Япон улсын Токио хотын шүүх "Авар" компанийн тус хотын төв Чиёдо дүүрэгт байр­ладаг Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг (Chong­ryon)-ийн байрыг 5.1 тэрбум иенээр өнгөрсөн жил худал­дан авсныг хүчингүйд тооц­сон шийдвэрийг өнгөрсөн сарын 23-ны өдөр гаргасан байна.

Харин өнгөрөгч нэгдүгээр сарын 14-нд Токио хотын шүүхээс энэ асуудлыг авч хэлэлцэн, эцсийн шийдвэрийг 23-нд гаргана гэдгээ мэдэгдсэн билээ.  Тус шийдвэрээр Японы шүүх Токио дахь Солонгос иргэдийн холбооны төв байрны газар, 2390 хавтгай дөрвөлжин метр, доошоо хоёр, дээшээ 10 давхар барилгыг “Авар” компанид өгөхгүй гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Тус улсын шүүх Монголын "Авар" ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгал­тын явцад ирүүлсэн баримт, бичгүүд нь тамга, тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Тус объект нь Токио хотын төв болох Чиёдо дүүрэгт байр­ла­даг, газар доор хоёр давхар, дээшээ арван давхар бүхий өндөртэй, 12 000 ам метр талбайтай, нийт 2400 ам метр газрын өмчлөх эрхтэй барил­га юм. Мөн Япон дахь Хойд Солонгосын иргэдийг дэмжин ажиллаж байсан банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан ба тус санхүүгийн байгуулла­га 2007 онд дампуурснаар шүүхийн өр барагдуулах албанд хураагдсан байдаг. Улмаар Япон улсын шүүхээр хэлэлцэж, Япон дахь Хойд Солонгосын оршин суугчдын нийгэмлэгийн өмч болохыг нь тогтоосон тул өнгөрсөн онд дуудлагаар худалдах эрх зүйн нөхцөл бүрдсэн ажээ. Дуудлага худалдааны үеэр Монгол Улсад бүртгэлтэй "Авар" компани хамгийн өндөр үнэ хэлж, тус барилгыг газрын хамт худалдаж авсан байдаг.

Тэгвэл “Авар” ХХК Токиогийн шүүхэд шийдвэрийнх нь эсрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр давж заалдах өргөдөл гаргасан аж. Ийнхүү Токиогийн дүүргийн шүүх “Авар” ХХК-ийн хэргийг дахин авч хэлэлцэхээр болжээ.

 

Х.Даваа