Гурван тэрбумын нөөцтэй төв банк долларын ханшийг хазаарлах сонирхолгүй байна
2018/10/03
“Найман шарга” валютын захынхан өчигдөр нэг ам.долларыг 2540 төгрөгөөр авч 2544 төгрөгөөр зарлаа. Ногоон валют 2500 давсан түүх Төв банкны энэ удирдлагын үед хоёр дахиа давтагдаж буй нь энэ.
Эхний цойлолт 2016 оны аравдугаар сард болсон юм. МАН засгийн эрхэнд гараад гуравхан сарын дотор ам.долларыг хөөргөсөн түүх нууцсаад байх юмгүй. Сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч хоёрын “Монголын эдийн засаг уналаа, валютын нөөцгүй болчихож” гэсэн утгатай шил дараалсан мэдэгдлүүд долларын ханшийг галзууруулж байв. Тухайн үед эдийн засаг үнэхээр тийм хэцүү байсан уу гэдэг асуултад хариу хайя. 2016 оны зуны статистикийг сөхөхөд инфляци 1-2 хувь, ам.долларын ханш 2000 орчим төгрөг, валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар, урсгал тэнцлийн алдагдал 600 орчим сая ам.доллар, төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй гэсэн үзүүлэлтүүд ирийж байна. Өөлье гэвэл төсвийн алдагдал дээр л асуултын тэмдэг байж.
Эдийн засагчдын хэлдгээр бүх үзүүлэлт хөрсөндөө буучихсан гэж харахаар зураг л даа. Ямар нэг эрсдэл үүсчих вий гэсэн санаа зовох шалтгаангүй, гадаад орчин бага зэрэг сэргэж, мөнгө ороод ирэхэд л бүх зүйл дээшлэхээр үзүүлэлтүүдтэй орчинд улс төрийн сөрөг мэдэгдлүүд хийсээр суугаад ганцхан улирлын дотор долларын ханшийг 2500 гаргаж, зээлжих зэрэглэлээ хоёроор буулгаж, сэргэх байсан хөрөнгө оруулалт, зээлийн гарцыг хумьчихсан алдаатай бодлогын уршиг өнөөдөр долларын галзуурал, шатахууны үнийн өсөлтөөр илэрч байна. Тухайн үед төв банк зах зээл рүү 300-400 сая ам.доллар зарж үрж байж ам.долларын ханшийг хазаарласан удаатай. Үүний дараахан аврал эрж, Олон улсын валютын сантай хэлэлцээрт орж байв. Валютын сангийнхантай хэлэлцээр хийсэн тэр өдрүүдэд бизнесийнхэн “Валютын сангийн хөтөлбөрт орох нь тодорхой болчихлоо. Тэгэхээр богино хугацаанд эдийн засаг сэргэнэ гэж найдалтгүй. Сантай хөтөлбөр хэрэгжүүлэхээр банкуудад шалгалт хийх нь ойлгомжтой, шалгахаар зээл гарахгүй. Бизнесийн төслөө хойшлуулъя. Доллар аваад сууя” гэсэн бодолтойгоор нам жим амьдарцгаах болсон нь бодитой үнэн. Яг тэр үед Монголбанк мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар огцом чангалах шийдвэр гаргаж нэгэнт эрчээ алдчихсан эдийн засагт ташуур өгсөн нь мөн л болсон үйл явдал. Золоор нүүрсний үнэ өсөөгүй бол өнөөдөр байдал ямар байхыг төсөөлөхөд хэцүү.
Өдгөө төв банк гурван тэрбум ам.долларын нөөцтэй. Нүүрснээс 2.2 тэрбум, зэсээс 1.8 тэрбумыг олчихсон. Оюу толгойн хөрөнгө оруулалт нэг тэрбум 500 саяар хэмжигдэж буй. Ингээд харахаар зургаан тэрбум ам.долларын орох урсгал аль хэдийнэ нээгдээд байна. Зээл энэ тэр гээд бусад урсгалыг нь алгасаад сая онцолсон гурав дээрээ фокуслахад л ноён ногооны ханшийг хазаарлах боломж байх шиг. Гэвч гурван тэрбумын нөөцтэй төв банк хөшүүн загнасаар өнөөдөртэй золголоо. Уг нь том нөөцтэй төв банк валютын дуудлага худалдаанд өнжилгүй оролцож, банкуудын санал болгосон долларын хүсэлтийг хангаад явбал ханш ингэтлээ цойлохгүй. Нөөцөөсөө мөнгө гаргах дургүй суугаа хойрго хандлага нь Засгийн газрын өртэй холбоотой гэх таамаг дуулдаж байна. Яг үнэндээ нөөцөөс засгийн өрийг төлөх нь арга мухардсан сонголт. Засагт олсон орлогоороо өрөө төлөх гарц бий. Орлого хэцүүхэн байвал өр тавиад өрөө дарах хувилбар бас байгаа.
Монголбанк сүүлийн үед валютын дуудлага худалдаанаас бултах маягтай аж төрж байна. Заримдаа өнжиж, гэнэт сандрахаараа ээлжит бус худалдаа хийж, эсвэл ирсэн захиалгын дөрөвний нэгийг нь л өгч урьдчилж таах аргагүй үйлдэл, алхам хийх болсон. Арилжааны банкуудын хүссэн долларын дөрөвний нэгийг өгөөд байхаар ногоон валютын эрэлт үүсч, ханш 2500 давахаас аргагүй.
Доллартаа харам төв банкны хандлагын цаана Арбитрийн эргэн төлөлт гэсэн дарамт ч байж мэднэ. Наад зах нь ЖАСТ-ын 100 сая ам.долларын өр байна. Засгийн газар “Эрдэнэт мөнгө багатай байна. Нөөцөөсөө төл” гэхэд л Монголбанкинд үгийг нь дагахаас өөр гарц байхгүй. Арбитрийн шийдвэрийг биелүүлэхгүй удах тусам хүүгийн алдагдлаас эхлээд олон саад бэрхшээл бий. Саяхнаас “Эрдэнэт үйлдвэр” гадагш нь зарсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг авч чадахгүйд хүрээд байна гэсэн мэдээлэл дуулдсан. Экспортолсон зэсийнхээ мөнгийг гадаадаас авч чадахгүйдээ хүрвэл төв банк нөөцөөсөө 100 сая ам.доллар алдахаас аргагүйд хүрнэ. Өмнөх засгийн үед ч Монголбанк нөөцөөсөө “Хан ресурс”-т доллар гаргаж өгсөн удаатай.
Доллар хэрэглэхээс аргагүй дараагийн том хэсэг бол шатахуун импортлогч компаниуд. Импорлогчид жилдээ 1-1.4 тэрбум ам.долларыг хойд хөршөөс шатахуун худалдаж авахад зардаг. Шатахууны үнэ өсдөг гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, оросууд хилийн үнээ нэмбэл импортлогчид үнээ өсгөхөөс аргагүйд хүрдэг. Хоёрдугаарт, доллараар хийдэг наймаа учраас ногоон валютын ханш цойлохоор дагаад шатахууны үнэ өсдөг. Дараагийн том асуудал нь шатахуун импортлогчдын эргэлтийн хөрөнгө. Шатахуун импортолдог арав гаруй компани доллараар бүтээгдэхүүн авах учраас хаа нэг газраас доллар зээлэхээс аргагүй. Нэг бол гаднаас, эсвэл дотоодын хэдэн банкнаасаа долларын зээл авч Орос руу шилжүүлж таарна. Долларын зээлийг шууд нэг банкнаас авах боломжгүй учраас нэг компани гэхэд л хэд хэдэн банкнаас зээл авч байгаа аж. Өндөр ханштай долларын зээл авч шатахуун импортлохоор бензиний үнэ нэмэгдэхээс аргагүй гэсэн логик бий. Нөгөө талд зээл өгөх учиртай банкуудад нь Төв банк нөөцөөсөө хялайлгахгүй шахам суугаа. Тэгэхээр долларын дутагдалтай банкууд бага хэмжээний зээл өгч таарна, шатахуун импортлогчид авсан цөөхөн мөнгөндөө тааруулж багахан шатахуун оруулж ирэх нь ойлгомжтой. Үсрээд хоёр долоо хоног худалдах хэмжээний шатахуун импортолж эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байна. Хагас сарын дараа дахиад шатахуун худалдаж авахад доллар өсчихвөл өмнөх зарсан үнээ өсгөхөөс аргагүйд хүрнэ. Ингээд харахаар шатахууны үнэ савлагаатай байх орчин нэгэнт бүрдчихэж. Шатахууны үнэ өсч буй өөр нэг том шалтгаан гэвэл дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлт. Сүүлийн мэдээгээр нэг баррель нефтийн ханш 79 ам.долларт хүрчихлээ. Цаашдаа ч өсөлт зогсохгүй, 100 ам.доллар хүрнэ гэсэн таамаг шинжээчдийн дунд байна. Тэгэхээр шатахууны үнийн өсөлт дөнгөж эхэлж байна гэж харахаас аргагүй нь.
Өмнөх төв банкны ерөнхийлөгчийн үед шатахууны үнэд нөлөөлдөг гурван шалтгааны хоёрыг нь зохицуулсан учраас дөрвөн жилийн турш бензиний үнэ хөдлөөгүй. Эхний зохицуулалт нь валютын форвард хэлцэл. Монголбанк арилжааны банкуудтай валютын форвард хэлцэл хийж байлаа. Ирээдүйд ямар ханшаар төлбөр тооцоо гүйцэтгэхээ өнөөдөр тодорхой болгож гар барихыг форвард хэлцэл гэдэг. Энгийнээр хэлбэл Төв банк арилжааны банкуудтай 1750 гэсэн тоо тохироод, гурван сарын дараа долларын ханш өссөн ч тохирсон үнээрээ өгөлцөж авалцана гэж гар барьж байгаа хэрэг л дээ. Арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдтэй бас ийм хэлцэл хийж байв. Дараагийн зохицуулалт нь хөнгөлөлттэй зээл. Төв банк арилжааны банкуудад хөнгөлөлттэй зээл өгч, өнөөдүүл нь авсан хөнгөлөлттэй зээлээ шатахуун импортлогчдод өгч байсан юм. Банк багахан ашиг нэмээд зээл өгөхөд л импортлогчид долоо, наймхан хувийн хүүтэй зээл авч байлаа. Дажгүй нөхцөлтэй зээл авсан компаниуд шатахуунаа их хэмжээгээр татаж таарна. Тухайн үед шатахууны нөөц дээд талдаа 85 өдөр, бараг гурван сараар хэмжигдэж байсан нь цаанаа ийм учиртай. Тэр үед Засгийн газар Монголбанкнаас өгсөн чигийн дагуу шатахуунаас авах онцгой албан татвараа сэргээж гурван жилийн дотор 800 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрч байв. Шатахууны үнээ ч бариад, татварын орлогоо ч өсгөснийг өнгөрсөн жилүүдийн статистикаас харж болно.
Харин Н.Баяртсайханыг төв банкийг толгойлж эхэлснээс хойш валютын ханшийн эрсдэлийг компаниуд 100 хувь өөрсдөө хариуцаж эхэлсэн юм. Засгийн газар Аи- 92-ийн татварыг тэглэснээс өөр шатахууны үнэ рүү чиглэсэн ямар ч арга хэмжээ өнгөрсөн хугацаанд авсангүй. Сүүлийн үед Аи95, дизелийн түлшийн татварыг тэглэх саналаа Валютын санд хэлж зөвшөөрлийг нь хүлээж суугаа. Валютын сангийн хариуг хүлээх зуур шатахууны ханш 30 хувиар өсөөд байна. Үнэ зохицуулах бүх арга хэрэгслээсээ татгалзсан учраас ингэж өсөхөөс өөр замгүй л дээ.
Тэгэхээр банкуудад данстай цөөн хэдэн долларын багагүй хэсэг нь шатахуун импортлогчдод зээл хэлбэрээр хүрч байна. Манай улсад шатахуунаас гадна доллараар худалдаж авдаг өчнөөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бий. Наад зах нь л приус, ланд крузерийн импорт гээд харахад том мөнгөн дүн дуулддаг. Хүнс, ахуйн барааны импортод чамлахааргүй доллар урсдаг. Товчхондоо эдийн засаг доллараар цангаж эхэллээ. Одоо засагт шатахууны үнийн өсөлтөөс бултах ганцхан гарц байна. Валютын сангаас гуйж байгаад 95, дизелийн онцгой татварыг тэглэх. Валютын сан зөвшөөрч шийдвэр гарлаа гэхэд шатахууны үнэ өнөөдрийн ханшаараа нэг хоёр сарын хугацаанд л зарагдана гэсэн ойрын үр дүн бий.
Эцэст нь дүгнээд хэлэхэд долларын ханш суларсны цаад шалтгаан бодлогын маш том алдаанаас үүдэлтэй. Зүгээр нэг төлбөрийн тэнцлийн алдагдал яриад шийдэгдэхгүй. Дэлхийн худалдааны дайн гэх мэт гадаад шалтгаан тоочоод ч мултрах аргагүй асуудал. Импортлогч компаниудыг, арилжааны банкуудыг буруутгаад шийдэгдэх асуудал бүр биш.
Манай сонин долларын ханшийн өсөлтийн шалтгааныг хөндсөн өмнөх нийтлэлдээ Монголбанк хэзээд тэсрэхэд бэлэн дарьтай торхон дээр сууж байгаа тухай онцолсон. Дэлбэрэхдээ эдийн засагт аюул тарьж мэдэх дарьтай торх нь дөрвөн их наядаар хэмжигдсэн илүүдсэн төгрөг. Одоогийн Сангийн сайд Засгийн газрын үнэт цааснаас татгалзсан өдрөөс хойш хуримтлагдаад өдийг хүрсэн мөнгө л дөө. Төв банкны үнэт цаас гэсэн малгайтай энэ мөнгийг зээл болгох хэрэгцээ эдийн засагт байсан уу гэвэл байсан. Орон сууцны, үйлдвэрлэлийн гэж ирээд яривал зээл мөнгөний өчнөөн хэрэгцээ бий. Харамсалтай нь төв банк бодлогын чигийн ийм зээлүүдийг дэмжихгүй гэж мэдэгдсэн, өнөө ч тэр байр сууринаасаа ухраагүй гэж толгой сэгсэрч суугаа. Илүүдэл төгрөгийн ихэнх нь Монголбанкинд долоо хоногийн хугацаатай байршдаг. Хэзээ ч сулраад долларт хувирч мэдэх мөнгө гэсэн үг. Хэрвээ энэ хэмжээний мөнгө доллар болвол өнөөдөр 2500 давсан долларын ханш 2600, 2700 гэж цойлоод давхичих эрсдэлтэй. Тэгэхээр ядаж л хавар хүртэл, зээлийн урсгал сэргэтэл илүүдэл төгрөгийг барих бодлого хэрэгжүүлэх шаардлага төв банкны өмнө байна.
Долларын ханш өсч эхэлснээс хойш нийтэд хандаж мэдэгдэл хийгээгүй, энэ сарын 20-нд зарласан хэвлэлийн хурал дээрээ ч үзэгдээгүй Төв банкны ерөнхийлөгч аргагүйн эрхэнд мөнгөний бодлогын төслөө өргөн барихдаа л олны өмнө гарч хэдэн үг унагалаа. Монголбанкын ерөнхийлөгч уг нь яг өдийд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаад “Засгийн газрын үнэт цаас гарга. Чадахгүй бол бид гаргая. Гэхдээ дор хаяж жил хагас, болж өгвөл 18 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэйгээрээ гаргана. Тэгж байж илүүдсэн дөрвөн их наяд төгрөгөө хавар хүртэл түгжинэ” гэж зоригтой дуугармаар байгаа юм. Төдийгөөс өдий хүртэл хэлсээр ирсэн “Ингэх нь Монголбанкинд ашиггүй” гэсэн үг нь лав л өнөөдөр байгаа олохгүй. Иргэдийн халаасан дахь төгрөгийн үнэ цэнэ навс унаж, шатахууны өсөлт, хүнсний үнийн галзуурлаас болж нийт олноороо амьжиргаагаа алдаж, компаниуд алдагдалтай ажиллавал эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Ийм эрсдэлээс хамгаалах бодлого явуулсныхаа төлөө алдагдалтай ажиллана гэдэг аль ч улсын төв банкинд байдаг л үзэгдэл.
Өдрийн сонин
БАТ инженер · 2018/10/09
Энэ их валют чинь юм хийгээд олсон Монголын мөнгө үү, эсвэл зээл тусламжийн хадгалж байгаа мөнгө үү
Зочин · 2018/10/03
Цаад улс төрчид чинь зориуд ханш өсгөж дараагийн сонгуулийн мөнгөө боснож эхэлсээн. Одоо ханш буурахгүй