйл ажиллагааг нь ойлгож болно. Миний хувьд виз олголттой холбоотой хуурамч гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаатай тууштай тэмцэх зарчим баримталдаг. Үүнийг цэгцэлж, эмх цэгцэнд оруулах нь миний хамгийн том зорилт. Яагаад гэхээр энэхүү хууль бус үйлдэл нь өөрөө Чехийн Элчин сайдын яамны нэр хүндтэй шууд утгаар холбогддог учраас бид бүх боломжоороо тэр бүх хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө ажиллана.
-Тэгэхээр цаашид хувийн зуучлал байхгүй болно гэсэн үг үү?
-Хэрэв хувь хүн болон компани ийм шугамаар визний нэмэлт төлбөр авах тухай яриа гаргасан тохиолдолд шууд манай Элчин сайдын яаманд хандаж, Гадаад харилцааны яамны Консулын газартай холбогдох хэрэгтэй. Ер нь Цагдаагийн ерөнхий газарт ч өргөдөл, гомдлоо гаргах хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн Чехийн компанитай холбогдож, ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд манай Элчин сайдын яам руу холбогдох шаардлагагүй гэсэн үг. Мэдээж визний ярилцлагад орох гэж ирэх хүртлээ шүү дээ. Үүнийхээ оронд ярилцлагад орох хүртлээ чех хэлээ сурч, ядаж анхан шатны хэлний мэдлэгтэй болохын тулд өөрөө өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн тухайн хүн ажил эрхлэлтийн картаар виз мэдүүлчихсэн тохиолдолд манай Чех Улсын Дотоод хэргийн яамнаас хариу өгөх хуулийн 60 хоногийн хугацаа байдаг.
-Үлдсэн 500 хүн нь Чехийн Элчин сайдын яамнаас цаг авах боломжтой гэсэн. Энэ хүмүүс нь хөдөлмөр эрхлэлтээс өөр зорилготой байх ёстой юу?
-Үгүй ээ, 500 нь мөн адилхан ажил эрхлэлтийн карт хүсэгчид байна. Энэ нь Чехийн Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор бүртгэлийн системээ тодорхой тоон дээр хэвээр үлдээх шаардлагатай байсан юм. Яагаад гэхээр хэрвээ тухайн компанитайгаа холбогдож чадаагүй бол, мөн шууд ажилд орох боломжгүй хүмүүст эрхийг нээлттэй үлдээх ёстой гэсэн үг. Эрх тэгш зарчим хаана ч байх ёстой шүү дээ. Ер нь бол Чех Улс Монголоос ажилтан авах маш их сонирхолтой байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь, монгол ажилтнууд манай улсад маш их нэр хүнд сайтай. Зөвхөн гэмт хэргийн гаралтаар нь улс орнуудын жагсаалтыг гаргахад нэг ч монгол хүн холбогдоогүй байсан нь яах аргагүй том давуу тал болж өгдөг.
-Өнөөдрийн байдлаар ер нь хэр олон монголчууд Чехэд ажиллаж амьдарч байгаа вэ?
-8000 орчим монголчууд бий. Цаашид энэ тоо жилдээ 1500-гаар нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол хоёр орны найрсаг харилцааны илэрхийлэл юм.
-Ажиллах хүчний хувьд мэргэжлийн тодорхой шаардлага яригдах уу?
-Хөдөө аж ахуй, хүнсний болон машин үйлдвэрлэлийн салбарт илүү их боломж бий.
-Тэгвэл энэ хүсэлт гаргахаас эхлээд виз олголт хүртэл хэр хугацаа орох тооцоо байгаа вэ?
-Элчин сайдын яамныхаа хүчин чадалд хуваагаад үзэхэд сардаа 84 виз мэдүүлэгч хүлээн авах боломжтой байгаа. Хугацааны тухайд компанид хүсэлт гаргаснаас эхлээд ойролцоогоор хагас жил шаардагдана гэж тооцсон. Харин виз мэдүүлснээс хойш 60 хоногийн хугацаанд хариу нь гарна.
Үндэсний шуудан сонин