14 настай Золбоо гэх хүү давтлаганд явахаар гарсан ч гэртээ эргэж ирээгүй юм. Ингээд түүний эцэг эх хүүгээ хайх ажиллагааг хамаатан садан, найз нөхөд, цагдаагийн байгууллагатай хамтран эрчимтэй хайсны дүнд олжээ.

   14 НАСТАЙ ЗОЛБОО  ХҮҮГ ААВЫНХ НЬ НАЙЗ ТЭНГИС КИНО ТЕАТРЫН ОЙРОЛЦООГООС ОЛЖЭЭ

  Тухайн үед хүү айсан, ямар нэг юмнаас зугтаж байсан байр байдалтай олсон байна. Хүүгээ алга болоход ойр дотны хүмүүсийн зөвлөснөөр хамгийн түрүүнд цахим тоглоомын газраар хайж эхэлжээ. Золбоогийн хувьд цахим тоглоомоор тоглодог ч тодорхой хугацаатайгаар аав дүү нарынхаа хамтаар тоглодог. Түүний ээжийн хувьд хүүгээ хайх явцад цахим тоглоомын газар гэж хүүхдийг хар тамхи шиг хордуулж, эцэг эхийн хоол авч идээрэй гэж өгсөн багахан мөнгийг нь хүртэл хураадаг гээд сэтгэл эмзэглүүлэм гэдгийг тэрээр хэлж байлаа. 3 хоног хаагуур явж, хэнтэй хамт байсныг эцэг эх нь одоог хүртэл мэдээгүй. Учир нь алга болсон гурав хоногт хүүд тохиолдсон явдлыг асууж шалгаахад түүний сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт гарах эрсдэлтэй байх гэж болгоомжилж байгаагаа хэллээ.

Золбоогийн хувьд доороо 3 дүүтэй айлын том хүү.

 НАЙЗУУДТАЙГАА, АНГИЙНХАН ДУНДАА ЭЕЛДЭГ ТӨЛӨВ ТҮВШИН, ОЮУН САНААНЫ БОЛОН БИЕ БЯЛДРЫН ЯМАР НЭГЭН ӨӨРЧЛӨЛТГҮЙ ЮМ БАЙНА

Шилжилтийн насанд орж яваа түүнд ээж нь тавих анхаарлаа огт сулруулдаггүй гэж хэллээ. Аль болох хүүтэйгээ ярьж, зөвлөж, найз шиг ханддаг байна. Хүүгээ гэрээсээ дайжаад дур мэдэн явсан гэж огт бодохгүй байгаагаа түүний ээж хэлж байлаа. Тэдний гэр бүл өнөр өтгөн, зөв хүмүүжил, зөв төлөвшилтэй, ямар нэгэн хорт муу зуршилгүй аз жаргалтай амар тайван байдаг гэж хүүгийн ээж Хулан ярьлаа.

ГУРАВ ХОНОГИЙН ТУРШ АЛГА БОЛСОН ЗОЛБООГИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙГАА

Ээж нь хүүгийнхээ эрүүл мэндийг ямар байгааг шинжлүүлэхээр шүүх эмнэлэгт хандахыг хүссэн ч хэрэг үүсгэж байж шүүх эмнэлгийн шинжилгээнд хамрагдах учраас шинжилгээ хийлгээгүй байна. Хүүгийнхээ сэтгэл санааны байдлыг тогтворжсоны дараагаар эрүүл мэндийн байгууллагаар явна гэдгээ хэлж байв. Өнгөрсөн онд 10 сар орчмын хугацаанд гэхэд хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 1000 гаруй удаа ирж байжээ.

tv5.mn