Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана /Даркман/ 3 сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн их танхимд хийхээр болсон.

Тэгвэл домогт дуучны тоглолтыг зохион байгуулж байгаагийн өөр нэг чухал ач холбогдол нь тэрээр Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар таатай мэдээ дуулдаж эхэллээ.

Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон ховор амьтан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2013 оны Байгаль Орчны Ногоон Хөгжлийн Яамны эх сурвалжаас авсан мэдээгээр 26 ширхэг оршин байгааг тогтоожээ.

Нана /Даркман/ нь Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан домогт дуучин, шилдэг продюсер төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч. Нэн ховордсон Мазаалай баавгайг дэлхийд таниулах үйлсэд гар бие оролцохдоо баяртай байгаагаа тоглолтын зохион байгуулагчдад уламжилжээ. Зохион байгуулагчдын зүгээс 2-р сарын 10-нд 12 цагаас "Blue Sky Tower"-ийн 3 давхарт албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн одын Монгол дахь айлчлал, хүмүүнлэгийн ажил, тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Монгол-Австрийн Залуучуудын Холбоо нь 2011 онд Монголд элэгтэй австри хүмүүсийн санаачилгаар байгуулагдсан. Австрид төвтэй энэ байгууллага нь Монголд "Эко клуб" нэрээр салбараа нээж хоёр орны залуучуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, нийгэм, соёл урлаг, хүмүүнлэгийн  болон байгаль орчныг хамгаалах чиглэлүүдээр ажиллаж байна. Нэг үеэ бодвол манай улсад уригдан ирэх дэлхийн оддын цуваа хөврөх болсон ч энэ нь зөвхөн шоу тоглолтоор хязгаарлагддаг тал бий. Харин энэ удаагийн арга хэмжээ нь Монголоос анх удаа дэлхийн одоор дамжуулан Мазаалай баавгайг дэлхий нийтийн сонорт хүргэж, хамт алхуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. 

Домогт дуучин Нанагийн Монгол дахь тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна...” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд цаашид дэлхийн улс төр, нийгэм, урлаг соёл, спортын олон оддыг мазаалайтай хамт алхуулах болно гэдгээ мэдэгдлээ. Мазаалайтай хамт алхах дараагийн дэлхийн од хэн байх бол? Энэ удаад мазаалайтай хамт домогт дуучин Нана алхаж байна...