Өнөөдөр Монголын улсын нийт хүүхдийн 60 хувь нь хүүхдийн мөнгө авч байгаа. Харин үлдсэн 40 хувь нь “баян” гэж үзсэн болохоор хүүхдийн мөнгө олгох ажлаас хасагдсан гэж хэлж болно. Тэгвэл энэхүү 40 хувьд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх нь хүсэлт гаргах юм бол хүүхдийн мөнгөө авч болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан.  Хүүхдийн мөнгө олгох тухай зорилтын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийгмийн халамжийн нэг төрөл болгон, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэлбэрээр олгож байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний 502,567 болон түүнээс доош оноотой өрхийн 0-18 хүртэлх насны 684,0 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 60 хувьд сар бүр хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгож байна.  Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байхад хамгийн бага хэрэглээтэй буюу амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүд болон дундаж амьдралтай айлуудын эхний хэсэг хамрагдаж байсан.

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.гэснийг, Мөн Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ийн хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмж шаардлагатай болно. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгож байх үед  10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй буюу хүлээлт байхгүй, уг мөнгийг нь банк эргэлдүүлдэг талаар судалгаа байдаг. Ийм учраас хүүхдийн мөнгийг Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан.

Монгол улсын 2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засаг сэргэж, тогтворжих төлөв байдал харагдаж байна.  Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа учраас чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Иймд дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаархүсэлт гаргасанхүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.

Тэгвэл энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй гэдгийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн үзэж байгаа юм байн. Монголын нийгмийн ядуу болон дундаж бүлгийн өрхийн амьжиргаанд дэмжлэг болно. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авах тооцоо гарч байна. Ингэсэн тохиолдолд 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарчээ.

Энэхүү тогтоолын төслийг байнгын хороо болон  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг юуны өмнө хэлэлцэнэ. Хэрвээ олонхийн санал авах юм бол байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Улмаар  Засгийн газарт үүрэг өгснөөр энэ ажил албан ёсоор баталгаажих юм.  Хууль санаачлагчийн зүгээс тогтоолын төсөл батлагдаж 2019 оноос хэрэгжүүлэх  болно гэж найдаж байгаа юм байна.  Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.