Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сургалтад өөрчлөлт оржээ
2014/01/26
Энэ жилээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яам салбарт тэр дундаа бага, дунд, ахлах ангийн сургалтад маш их өөрчлөлт орсон хэмээн Л.Гантөмөр сайд хэллээ.
Өөрөөр хэлбэл та, бидний сургуульд заалгаж байсан сургалтын арга барил ор үндэсгүй алга болж олон улсын жишигт нийцсэн сургалт, хэрэглэгдэхүүнийг зоригтойгоор туршиж эхэлсэн ба бүр үр дүнг аль хэдийн үзээд эхэлсэн гэдгийг онцлов.
Тухайлбал, зураг тааруу зурдаг сурагч наамал, чимэглэл гэсэн өөрөө сайн хийж чадах сонирхолтой хичээлийг сонгох боломжтой болсон байна. Энэ нь хүүхдийн авьяасыг нээж түүгээр нь илүү хөгжүүлэх боломж олгож буй хэрэг юм. Энэ мэтчлэн Ерөнхий боловсролын сургалтад олон өөрчлөлт орох юм байна.
Дэлгэрэнгүйг сийрүүлбэл,
1. Өөрчлөлт бага ангийн багш нараас эхэлнэ. Ерөнхийдөө 2014 он бага ангийн багш нарт онцгой анхаарсан жил болох аж. Учир нь бага ангийн багш монгол хүнийг бий болгодог. Тэгэхдээ зөв монгол хүнийг нийгэмд бэлддэг хүн юм. Тиймээс БШЯ-аас 27000 багшийг хүүхэд бүрийг хөгжүүлэх бүрэн сургалтад хамруулжээ. Одооноос эхлэн бага ангийн багш нар хүүхдийнхээ найз мэт ажиллах юм байна. Хүүхэд бүрийг хичээлээ хийхэд нь туслагч нь болно. Ингэхийн тулд сургалтын арга барилаа өөрчилнө. Өмнө нь багш нар хичээлдээ сайн хүүхдээ хичээлийн дараа үлдээж байгаад олимпиадад бэлддэг байсан бол одоо хичээлдээ тааруу хүүхдээ үлдээж ажилладаг болох юм. Харин хичээлдээ сайн хүүхэддээ илүү даалгавар өгөөд явуулах жишээтэй.
2. Хүүхдийн хийсэн хичээлийг нь үнэлэх үнэлгээ өөрчлөгдөнө. Өмнө нь 100 үгнээс 20 алдсан гэж муу дүн тавьдаг байсан бол энэ жилээс 80 үгийг нь зөв бичсэн хэмээн сайн үнэлгээ тавьдаг болно. Тэдний урмыг хугалах зүйл хийхгүй гэсэн үг.
3. Бага ангийн багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусална.
4. Хүүхдүүдийг зөв дадалд сургана. Ер нь хүүхэд бага ангидаа зөв хүн болж л төлөвшинө. Ингэхийн тулд хичээлээр нь тэдэнд дадал олгох юм. Гараа угаах, том хүнийг хүндлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах, найз нөхөд, аав ээж, ахмад буурлууддаа туслах, хог хаяхгүй байх гээд бүх зүйлийг сургалтаар нь олгоно. Уг хичээлд нь зориулсан ном, сурах бичгүүд ч гарчээ.
5.Өмнө нь сургуулийн захирлууд зөвхөн аж ахуйн ажил хийдэг байсан бол одоо хүүхэдтэйгээ ажиллана. Захирлууд өмнө нь сургуулийн дээвэр, сан техник, засвар үйлчилгээ гээд ахуйн чиглэлийн зүйлс ярьдаг байж. Тэдний дунд сурагчдынхаа сурлага, амжилтад санаа тавьдаг энэ тухай хөндөх нэг ч хүн байгаагүй аж. Тиймээс захирлууд ч гэсэн өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаардаг болжээ. Учир нь энэ нь багшийн ажлын ахицын үнэлгээнд шууд нөлөөлөх юм.
6. Л.Гантөмөр сайд сургуулиудын захирлуудад сургуулийн хүүхдүүдийнхээ 80 хувийнх нь нэрийг мэдэж ирэх даалгаварыг өгчээ.
7.Хүүхдүүдийг удаан цагаар суулгаж болсон, болоогүй янз бүрийн хичээл заах биш тэднийг байгаль, нийгмийн орчинтой нь биечлэн харьцуулсан сургалтуудыг явуулна. Хичээлийн завсарлагаанаар гимнастикийн дасгал хийхээс эхлээд маш олон зүйлүүд энд багтаж байгаа аж.
8.БШУ урьд нь багшийн цалин, сургуулийн засварт мөнгөө өгдөг байсан бол энэ жил хүүхэддээ мөнгө зарна гэж Л.Гантөмөр сайд хэлж байна.
9.Тэгэхийн тулд анги бүр, сургуулт бүр, кабинет бүрийг номын сантай болгоно. Өмнө нь хүүхдүүд номын санд очдог байсан энэ жилээс номын сан хүүхдүүд дээр очдог болох аж.
10.Эцэг, эхчүүдийн оролцоог сайжруулна. Өмнө нь багш нар ангийн засварын мөнгө, фондны мөнгө нэхэж эцэг, эхчүүдээ үргээдэг байсан. Тэгвэл энэ жилээс хүүхдүүдийг нь бүтээл хийлгэж сургаж түүнд нь эцэг, эхчүүдээс хөрөнгө оруулалтыг оруулах юм.
Дээрх олон өөрчлөлт хүүхдийн хичээл, сургалтад орно. Харин та энэ талаар дэлгэрэнгүй мэдмээр байвал хүүхдийнхээ ангийн багш, сургуулийн захиргаатай илүү ойр ажиллах хэрэгтэй. Хүүхдийн мэдлэгийн хүрээг тэлэхэд эцэг, эхийн оролцоо чухал гэдгийг та санах нь чухал. Мянга хүүхэдтэй багш ажиллаад бүрэн төгс мэдлэгийг ойлгож чадахгүй. Та дэмжиж гэрийн даалгаврыг хийхэд нь тусалж, багштай хамтран ажиллаж байж илүү үр дүнтэй хүүхдэдээ ойлгуулж чадна. Хүүхдийг багаас нь бүтээлч, бие даасан, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй, өөрийнх нь хийж чадах зүйлд нь түлхүү хөгжүүлж чадваас аливаа асуудалд шийдвэр гаргахдаа алдах байдаг аж. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө шийдвэр гаргаж, бие дааж хичээлээ хийх асуудалд зөв өнцгөөс нь харж сурах хэрэгтэй юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/27
Heheheh. Ene tegeed shinechlel yum uu? Yamar ch mergejliin medleggui iim humuus l uls orniig balladag yum baina
Зочин · 2014/01/27
Heregjbel saihan l hereg bna.