М.Сономпил: 12 мянган өрх нийслэлд нүүж ирэн цахилгаанд холбогдоогүй
2014/02/03
Долоо хоногийн эхний өдөр буюу даваа гариг бүр “Бүтээн байгуулалтын цаг”-аар Шинэчлэлийн Засгийн газраас хийж бүтээж буй ажлаа танилцуулдаг билээ. Энэ удаагийн бүтээн байгуулалтын цагаар Эрчим хүчний сайд М.Сономпил оролцсон юм.
Эрчим хүчний яам 2013 оныг эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жилээр зарлаж байсан бол энэ оныг бүтээн байгуулалтын жилээр онцолжээ. “Энэ хүрээнд цахилгааны 173 Мвт, дулааны 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад өгнө гэж “Бүтээн байгуулалтын цаг”-ийн үеэр М.Сономпил сайд онцлов.
Тус яам 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон зарласан бол 2014 онд бүтээн байгуулалтын чиглэлд анхаарч ажиллах аж. Бүтээн байгуулалтыг хийхдээ Улсын төсөв, Хөгжлийн банк, Олон улсын зээл тусламжаар сүүлийн 30 жилд хийгдээгүй ажлыг хийхээр болжээ. Ингэхдээ улсын төсвөөс 147.7 тэрбум төгрөг, Чингис бондоос 50 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас 180 сая ам,доллар, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийнэ. Дулааны чиглэлээр Амгалан дулааны станцын 300 Гкал/ц, Дулааны III цахилгаан станцын 100, Дулааны IV дүгээр станцын 188 Гкал/цагийн эх үүсвэр ашиглалтад оруулж, 2014 онд нийт 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэлсэн юм.
Мөн бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний системийн горим ажиллагааг тогтворжуулах үүднээс Чойбалсан дулааны ЦС-ын өргөтгөл, Эгийн голын 220МВт хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг барих бэлтгэл ажил, Тэлмэний 100 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Туул-Сонгино цогцолборын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах үүднээс ДЦС IV –ийн 100 МВт-ын өргөтгөлийг хийснээр нийт 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломж нээгдэх юм байна.
Харин Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахаар “Их тойрог сүлжээ” төслийг хэрэгжүүлснээр 2030 он хүртэл хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлж байгаа гэдгийг салбарын сайд энэ үеэрээ онцлов. Нийслэлд хөдөө орон нутгаас жилдээ 12 мянган өрх нийслэл хотод нүүж ирэн тог цахилгаанд холбогдож амжаагүй байдаг ба эдгээр өрхүүдийг гэрэл цахилгаанд холбохын тулд улсын төсвөөс 8-10 тэрбум төгрөгийг төсөвлөдөг аж. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй 6 мянга гаруй өрх байдаг гэдгийг салбарын сайд хэллээ.
Амгалан дулааны станц, дулааны гурав, дөрөвдүгээр станцын өргөтгөл ашиглалтад орно. Энэ нь сүүлийн 30 жилд тус салбарт хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил юм. Зөвхөн “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 60 мянган айлын дулааны хэрэгцээг хангана гэсэн тооцоо гарчээ. Мөн нийслэлийн дулааны хангамжийг сайжруулах шугамын ажлууд хийгдсэнээр 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломж энэ онд бий болох аж.
Улаанбаатар цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийг барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Газрын байршлыг тогтоож уг станцыг барих гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ оны 6 дугаар сараас барилгын ажил эхэлнэ. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 450 мвт-ын цахилгаан станц болон Эгийн голын цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн найман аймгийн дулааны станц, шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 24 тэрбум төгрөг төлөвлөж, нэг аймагт гурван тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлэх юм байна.
Х.Даваа