Харилцагчдын хадгаламж эрсдэлд орсон уу
2018/06/14
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн активийн чанарын үнэлгээгээр арилжааны банкууд өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Улмаар “УИХ хаалттай хаалганы цаана хууль хэлэлцэж, банкны эздийн дутаасан хөрөнгийг татвар төлөгчдийн халааснаас нөхөх үү” гэдэг асуулт олон нийтийн дунд хөврөх болов.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Aрилжааны таван банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчид буюу харилцагчдын мөнгийг тодорхой хэмжээгээр дутаасан гэсэн үг. Нийт 511 тэрбум төгрөгийн дутсан. Энэ нь 28 их наяд төгрөгийн активтай банкны системд эрсдэл үүсгэх хэмжээний дутагдал биш” гэжээ. Харин Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Банкны захирлууд Олон улсын аудитын байгууллагаас гаргасан дүнд сэтгэл хангалуун байгаа. Энэ бол 28-хан жилийн түүхтэй, улс төрийн байдал нь ороо бусгаа банкны секторыг Европын банкны стандартаар шалгасан гэхэд үнэхээр сайн үзүүлэлт. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн хүнд үеийг туулсан банкууд энэ дүнг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн эдийн засгийн өсөлт энэ дутагдлыг нөхчих болов уу гэж харж байна. Хангалттай хугацаа өгөгдсөн. Олон улсын валютын сангийн зүгээс Монголын банкуудыг Евро стандарт руу шахаж байгаа.
Үүнийг Монголын банкууд найрсгаар хүлээн авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцүүлэхийг дэмжинэ. Гэхдээ зайлшгүй хэлэх хэрэгтэй хэдэн зүйл байна. Нэгд, Монгол Европын улс биш. Энэ банкны систем чинь 28-хан жилийн түүхтэй. 500 жилийн түүх хөгжлийн үндсэн тогтсон стандартыг Монголд шууд наах нь эдийн засагтаа хохирол дагуулж болзошгүй. Хөгжиж буй улсын өөрийн онцлог гэж байна. Улс төрийн хувьд бие биенээ үгүйсгэдэг. Дээрээс нь, гадаад худалдааны хувьд урд хөршөөсөө, хойд хөршөөсөө нефтийн хамааралтай, олон улсын таваарын зах зээлээс мэдрэмтгий ийм улсад ажиллаж буй банкны сектор маш уян хатан байх ёстой. Тэгж ч явж ирсэн. Ингэж явсныхаа хүчинд Европын Төв банкны том стандартыг давж чадлаа” хэмээн тайлбарласан юм.
Арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа бол олон нийтээс хадгаламж хэлбэрээр мөнгө татан төвлөрүүлж, түүгээрээ зээл олгох явдал. Харин олгосон зээл нь чанаргүйдэж, банкинд үүссэн алдагдлыг банк өөрөө нөхөж, олон нийтээс татсан хөрөнгөө буцаан төлөх чадвартай байхыг банкны өөрийн хөрөнгө гэж тодорхойлжээ. Тиймээс өөрийн хөрөнгийн хүрэлцээг тухайн банкинд итгэх итгэлийн гол үзүүлэлт ч гэж үздэг байна. Тэгвэл олон улсын байгууллагаас банкуудын зохистой харьцаа алдагдсан гэдгийг тогтоосон даруйд Монголбанкны зүгээс арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ нэмэх хугацаатай үүрэг өгсөн. Арилжааны банкууд энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ хангах үүрэг хүлээсэн. Хэрэв өгөгдсөн хугацаанд өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж чадахгүй бол Засгийн газарт хөрөнгө гаргаж, дутсан мөнгийг нөхөх эрх олгох нь Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийн гол агуулга юм. Нөгөө талаар арилжааны банкууд зохистой харилцаагаа хангаж чадсан тохиолдолд татвар төлөгчдийн халааснаас мөнгө зарлагдах шаардлага үүсэхгүй гэдгийг Төв банкныхан хэлж байгаа. Засгийн газар шаардлагатай тохиолдолд өрийн бичиг үйлдэх замаар шийдвэрлэх боломжтой юм байна. Ямартай ч Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг УИХ хаалттай горимоор хэлэлцэн дэмжчихсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Ч.Улаан “Гал хамгаалагчийн шинжтэй” хуулийн төсөл хэмээн тодорхойлжээ.
ОУВС-гийн хөтөлбөрийг хүрээнд хийсэн активийн үнэлгээний дүн өнгөрсөн хоёрдугаар сард гарсан бол нэгдүгээр сард Банкны холбооноос танилцуулсан банкуудын 2017 оны тойм мэдээнд бүх арилжааны банкууд Монголбанкнаас тогтоосон зохистой хэмжээний шалгуурыг давсан, 2016 оныхоос сайжирсан талаар мэдээллээд байлаа. Тухайлбал, системийн нөлөө бүхий банкуудын дотроос ХААН банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ хамгийн өндөр буюу 23.4 хувьтай, бусад томоохон банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ ихэнх нь 16 хувиас өндөр байгаа гэж гарсан. Харин жижиг банкуудын тухайд, Капитрон болон Чингис Хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтттэй ойролцоо буюу 12-14 хувьтай байгаа нь эдгээр банкуудын хувьд зээл зах зээлд өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Үндсэндээ бүгд Төв банкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээ болох 12 хувийн босгыг давсан гэж тайланд дурдаж байв.
Гэтэл олон улсын аудитын “PWC” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны активийн чанарыг үнэлэхэд тав нь шалгалтад бүдэрсэн. Монголбанкны зүгээс өөрийн хөрөнгөө дутаасан таван банкны нэрийг нууцалж байгаа бөгөөд Н.Баяртсайхан ерөнхийлөгч өгөгдсөн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй банкны системд нөлөө бүхий банкуудад Засгийн газар хувь эзэмших замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээг нь хангах арга хэмжээ авах талаар ярьсан байна. Монгол Улсын нийт санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар эзэлдэг. Банкны системийн нийт активийн 91 хувь нь системийн нөлөө бүхий банкуудад төвлөрч байна. Системийн нөлөө бүхий банкуудад Худалдаа хөгжил, ХААН, Голомт, Хас, Улаанбаатар хотын болон Төрийн банк тооцогдож байгаа юм. Түүнчлэн заасан хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадалгүй хуулийн шаардлагыг биелүүлэхгүй бол төрөөс хариуцлага, албадлагын арга хэмжээг хуульд заасны дагуу авах боломжтой. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдэд алдагдал, хариуцлагыг хүлээлгэж төр банкны удирдлагыг авахаас эхлээд бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах зэрэг арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл, тухайн банкны удирдлага Монголбанкинд шилжиж, зургаан сарын хугацаанд аврах ажиллагаа зохион байгуулна. Аврах үйл ажиллагаа явуулаад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол хуулийн дагуу банкийг дампууруулах хүртэл арга хэмжээ авах эрх Төв банкинд байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлжээ. Иймд арилжааны банкууд хариуцлагажиж, өөрийн хөрөнгийн зохистой харьцаагаа хангахаар идэвхтэй ажиллана гэж албанынхан тооцож байгаа аж. Банкуудын хувьцаа эзэмшигч, удирдлагууд энэ хугацаанд багтааж шинээр мөнгөн хөрөнгө оруулах, хувьцаа гаргаж шинэ хөрөнгө оруулалт татах, бүтцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны өөрчлөлт хийх гэнэ.
Үндэсний шуудан сонин