Эхчүүдийн 46.2 хувь нь, 19-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жинтэй байна гэв
2018/06/18
“Чихэрлэг ундааны онцгой албан татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол" уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 15-нд боллоо. Тус арга хэмжээний зорилго нь чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагчдад танилцуулах, дэмжлэг авах юм байна. Чихэрлэг ундаа нь шимт чанаргүй, энгийн нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн юм.
Энэ төрлийн ундааны хэрэглээ илүүдэл жин, таргалалт, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Монгол Улс халдварт бус өвчний тархалтаараа Номхон далайн бүсийн орнуудаас долоодугаар байранд ордог.
Манай орны хүн амын нийт нас баралтын дотор зүрх судасны өвчний шалтгаант нас баралт гурван хүн тутмын нэгийг, хэвтэн эмчлүүлэгчдийн 55 хувийг зөвхөн зүрх судасны эмгэгтэй өвчтөн эзэлж байна. Түүнчлэн жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн энэ өвчнийг эмчлэхэд зарцуулж байгаа аж. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Монгол Улсад чихэрлэг ундааны борлуулалтад үндэсний үйлдвэрүүд давамгайлж (2016 онд 88 хувь), сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өсөж 1.5 дахин нэмэгджээ. Мөн манай улсын 2012 оны чихэрлэг ундааны зардлыг 2015 оныхтой харьцуулахад 41 хувиар өсөж, 77.3 сая төгрөгт хүрсэн нь анхаарал татаж байна. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэнд ноцтой үр дагавар дагуулахыг сэрэмжлүүлж байна.
Монголд чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад татварын орлого жилд 98.4 тэрбум төгрөг байх ба улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой юм байна. Мөн нэг хүнд ногдох энэ төрлийн ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой байгааг АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, судлаачид тооцож гаргасан судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр АШУҮИС-ийн захирал, доктор, профессор О.Чимэдсүрэн “Чихэрлэг ундаанд татвар ногдуулахад тухайн улсад үйлдвэрлэж байгаа, гаднаас оруулж ирдэг чихэрлэг ундааны хэмжээ, хэрэглээ гээд олон зүйл дээр үндэслэн боловсруулдаг олон улсын “таксим" гэх аргыг хэрэглэдэг. Татвар ногдуулах нь мөнгө олох гэж байгаа явдал огт биш юм. Гол санаа нь алсын үр дагаврыг багасгах, татвараар орсон хөрөнгийг хүмүүс, хүүхдүүдэд эрүүл зан үйл олгоход чиглүүлэх ёстой.
Бизнес эрхлэгчдийн хийж байгаа зүйл нь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, зөв байх ёстой. Тэр хүмүүсийн орлого буурах нь, ард түмний эрүүл мэндээс илүү чухал биш. Эрүүл бизнес эрхэлж, эрүүл мөнгө олвол ямар ч бизнес ашигтай байна” гэлээ.
Харин АШУҮИС-ийн багш, судлаач М.Ундрам хэлэхдээ “Дэлхийн улс орнууд чихэрлэг ундааны татварын бодлогод анхаарч байгаа нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилготой нь холбоотой. Энэ үйл ажиллагаа нь дэлхий нийтийн хувьд шинэ зүйл биш. Дани улс 1937 онд татвар ногдуулсан. Чихэрлэг ундаанд татварын бодлого хэрэгжүүлэх нь хоёр талын ач холбогдолтой.
Хортой хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлаж сургуулийн сурагч, өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн сургалтын үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг бий болгох, нөгөө талаас илүүдэл жин, шүд өвчлөлт гэх мэт гарч болох эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг бууруулах явдал юм" гэв. Илүүдэл жин, таргалалт нь халдварт бус өвчний голлох эрсдэлт хүчин зүйлд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
Тухайлбал, энэ онд хийгдсэн "Хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-ны дүнгээр эхчүүдийн 46.2 хувь нь, 19-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгааг тогтоожээ. Түүнчлэн сургуулийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг, тав хүртэлх насны найман хүүхдийн нэг нь илүүдэл жинтэй байгаа нь бага наснаас эхлэн таргалалт үүсэж буйг илтгэж байна. Тус судалгааны зөвлөмжид өндөр илчлэгтэй, шимт бодис багатай хүнс болох чихэрлэг ундаанд татвар ногдуулах шаардлагатай гэж тусгасан байдаг. ДЭМБ-аас гишүүн орнууддаа чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосон байдаг.
Энэхүү зөвлөмжийн дагуу АНУ-ын ихэнх муж, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд, БНСУ, Камбожи, Бангладеш, Лаос, Өмнөд Африк зэрэг дэлхийн олон улсад чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулаад байна. Мексик, дэлхийн хамгийн өндөр таргалалт, чихрийн шижингийн тархалттай улсад тооцогддог. Иймээс Мексикийн Засгийн газраас 2014 оноос чихэрлэг ундаанд 10 хувийн татвар ногдуулсан.
Энэхүү татварын бодлогын үр дүнд дараагийн арван жилийн хугацаанд илчлэгийн хэрэглээг нэг хүнд хоногт 8.38 ккалаар бууруулж, илүүдэл жингийн тархалтыг 0.51 хувиар, таргалалтын тархалтыг 2.54 хувиар, чихрийн шижингийн шинэ тохиолдлыг 1.7-6.8 хувь бууруулах боломжтойг тооцоолжээ. Чихэрлэг ундаа нь илүүдэл жин, таргалалтаас гадна шүд цооролтын үндэс болдог. Чихэрлэг ундаа, жимсний жүүсэн дэх их хэмжээний чихэр нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөх хүчиллэг орчинг бүрдүүлж, шүдний паалан сийрэгжиж, наалдамхай байдал нь нянг үржүүлж, чулуу үүсгэн шүд цоорох шалтгаан болдог ажээ.
Дэлхийн хэмжээнд сургуулийн насны хүүхдийн 60-90 хувь нь шүдний цооролттой байна. Сонирхуулахад 250мл савтай чихэрлэг ундаа ойролцоогоор 5-6 цайны халбага элсэн чихрийн найрлагатайгаас гадна ямар ч шим тэжээл агуулдаггүй байна. Мөн чихэрлэг ус, ундаа нь амны цангаа тайлах, цадах мэдрэмж төрүүлдэггүй учир ам цангаж, өлсөж байхдаа чихэрлэг ундаа бус ус хэрэглэх нь тохиромжтой.
М.Мягмарнаран
Эх сурвалж: "Өглөөний сонин"