Баасан гарагийн орой Сочигийн өвлийн олимпын наадмыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлээ. Нээлтийн ёслолын сүрлэг ажиллагаагаар дахин сэргэсэн Орос улсыг харуулахыг зорьжээ.

“Өвлийн олимпын XXII  наадам албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байна” гэж Путин хэлээд, олимпын наадмын хөшгийг нээв.

40 мянган хүний багтаамжтай, шинэ загварын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд олимпын нээлт Оросын хөгжим, балетын одод, гимнастикчид болон сансрын нисгэгчдийн үзүүлбэрээр эхэллээ.

Сочигийн олимпт өрсөлдөх, 80 гаруй улсын тамирчид энэ цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн байв.

Олимпын бамбарын гэрэл, салютууд энэ арга хэмжээг оргилд нь хүргэж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж байсан юм.

Дэлхийн 40 улсын удирдагчид, тэдний дотор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар нээлтийн ёслолд оролцлоо. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Европын Холбооны зарим удирдагч энэ арга хэмжээнд оролцсонгүй.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мөн даян дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчдийн хамт нээлтийн ёслолыг үзсэн юм.

Баасан гарагт олимпын тосгоны дотор болон ойр орчимд аюулгүй байдлыг чангатгасан хэвээр байлаа. Аюулгүй байдал хариуцсан албаны хүмүүс болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм.

Гэхдээ “Сочигийн олимпын наадмыг л онцолж, халдлага үйлдэнэ гэж сүрдүүлж байгаа  юм биш. Олимпын бусад наадам, тухайлбал Сидней-2000, Афин-2004, Солт-Лейк-Сити-2002-ын үеэр  террорист халдлага үйлдэнэ гэж сүрдүүлж байсан” гэж Томас Бах хэллээ.

Сочигийн олимптой холбоотой болзошгүй эсэргүүцлээс урьдчилан сэргийлж, Кремлийн ордон орчимд ч аюулгүй байдлыг чангатгажээ.

16 хоног үргэлжлэх тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр тамирчид спортын таван төрлөөр алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Сочигийн олимпын аюулгүй байдлыг хангахад ОХУ бараг хоёр тэрбум доллар зарцуулжээ.

Лалын босогчид халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсээр байгаа билээ. Ажиглагчдын үзэж буйгаар, энгийн иргэд олноороо цугладаг галт тэрэгний буудал болон бусад газарт халдлага үйлдэж болзошгүй.

Г.Доржханд