Элэгний С вирусийн эсрэг вакцин гаргаж авахаар дэлхийн эрдэмтэн, судлаачид ажиллаж байгаа гэнэ. Манайхан энэ талаар Кубтай хамтарч ажиллахаар яриа өрнүүлж буй. Үүнээс гадна чихрийн шижингийн эмчилгээний технологи, шүлхийн эсрэг вакцин гаргах талаар ч хамтарч ажиллах санаатай гэнэ.

Саяхан МУИС ба Бүгд найрамдах Куб улсын Элчин сайдын яам хамтран Кубын био технологийн төвтэй хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг хийсэн юм. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Монгол Улс дэлхийн биотехнологийн зах зээлд нэвтрэхийн тулд Куба улстай хамтран ажиллах шаардлатай байна” гэжээ. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд асан, доктор П.Нямдаваагийн хэлсэн үгийг олон хүн чих тавин сонсов. Вирус судлаач тэрбээр хэлэхдээ “В гепатитийн эсрэг вакциныг бид Кубтай л адил нэвтрүүлсэн. Одоо бүх хүүхдийг төрснийх нь дараа вакцин тарьдаг. В гепатитийг хяналтанд авах бүрэн боломж бий. 1980-аад оны төгсгөлд С гепатит гэдгийг чинь мэдэхгүй байсан байхгүй юу. Одоо бол сайн үйлчилгээтэй, хор нөлөө багатай эмүүд гарчихлаа. 2030 он гэхэд С гепатитийг эпидем байдлаар тархахыг болиулна гэж ДЭМБ ч ярьж байгаа. Гэхдээ би вирус судлаач хүний хувьд эмээр ямар нэг өвчнийг бүрмөсөн устгасан түүх байхгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл одоогийн хамгийн сайн С гепатитийн эсрэг эмээр эмчлүүлсэн хүн ахиад халдвар авах эрсдэл бий. Ийм тохиолдолд вакцин чухал. Одоо дэлхий дахинд гепатит С-гийн эсрэг вакцин туршиж байна. С гепатитийн эсрэг вакцин гаргачихсан улс миний мэдэхээр одоохондоо байхгүй. Энэ ирээдүйтэй, манай улсын хувьд амин чухал асуудлууд дээр хамтарч ажиллах нь чухал. Кубтэй хамтарч төвөө байгуул, мэргэжилтэн урь” гэлээ.

“Гепатит С вирусийн Америкт тархсан генотип, манайд тархсан генотип огт өөр байдаг” гэж академич онцолсон шүү. Яг вакцин үйлдвэрлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ажээ. Цагийн сайханд манай Био комбинат Унгартай хамтарч Орост зарим бүтээгдэхүүнээ гаргаж байсныг ч тэрбээр дурдаж байлаа.

Б.ЯНЖМАА

Эх сурвалж: Өдрийн сонин