Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр-2
2018/05/23
“Зууны мэдээ” сонин,“TВ9” телевиз хамтран Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багт байрлах Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжилснаа “Сэтгүүлчийн эрэн сурвалжлага” булангаараа цувралаар хөндөж байгаа. Тус суманд бид хоёр өдөр ажилласан. Эхний өдөр асуудал дагуулаад байгаа баруун хязгаарт орших Цагаан түнгийн Гаалийн хяналтын бүсэд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь Цагаан хадны хяналтын бүсэд нүүрс тээвэрлэлтийн автомашины урт дараалал үүссэнтэй адил урт дараалал үүсч, байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөө үзүүлж малчид, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тус сумын Засаг дарга Э.Уртнасан сумын 2017 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолд заасан газрын нэршлийг дур мэдэн өөрчилж аймгийн ИТХ-д оруулж батлуулснаас үүджээ. Ингэснээр Хятад эзэнтэй “Мо Эн Ко” компанийн Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын бүс Үенч голын гольдролд 1.3 км-ээр ойртож Байгаль орчны тухай хуулийг зөрчсөн. Хэрэв хуулийн дагуу 27 дугаар тогтоолоор заасан газарт олгосон бол голын ай сав, гольдролоос 17 км-ээр холдох байсан тухай Үенчийн Цагаан түнгэ “хар түнгэ” болох ирмэг дээр нийтлэлийнхээ эхэнд хөндсөн. Энэ удаа Цагаан түнгэ багийн ИНХ анхнаасаа хуурамч байсан. Тиймээс сум болоод аймгийн ИТХ-ийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж бүгд хуулийн дагуу биш байсныг баримтаар хөндөж байна.
Сурвалжлах баг энэ сарын 13,14-нд Ховд аймгийн Үенч суманд ажилласан. Эхний өдөр амралтын өдөр байсан тул Гаалийн хяналтын бүсэд ажилласан юм. Харин хоёр дахь өдөр Улсын тэргүүний Үенч суманд ажиллав. Тус Гаалийн бүс сумын төвөөс 10 орчим км. Нүүрсний автомашинууд ачилт, буулгалт хийж байгаа нь харагддаг. Ажиллахаар хар тоос босдог, салхи наашаа чиглэлтэй байвал сумын төв хар утаа, тоосоор бүрхэгдэг хэмээн сумын төвийн гудамжинд яваа захын иргэн хэлж байлаа. Ойрхон учир сумын төвөөс харагдаж байв. Гаалийн хяналтын бүсийн талаар гудамжинд явж байгаа 20 гаруй хүнээс асуусан. Тэдний хоёроос бусад нь дэмжихгүй, зогсоож өгөхийг хүсч байв. Иргэдээс нөхцөл байдлыг мэдсэний дараа сумын удирдлагуудтай уулзаж тэдний байр суурийг сонирхсон юм.
Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан: МОРИН УРАЛДААНЫ ЗАМ, “ХӨРС” ШТС ХОЁР НЭГ Л ГАЗАР
Үенч сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 27дугаар тогтоолд “Цагаан түнгэ багийн газар болох Улаан үзүүрт хүнд даацын автомашины дагуу морин уралдааны замаас урагш 50 га газар Гаалийн хяналтын бүс байгуулах ” нь зүйтэй гэж заасан байдаг. Энэ тогтоолын цэг, таслал, үг, өгүүлбэр бүрээр сумын Засаг дарга захирамжаа гаргах ёстой. Түүнчлэн дээд шатны байгууллагад гаргах хүсэлт ч мөн ялгаагүй. Тэгвэл Э.Уртнасан Газар ашиглуулах тухай А/59 захирамжаа сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтоолоор аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай газрын нэршлийг дээр зааснаас өөрчилж “Цагаан түнгэ багийн газар болох Улаан үзүүрт хүнд даацын автомашины зам дагуу “Хөрс” ШТС-ын урд 50 га газрыг Гаалийн хяналтын бүс байгуулах” гэснээр дээрх асуудал үүссэн. Морин уралдааны зам дагууд газар өгөхөөр өндөр хүчдэлийн шугамаас хол байна. Нөгөө талаар мананжуулах усаа Үенч голоос татна. Тиймээс худаг гаргах гэхээр холдоод байна гэсэн компанийн хүсэлтээр нааш нь жаахан татсан. Би энэ хөрөнгө оруулалт, төслийг сумандаа татах гэж хамаг хүчээ төвлөрүүлсэн. Төслийн хүрээнд найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Нөгөө талаар 64 хүнийг ажлын байраар хангах гэрээтэй. Одоогоор 45 хүн ажлын байртай болсон. Тухайлбал, Гаалийн хяналтын бүсэд 15, жолооч нарт үйлчлэх дэлгүүр, цайны газар, буудал бусад үйлчилгээнд 30 орчим хүн ажлын байртай болоод байна. Мөн компанийн ханган нийлүүлэлтийг зөвхөн сумаас авах зэргээр тохиролцсон гэв. Найман тэрбум төгрөгөөр суманд юу бүтээж босгосон талаар тодруулахад зөвхөн Гаалийн хяналтын бүсийн барилга байшин байгуулахад зориулсан. Гэхдээ хяналтын бүс ажиллаж эхэлснээр манай суманд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бусад олон төрлөөр хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Ажиллаад удаагүй болохоор өгөөж нь харагдахгүй. Цаашдаа 30 жилээр газар эзэмшүүлэх гэрээ хийсэн учир хүлээх хэрэгтэй гэж байлаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ тус компани хийлгэсэн талаар тодруулахад 2017 онд хийсэн гэрээ үзүүлсэн юм. БОАЖЯ-наас энэ оны I улиралд багтаан байгаль орчны нарийвчилсан үнэлгээ ирүүлэхийг шаардсан албан бичгийг “Мо Эн Ко”-д хүргүүлсэн байсан. Энэ ямар учиртай юм гэхэд тэрээр мэдэхгүй гэж байлаа.
АЙМГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХООРОНДЫН ЗАЙГ ТОГТООЖ ЧАДСАНГҮЙ
Дээрх газруудын солбицлол, кадастрын нарийвчилсан зургаар хоорондох зайг тодорхойлж өгөхийг сумын газрын даамал Х.Солонгоос хүссэн. Гэвч тэрээр тийм нарийн гарахгүй. Зөвхөн Гаалийн бүсийн газрыг масштабаар гаргасан зураг бий гэв. Энэ тухай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Дөлбадрал, мэргэжилтнүүд нь хоорондын зайг нарийн гаргаж хэлж чадаагүй юм. Харин цахимаас татаж харж болох юм. БОАЖЯ зураглал гаргасан байж магад хэмээн аймаг, сумын удирдлагууд тайлбарлаж байв. Тус багийн иргэд болон сумын алдарч уяач Ц.Нямдаваа, малчин Б.Баярсайхан, багийн ИНХ-ын дарга Б.Цэрэнтогтох нар хоорондоо 15 орчим км-ийн зайтай. Яагаад ч Засаг дарга Э.Уртнасангийн хэлснээр нэг л газар гэж хэлж болохгүй гэсэн юм. Баримжаагаар харсан ч зайтай байгааг телевизийн бичлэгээр харуулахыг зорьсон. Түүнчлэн морин уралдааны зам дагуу урагш өгөх гэхээр Алтай сум руу ойртсон. Алтай сумынхнаас манай дарга нар айсан байх. Тус сумынхан зэрлэгдүү талдаа хэмээн зарим иргэн хуучилж байв. Ийнхүү газрыг өөрчилж өгснөөс болж малчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Мөн тус сумаас Хөшөөтийн уурхайд ойрхон Булган суманд хувийн нэгэн компани Гаалийн хяналтын бүс байгуулахаар хөрөнгө оруулалт хийсэн юм. Гэвч тэд “Мо Эн Ко”-гоос их мөнгө шаардсан учраас манайд байгуулах болсон хэмээн Э.Уртнасан хэлэв. Энэ нь газар олгоход ямар нэгэн хэмжээгээр мөнгө авсан байх хардлага төрүүлж буй юм.
Ш.Отгонбаяр: ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ХЯНАЛТЫН БҮСИЙГ ТАТАН БУУЛГАНА
Энэ тухай ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Отгонбаяраас лавласан. Тэр үед тэргүүлэгчид хуралдаад “…хүнд даацын автомашины зам дагуу морин уралдааны замаас урагш” олгохоор газрын нэршлийг тодорхой зааж өгсөн. Гэтэл Засаг дарга захирамждаа нэршлийг өөрчилж өгсөн нь үнэн. Үүнээс болж олон асуудал дагуулж байна. Асуудлын мөрөөр өнгөрсөн сарын 17-нд тус хяналтын бүсийг газар дээр нь үзэж шалгасан. Гэрээнд заасан нөхцлүүд зөрчигдөж байгааг нүдээр харсан. Тиймээс зургадугаар сарын 1-ний дотор зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлээд байна. Үүнд нүүрсний тортогыг хашаа давуулахгүй байх. Сүүлийн үеийн технологийн суурин мананжуулагч суурилуулах. Мөн Үенч сумын харьяат 13 ажилчны нийгмийн асуудал, хөдөлмөр аюулгүй ажиллагааны асуудалд анхаарч цалинг нь 650 мянган төгрөгөөс буулгахгүй нэг сая төгрөг хүртэл нэмэгдүүлж хортой нөхцлийн нэмэгдлийг тооцох. Цагаан түнгэ, Булга, Улаан үзүүр, Цагаан эрэгт малчин өрхүүд өвөлжиж, хаваржиж, намаржиж хадлан тэжээлээ бэлтгэдэг. Газар тарилан эрхэлдэг онцгой бүс нутаг учир нүүрсний тортог, тоосжилтыг 500 метрээс цааш газарт явуулахгүй байхаар хамгаалах, эргэн тойронд битүү мод тарих зэрэг шаардлага хүргүүлээд байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тогтоолыг хүчингүй болгож, Гаалийн хяналтын бүсийг татан буулгах болно гэв. Би анх газар олгоход тогтоолоор зааж өгсөн байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Засаг дарга ажлын хэсэг байгуулж өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт хийж хугацаатай үүрэг өгсөн ч зөрчлөө арилгаагүй байна. Цагаан түнгэ багийн ИНХ-ын дарга Б.Цэрэнтогтох “Сумын Засаг дарга Э.Уртнасан манай багийн иргэдтэй уулзаад сөрөг нөлөө үзүүлэх юм бол би өөрөө зогсоож чадна гэж хэлсэн. Энэ үгээ нутгийн цахим орчинд өөрөө тавьсан байна лээ” гэв. Ажлын байраар хангагдаж буй ажилчдын эрх зөрчигдөж байгааг онцолсон. Тэд өдөр бүр 12 цаг ажиллаад 350-450 мянган төгрөгийн цалин авдаг. Сүү өгдөггүй. Хөдөлмөр хамгаалал муу. Түүнчлэн цайны газар, үйлчилгээний цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байлаа. Мөн тус багийн Иргэдийн нийтийн хурлын өмнөх дарга Л.Пүрэвжав ажлаа өгөөд “Мо Эн Ко”-д жолоочоор орсон аж.
МӨСӨӨ ХАЙЛУУЛААД УУХ ГЭТЭЛ ХӨӨ, ТОРТОГ БАЙЖЭЭ
Манай багийн малчид Үенч голынхоо мөсийг хайлуулж ундны усандаа хэрэглэдэг. Гэтэл энэ жил мөсөө хайлуулаад уух гэтэл хөө тортогтой байсан гэж Цагаан түнгэ багийн малчин Б.Галбаатар, түүний гэргий М.Ариунзаяа нар бидэнд сэтгэл зовнин хуучилсан юм. Түүнчлэн малын цээж хар болсон. Холхон шиг айлын малтай нийлбэл ялгахад амар болсон хэмээн хошигнож байв. Мөн малчин Г.Мөнгөнцоож, Б.Аюуш, С.Бадрах нар “Бид Гаалийн бүсийг эсэргүүцэж мотоцикльтэй жагссан. Гэтэл сумын Засаг дарга жагслаа гэж биднийг дарамталсан. Өндөр настан сумын алдарт уяач Т.Төрөө гуайг зодсон. Тус компани багийн малчдаас мал мах, сүү авна гэж гэрээ хийсэн гэсэн. Гэвч манай эндээс мах авахаа больсон. Саяхан эндээс 70 км-ийн зайтай Жаргалант багаас мал,махаа авсан сурагтай. 30 жилээр газар эзэмшүүлэх гэрээ хийсэн гэсэн. Хэдхэн сар болж байхад хөрс ургамал, малд ийм сөрөг нөлөө үзүүлж байгаа юм чинь цаашид юу болохыг төсөөлж байна. Тиймээс Гаалийн хяналтын бүсийг зогсоож татан буулгахыг шаардаж байлаа. Мөн тус багаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтод зогсоож өгөх талаар үгээ дайж байв. Ховд аймгийн Үенч сум Улаанбаатар хотоос 1800 орчим км-т орших алс хязгаар байгалийн өвөрмөц тогтоцтой сум билээ. Нийт 5000 гаруй хүн амтай, 20 гаруй мянган толгой малтай томоохон суурин газар. Жилийн гурван улиралд сумын төв, багаараа нутагладаг. Зун ялаа шумуулаас дайжиж сумаар 20-30 км сэрүүн газар уулын хяраад нүүдэллэж зусдаг онцлогтой. Ялангуяа Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэр нь Үенч голоо даган байрлах үржил шимтэй сумын хадлан тэжээлийн гол бүс. Зундаа малаа оруулахгүй байж байгаад намар зуслангаасаа бууж ирээд хадлангаа бэлтгэдэг. Мөн ногоогоо тарьж ургуулдаг өгөөжтэй хангай. Малчид малаа бэлчээрлүүлэх газаргүй, уух ус нь ширгэж, ургамал ногоо нь ургахаа болж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл үүсээд байгааг төр засаг анхааралдаа авч Цагаан түнгийн Гаалийн хяналтын бүсийг татан буулгаж өгөхийг хүсч байв.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.МЯГМАРБАЯР
Zochin · 2018/05/23
Zasag darga ni ooroo 5 mashin yvuuldag yumdaaa nuursnd