Төрийн албаны хүнд сурталд жолоочийн оноо хасдаг шиг систем нэвтрүүлье
2018/10/08
“Өнөөдөр даваа гараг. Эртхэн гарахгүй бол ажил бүтэхгүй, үдээс хойш бол бүр ч худлаа”. Долоо хоног ийм төлөвлөгөөтэй эхэлдэг жишиг уламжлал болжээ. Даваа гарагт хөөцөлдөж эхэлсэн ажил долоо хоногийн сүүлээр бүтвэл зол болдог учраас ийм уламжлал тогтсон хэрэг.
Үүний гол шалтгаан нь төрийн үйлчилгээний хүнд суртал. Хэдийгээр өмнөх нийгмийн төрийн үйлчилгээний жаяг удтал оршсоор байгааг засч, залруулахаар олон ажил, ноу хау төрийн албанд нэвтэрч байгаа ч үр дүн багатай байна. АТГ-аас хоёр жил тутам хийдэг судалгаагаар иргэдийн 78.4 хувь нь төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээл байнга тохиолддог гэжээ. Мөн судалгаанд төрийн байгууллагууд 100 оноо авахаас дунджаар 69.7 оноо авсан нь өмнөх оныхоос 4.2 нэгжээр буурсан үзүүлэлт гарчээ. Төрийн үйлчилгээний хүнд суртал иргэдийг хамаг хараалаа барахад хүргэдэгт энэ хоёр тоо хангалттай юм.
Ийм байхад ажил хөөцөлдөх марафон даваа гарагаас эхэлж долоо хоногийн төгсгөлд ч дуусахгүй байх нь аргагүй. Уг нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулдаг нь хэдхэн хүчин зүйл бий л дээ. Хамгийн энгийнээс эхэлбэл угтах соёл. Гэвч ийм соёл төрийн албан хаагчдын сэтгэлгээнд алга. Иргэн татвар төлсөн тул төрөөс үйлчилгээ авах ёстой гэсэн сэтгэхүйтэй төрийн байгууллагын хаалга татдаг. Гэвч төрийн албан хаагчид татвараар нь цалинждаг гэдгээ ойлгоогүй мэлрээд сууж байдаг. Зарим нь амин хувиа хичээж, харсан ч хараагүй царайлаад сууж байх нь ч энүүхэнд. Нийтлэлийн зураг бол төрийн үйлчилгээний байгууллагад байнга давтагддаг төрийн албаны нийтлэг дүр билээ. Үүнээс л төр, иргэний харилцаа буруу замаар орж, үл ойлголцол үүсгэдэг юм. Уулзахаас эхлээд үйлчлэгч нь даам гарчихсан, үйлчлүүлэгчээ дагавар хүүхэд мэт нүд үзүүрлээд эхлэхээр яаж соёлтой төрийн үйлчилгээ болж чадах билээ. Чингэж уулзсан хоёрын яриа, зорилго хүртэл зөрөөд нэг шугамд давхцахгүй.
Хуралгүй өдөр хуваарьгүй цагийг олж очих нь зөн билэг шаардана
Төр иргэндээ үйлчилж л байгаа бол үйлчилгээний байгууллагын үндсэн дүрмийн эхний заалт болох угтах соёлд албан хаагчдаа сургах цаг болсон. Хувийн хэвшлийн компаниуд үүнд онцгой анхаарч үйлчилгээний соёлын сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Харин Төрийн байгууллагаас хэд нь ийм сургалт хийсэн бол оо. Албан хаагчид нь сэтгэл тэнийж, дотор уужиртал инээмсэглэн үйлчилж, “Таны ажил бүтэмжтэй болсон уу” гээд үддэг болох цаг хэзээ вэ. Энэ тийм шинэ ноу хау, улс даяар өрнүүлэх хэмжээний кампанит ажил биш шүү дээ. Ердөө л хүнтэй харилцах наад захын соёлыг төрийн албанд төлөвшүүлэх тухай ойлголт юм. Төрийн албаны хүнд сурталд нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл бол үйлчлүүлэгчээ ялгаварлан үздэгт буй. Зэрэг зиндаа, албан тушаал, нэр хүндэд нь тааруулж харьцдаг байдал тэнд амь бөхтэй оршсоор байна. Сайд, дарга, алдар нэртэй нэгний хөөцөлдсөн ажил гэрлийн хурдаар дэмжигддэг бол жирийн иргэнийх хэдэн сараар гацдаг. Угтаа бол төрийн үйлчилгээнд алдар нэр, албан тушаал, хөрөнгө чинээтэй нэгэнд давуу байдал бий болгох заалт аль ч хуульд байхгүй. Танилын нүүр халуун гэдэг ч үүнд нөлөөлөх учиргүй.
Гэтэл яах аргагүй эрх мэдэлтний утасны цаанаас хөөцөлдсөн ажил цахим хурдаар бүтэхийг яана. Мань мэт шиг жирийн иргэнийх цаг хугацааны өөр хэмжүүрээр явж байна. Ингээд бодохоор уур хүрч, уушги сагсайгаад ирнэ. Эндээс л иргэд төртэйгөө муудалцах шалтгаан ургаад байгаа юм. Энэ бол төрийн үйлчилгээний маш том ялгаварлал. Дарга дагаж далдганасан нэгэн төрийн албанд хамгийн их хүнд суртал, ялгаварлал үүсгэж төрийн үйлчилгээний чанарыг самарч орхидогийг захын байгууллагаар ороход хэлээд өгөмз. Сайд дарга нар ажлаа гэрлийн хурдаар бүтээхийн тулд шат, шатны удирдлагыг томилж, гинжин холбоо үүсгэдэг. Харин тэр томилгооны гор энгийн иргэдэд стресс л нэмдэг. 2016 онд сайд, дарга нар 155 албан тушаалд 4841 төрийн албан хаагчийг чөлөөлж, шинээр томилсон байна. Энэ бол даргад долигонох тусгай бүтэц бий болчихож гэсэн үг. Хэний төлөө зүтгэх нь тодорхой томилгооны хүүхэлдэй төрийн албанд хоноцын сэтгэлээр хандсанаас хүнд суртал үүсч байгаа. Төрийн албанд хүнд суртал үүсгэдэг үндэстний онцлог бас бий. Монголчууд үдээс өмнө ба хойно гэсэн цаг хугацааны хэмжүүрээр ажил албанд хандаж ирсний лай ланчиг төрийн албанд амь бөх оршсоор байна.
Төрийн байгууллагын ажил эхлэхтэй уралдан ирсэн үйлчлүүлэгч “хуралтай байна, үдээс хойш ир” гэдэг үгийг олонтаа сонсдог. Үдээс хойш гэдэг нь хэдэн цаг болохыг тодорхойлох, хурал хэзээ тарахыг таана гэдэг зөн билгийн шалгуур гэлтэй. Ажил хөөцөлдөхөд цагийн ийм баталгаагүй хуваарь, зөн билэг, аз эзийг шалгадаг байдлыг халаагүй нь иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлдэг. Баасан гарагийн үдээс хойш бол цоожтой хаалга, эзэнгүй ширээ угтах нь хэвийн үзэгдэл болсон. 2019 оноос Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж бүх зүйл сайхан болчих талаар ЗГХЭГ-ын дарга хэлж байна лээ. Тэр хүртэл тэсч байхыг иргэдээсээ хүсээд байгаа юм даг уу даа. Түүнээс наагуур хийж хэрэгжүүлэх санал бас байна. Төр жолоочийн зөрчил болгонд оноо хасдаг шигээ төрийн албан хаагчдаас оноо хасдаг болчихвол дор бүрнээ хичээх биз. Оноо нь дууссан албан хаагч Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч тушаал гаргуулдаг болвол дээр дурдсан муу муухай болгон мөн амархан цэвэрлэгдэнэ дээ. Үгүй аваас шинэ он гартал сайдтайгаа хамт гүрийгээд байхаас яахав. Өнөөдөр даваа гараг, та ажил хөөцөлдөх гэж байгаа бол түгжрэлийг хурдхан даваад, хуралгүй өдөр, хуваарьгүй цагийг олж очих зөн билгээ тултал ашиглаарай. Тэгэхгүй бол нэг мэдэхэд баасан гарагт цоожтой хаалганаас буцах хэрэг гарах вий.
Засгийн газрын мэдээ сонин
бодлын хулгайч · 2018/10/08
зүйтэй. дэмжиж байна