Газрын зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсан ч хэрэгжиж эхлээгүй байна
2018/08/07
Туул голын бохирдолтой холбоотой асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байна. Гэсэн ч үр дүнд хүрсэн зүйл тун цөөхөн. Туул голоо аварна, хамгаална гэсэн уриа лоозонтой ТББ ч олноороо байгуулагдсан. Мөн л хэсэг хугацаа өнгөрсний дараа алга болдог.
Мөн үе үеийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид Туулыг аврах төлөвлөгөөг танилцуулж гарч ирдэг. Тэр нь ч биелдэггүй. Ийм л нэг хуурамч сэтгэл зүтгэлээр Туул голдоо бид хандаж ирлээ. Нийслэл хотын дундуур урсах үзэсгэлэнт Туул гол 704 км-ийн урттай, таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Тэр ч утгаараа олон мянган иргэний ундны усны эх үүсвэр болж байна. Гэтэл голын эрэг дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламж, байгаль орчны бохирдол, арьс ширний үйлдвэр хэрээс хэтэрч бохирдол хэмжээнээсээ хальжээ. Энэ талаар бид олон удаа ярьж, бичиж байгаа ч дахин нэг сануулахаас өөр аргагүйд хүрлээ. Саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлахаар болсон. Энэ тушаал шийдвэр газар дээрээ хэрэгжихгүй байна. Мөн 2015 онд баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” гэж бий. Энэ журамд Туул голын эрэг дагуух онцгой хамгаалалтын бүс 50 метр хэмээн тогтоосон. Харин эрүүл ахуйн бүсийг 100 метр, энгийн хамгаалалтын бүсийн заагийг 200 метрээс доошгүй зайнд тогтоосон байдаг. Гэтэл Туул голын эргээс таван метр ч хүрэхгүй зайд төмөр, хар хашааг шахан босгожээ. Хуулиараа ямар ч тохиолдолд дээрх бүсүүдэд үйлдвэр аж ахуйн зорилгоор барилга байгууламж барих, газар эзэмших, ашиглах чиглэлээр газар олгохыг хориглодог. Гэсэн ч энэ мэт зөрчил Хатан Туулын эргээр дүүрэн байлаа.
Ийнхүү Туул голын эрэг орчмоор барилга байгууламж барьсан иргэдийн газрыг чөлөөлөх асуудлаар Богд Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгээс тодруулахад “ Цуцлах шийдвэрийг иргэн аж ахуй нэгжид хүргүүлсэн. Бид газар чөлөөлөлт хийх жагсаалтаа холбогдох дүүргийн газрын албанд хүргүүлсэн. Гэвч зарим нэг ААН шүүхэд хандаад маргаан үүсгэсэн байгаа. Гэхдээ удахгүй дүүргийн Засаг даргын захирамж гарвал албадан чөлөөлөх ажлууд хийгдэнэ. Одоо дүүргийн Засаг даргын захирамжийг хүлээж байна” хэмээв. Зөвхөн 28 аж ахуй нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 2018 он гарснаас хойш БОАЖ-ын сайд долоон удаа тушаал гаргаж, 202 иргэн аж ахуй нэгжийн газар ашиглах, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан талаар Богд Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын мэргэжилтэн А.Оюун хэлж байв. Гэсэн ч тушаал шийдвэр хэрэгждэггүй гэлээ. Туул голын эрэг дагуух замбараагүй газар олголтын талаар “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Туул голын эрэг дагуу барилга байгууламж барьж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Яагаад гэхээр, Туул голын сав газрын эко систем нь их эмзэг. Эрэг дагуух үйлдвэр үйлчилгээний газар нь Туул гол руу бохирдлоо цутгадаг нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр аль хэдийнэ нотлогдсон. Тиймээс хууль бус газрыг нэн яаралтай зогсоож хашааг нь чөлөөлж, дутуу баригдсан барилга байгууламжийг буулгаж эко системийг эргэж сэргээхгүй бол нэг өглөө босоход иргэд уух цэвэр усгүй болсон байна. Ийм эмгэнэлтэй тулгарна. Тиймээс Туул голын эрэг орчмыг хувийн бус нийтийн өмч болгох хэрэгтэй. Хашаа барьж, нүх ухсан компаниудиар нэн яаралтай хашаануудыг буулгуулж, эргэн төлүүлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж унаган төрхөнд нь оруулах цаашлаад иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг бий болгох ёстой. Мөн сүүлийн үед иргэд болон айл өрхүүд зөв зохистой амарч зугаалах тал дээр ёс суртахууны дэвшилд хүрсэн. Энэ нь бидний “усаа хамгаалъя” гэсэн яриа, тэмцлийн үр дүнд иргэд байгаль экологийн боловсролтой болсон гэсэн үг” гэлээ.
“Тунгалаг уст” Туул голын баруун хэсэг Хан-Уул дүүрэгт харьяалагддаг бол харин нөгөө хэсэг нь Богд Хан уулын ДЦГ-т харьяалагддаг аж. Хан-Уул дүүрэг нь 155 мянган хүн амтай. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай арьс ширний үйлдвэрүүд арьс ширийг боловсруулах явцад хром хэмээх хорт бодисыг ямар ч хяналтгүй ашигласаар. Гэтэл энэ нь дэлхий нийтээр хориглосон хорт хавдар үүсгэдэг, хүний тархины системийг гэмтээдэг, ургийн гажиг, мутац бий болгодог ийм бодис. Цаашлаад, үйлдвэрүүд ашигласан хог хаягдлаа тодорхой мэргэжлийн хяналтын байгууллагын заавраар аюулгүй байдалд оруулах атал ил задгай хог хаягдал шиг овоолоод, Хан-Уул дүүргийн ТҮК-ийн энгийн хог хаягдал ачдаг машинаар зөөвөрлөж, Биокомбинатын хогийн цэг дээр асгадаг нь иргэдийн цэвэр, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөөр байна.
Одоогоор Хан-Уул дүүргийн Туул голын эрэг дагуу 30 орчим арьс ширний үйлдвэр мөн ноос ноолуурын болон 00-н цаасны үйлдвэр бий гэнэ. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай шүүлтүүрийг хэрэглэдэггүй, дутуу цэвэрлэсэн бохир усыг “Харгиа” цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бөгөөд “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нь “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усын найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-ээс 3.3-21 дахин их гарсан баримт бий. Арьс, ширний үйлдвэрүүд стандартаас хоёроос тав дахин их бохир усыг Туул голд урсгаж буй талаар өнгөрсөн жилийн шалгалтаар тогтоогдсон билээ. Мөн хайрга дайрга олборлосноос болоод Туул голын урсац тасрах, хөрсний чийгийг нь барьж буй бургасыг сүйтгэх аюул нүүрлээд байна. Хайрга, дайрга нь усыг цэвэршүүлэн хатуулгыг багасгадаг ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуу 170 гаруй хайрга, дайрганы үйлдвэр байна. Энэ хайрга дайргыг компаниуд үнэгүй ашигласнаар усыг цэвэршүүлэх эко системийг үгүй болгоход үлэмж ихээр нөлөөлдөг билээ. Ийнхүү Тунгалаг уст Туулын асуудал олон жил яригдаж байгаа ч жил ирэх тусам бохирдол нь нэмэгдсээр байна.
Т.БАТСАЙХАН, Б.БАЯРЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин