Өнөөдөр хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хувь тэнцүүлсэн зарчим нь иргэдэд дэндүү гэмээр хохиролтой байдаг.

Тухайлбал, зээлийн хүүгийн эргэн төлөлт 70 хувь байхад үндсэн зээлийн эргэн төлөлт нь 30 хувь байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, банкууд үндсэн зээлийн хэмжээг өндөр байлгаж, зээлийн хүүгээ урьдчилж авах зарчмаар манай улсын банкууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Энэ нь  цэвэрхэн аргаар "Мөнгө хүүлэлт" гэж хэлж болно. Энэ байдлыг арилгахын тулд хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг төрийн эрхийг баригчид мэдэж байгаа ч шийдвэртэй арга хэмжээ авахгүй л байна. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөлд энэ байдлыг тусгасан бөгөөд бүх төрлийн зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон заалт оруулсан. Ингэснээр ипотекийн зээлийн хатуу нөхцөлийг өөрчилөх илүү шударга хувь тэнцүүлсэн зарчимд шилжүүлэх эрх зүйн боломж бүрдэх юм. 

Иргэд 30 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд сард 270 орчим мянган төгрөг төлж байгаа. 10 жил энэ маягаар явахад зээл, хүү гээд үндсэндээ 30 гаруй сая төгрөг төлнө. Гэтэл хүүг нь урьдчилж авч байгаа учраас энэ мөнгөний 70 хувь нь хүүнд явж,үндсэн зээлээс нь 30 хувь нь хасагдах жишээтэй. Энэ нь  анх зээлсэн мөнгөнөөсөө их мөнгийг эргүүлэн төлсөн ч та их хэмжээний зээлтэй хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. 

Тиймээс арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулиа хурдан баталж, уг тогтолцоог өөрчилөн харилцан ашигтай шударга тогтолцоонд шилжүүлэх нь иргэдийн амьжиргаанд ч ихээр нөлөөлнө. 

Эдийн засгийн мэргэжилтнүүдийн зүгээс энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ дараах тайлбарыг өгч байгаа юм. Банкуудын зээл хадгаламжийн бүтцийг харвал зээлийн эрэлт өндөр байгаа. Харин зээлийн гол түүхий эд болох хадгаламж харьцангуй бага. Энэ хамаарлаас шалтгаалан зээлийн хүү өндөр тогтдог. 

Эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас хамаарч зах зээлийн хүү тогтож байхад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох захиргаадалтын шинжтэй арга хэмжээ авбал зээл хомсдоно. Манай улсын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж л нийт зээл олголтын хүртээмж өснө. Хүртээмж нэмэгдсэнээр зээлийн хүү буурна. Хомс байгаа зүйл дээр хязгаарлалт тавьж эхэлбэл улам л хомс болно. Нэг үгээр картын бараатай л адил болно. 

Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг Төв банк өнгөрсөн сарын 23-нд баталсан.

Шинэ журамд иргэдийн эрх ашгийг хамгаалж, бодит мэдээллээр хангах олон заалт тусгасныг холбогдох албаныхан хэлж байв. Тодруулбал, зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон заалт орсон юм.

Гэвч энэ заалтыг банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар иргэд хэлж буй. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкууд хүүг урьдчилж авахыг хориглож, дээрээс нь арилжааны банкууд харилцагчдадаа нийт өртөг шингээсэн зээлийн бодит хүүг мэдээлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тодорхой арга хэмжээг Монголбанк авч, журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

Журам хэрэгжиж эхэлсэн долоодугаар сарын 23-наас хойш зээл авахдаа хүүгээ урьдчилан суутгуулсан нь тогтоогдвол арилжааны банкинд арга хэмжээ авч, иргэдийг хохиролгүй болгох юм байна.

С.Отгон