​Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах аж үйлд­вэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, тус яамны газрын дарга асан, одоо ГХЯ-ны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү “МоХөТэ” компа­нийн захирал Б.Баттулга нарыг Авлигатай тэмцэх газар хэд хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэл­сэн.

Улмаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт цагдан хорьсон ч заримыг нь батлан даалтад гар­гасан байна. Батлан хам­гаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболдыг батлан даалтад гаргасан талаар мэдээлсэн ч түүнтэй хамт ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатарыг сулалжээ.

Дээрх хурандаа нарыг “Миг-2” байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ бай­гуулсан хэргээр хорих ял сонссон хурандаа Т.Дашдэлэгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн таамаг байсан юм. Гэсэн ч энэ мэдээллийг эх сурвалж үгүйсгэж байна. Харин дээрх хүмүүсийг Баянзүрх дүүргийн VI хороо, Монгол цэргийн музейн хашаанд баригдаж буй Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууцны барилгын хөрөнгийг хувьдаа завшсан, бусдад шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа аж. Энэ хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Таныг АТГ-аас баривчилсан гэж сонссон. Батлан даалтад хэзээ гарсан бэ?

-Гурав хоног саатуулагдаад өнгөрсөн бямба гарагт суллагдсан. 

-Ямар хэрэгт таныг буруутгасан юм бэ?

-Барилга барих асуудалтай хол­боотойгоор цагдаагийн бай­гууллага дуудаж мэдээлэл авсан.

-Ямар барилга вэ. Батлан хам­гаалах яамны 300 айлын орон сууцны барилгатай хол­боо­той­гоор уу?

-Тийм. Мөнгө шилжүүлж өг­сөн гэж буруутгасан. Түүнээс өөр асуудлаар шалгасан зүйл байхгүй.

-Таниас өөр хэд хэдэн хүнийг шалгаж байгаа гэсэн. Тэднийг мөн батлан даалтад гаргасан юм уу?

-Өөр хүний талаар юм яримааргүй байна. Одоохондоо хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Монгол цэргийн музейн хашаанд баригдаж буй Батлан хам­гаалах яамны 300 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч компанийг одоогоос хоёр жилийн тодруулж, сан­хүүжилтийг нь төрөөс гаргуулан авсан ч ажил нь хийгдэхгүй байгаа нь хуулийнхны хараанд өртсөн гэнэ. Орон сууцны барилгын ажлыг УИХ-ын гишүүнээр ажиллаж бай­сан Б.Батбаярын хүү Б.Баттулгын “ХөМоТэ” компани барихаар улсаас арван тэрбум төгрөг авсан ч өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй ажээ. Иймд тус компанийн захирлыг эрүүгийн хэрэгт татахад хүргэжээ. Мөн орон сууцандаа орох гэж хүлээсэн яамны ажилтан, офицеруудын гомдлоос үүдэж хэргийг шалгах болсон бололтой. Б.Баттулгыг баривчилж, цагдан хорьсон гэдэг мэдээлэл цацагдсан ч компанийн ажилтнууд нь өөр тайлбар өгч байна. “ХөМоТэ” компани нь “Спейшл” корпорацийн охин ком­пани юм. Тус корпорацийн захирлын албыг Б.Баттулга хашдаг аж. “Спейшл” корпорацийн ажилтан н.Ганзориг “Захирал гадаад явсан. Өнөөдөр (өчигдөр) орой ирнэ. Хоригдоогүй. Гадуур шалгагдаж байгаа” гэв. Тус компанийн өөр нэгэн ажилтан нь “Өнгөрсөн долоо хоногт гадагшаа явсан. Ирэх болоогүй” гэсэн юм. АТГ-ын дарга Э.Амарбат “Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбар хийлээ.

Хэргийн гол буруутан нь БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсай­хан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан нарыг гэж хуулийнхан үзсэн бололтой. Тэдний хорих хугацааг сунгаж, хэрэгт хамт татагдсан хурандаа Л.Ариунболд, Ш.Сүх­баатар нарыг батлан даалтад гар­гасанаас үзэхэд ингэж үзэх үндэс­лэл байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болдын үед уг барилгын тендер зарлагдаж, дээрх хурандаа нар яамны бодлогыг тодорхойлж байжээ. Л.Болд сай­дын хувьд энэ хэрэгт буруутаж магад­гүй байна. Учир нь УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүүд 10 тэр­бум төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг өгсөн нь тохиолдлын зүйл биш гэж харах нэгэн бий. Дашрамд сонирхуулахад, Батж.Батбаярын хүүгийн “Спейшл” корпораци нь Л.Болд сайдын “Бодь” цамхагийн байранд байрладаг юм билээ.

Т.АМАРТҮВШИН