Б.Булган бүтэн 20 жил тээсэн "зовлон"-гоо захидалдаа шингээсэн үү?!
2018/06/20
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдсанаас хойш бүтэн 20 жил өнгөрчээ. Учир битүүлэг аллагын цорын ганц амьд гэрч нь түүний гэргий Б.Булган Тэрбээр бүтэн 20 жил дотроо тээсэн, магадгүй хав дарсан нууцаа сая нэг задалж захидал бичсэн байхыг үгүйсгэхгүй.
Хэдийгээр түүний захидал олон нийтэд төдийлөн ил болоогүй ч Б.Булган эр нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг, ядаж л үнэнд ойртох сэжүүрийг "илчилсэн" байж ч мэднэ.
Учир нь, өнгөрсөн хугацаанд үргэлж гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгдөг байсан түүнийг нэг л өдөр яллагдагчаар татан шалгах болсон. Нарийн хэлбэл, Б.Булганыг нөхрийнх нь үхэлд "буруутгаж", бүр түүний үхлийг захиалахад гар бие оролцсон гэж сэрдэж байгаа юм. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Тагнуулын ерөнхий газраас Б.Булганыг хоёр ч удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Түүнийг нь прокурорын байгууллагаас "баталж”, Б.Булганыг яллагдагчаар татсан гэдгээ олон нийтэд албан ёсоор мэдээлсэн билээ.
Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцох үеэрээ “С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганыг яллагдагчаар татсан. Анх гэрч, дараа нь хамжигчаар тооцон шалгасан. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 онд дууссан учир хэрэгсэхгүй болгосон. Б.Булганыг С.Зоригийн хөнөөсөн захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа. Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна" гэх тайлбарыг өгч байлаа.
Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас "УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг шалгаж байна. Энэхүү хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан" хэмээн ярьсан байдаг.
Үүнээс гадна "Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгаа авсан байсан учраас дахин түүнээс нууцын баталгаа авах шаардлага байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэх мэдээллийг өгсөн билээ.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Ж. Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ үеэр С.Зориг агсны гэргий Б.Булганыг төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээсэн талаар дурдсан юм.
Тэрхүү захидалдаа Б.Булган ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж үзээгүй гэдгээ онцолсон талаар ч хэлсэн. Түүнчлэн Ж.Батзандан гишүүн Б.Булганы захидалд ноцтой олон баримт, мэдээлэл байгааг ч дурдсан төдийгүй хуулийн хүрээнд энэ долоо хоногийн сүүлчээр түүний захидлыг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Б.Булган долоо хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж захидал бичсэн. Б.Булганы захидалд ноцтой олон асуудал дурдагдсан байна лээ. Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн ярилаа.
Ямартай ч С.Зориг агсны гэргий Б.Булган захидал бичжээ. Ж.Батзандан гишүүний ярьснаар бол түүний захидалд ял авсан гурван нөхөртэй нэг ч уулзаагүй, өмнө нь харж ч байгаагүй гэдэг нь хуулийнхан төдийгүй олон нийтийн дунд шинэхэн мессеж байсан нь лавтай. Магадгүй түүний захидал бүрэн эхээрээ олон нийтэд ил болоход үүнээс л илүү мэдээлэл ил болно. Тэр ч утгаараа С.Зориг агсны үхлийн шалтгаан, хэн түүний амийг захиалсан гэдэг нь илүү тодорхой болохыг ч үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл, Б.Булганы 20 жил дотроо хадгалсан, басхүү тээсэн зовлон нь тэрхүү захидалд шингэсэн байж мэднэ. Харин олон нийт түүнийг нь анхааралтай ажиглаж, захидал бүрэн эхээрээ нийтэд ил болохыг хүлээх л үлдэж байна.
Б.Төрбат
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Иргэн · 2018/06/20
ЦЕГ ТАГНУУЛ ШҮҮХ ПРОКУРОРЫНХОН. ПРОДАКШН БАЙГУУЛЖ ДЕТЕКТИВ КИНО ХИИСЭН НЬ АМЖИЛТАНД ХҮРСЭНГҮЙ ДЭЭ .ЗОХИОН БАЙГУУЛСАН НӨХДҮҮД ШОРОНДОО ОРОХ БОЛЖ ДЭЭ
zochin · 2018/06/20
20 jiliin umnu Bulganii amaar zursan zurguudaa yu gej tailbarlasan ni sonin ba daa
Иргэн. · 2018/06/20
Энэ хэргийн үнэн мөн нь тогтоогдож, буруу шүүсэн, шүүлгэсэн, зохиосон зохиолч найруулагч нар дээлээ нөмрөөсэй???...
Зочин · 2018/06/20
Элбэгдорж , Батүүл - дээлээ нөмрөх болжээ