Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүй бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа
2018/10/17
Монгол Улсын Хөгжлийн банк ( МУХБ) 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа амжилттай арилжааллаа.
Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал боллоо. Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ -ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байгаа бөгөөд зах зээлийн эрэлт өндөр байгааг харуулж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол улс болон МУХБ олон улсын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх чиглэлд эрчимтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүн юм. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ- наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан байна.
Тус бонд нь 5 жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой арилжаалагдсан бөгөөд Засгийн газраас олон улсад арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс ялимгүй өндөр буюу 85 суурь нэгж (0.85%)-ийн зөрүүтэй байна. Манай улсаас сүүлд олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондын хувьд Засгийн газрын баталгаатай байсан бөгөөд купоны түвшин Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс 280 суурь нэгж (2.8%)-ээр өндөр байсан юм.
Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад зохион байгуулсан.
Бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх бөгөөд ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулах зорилготой. Олон улсын зах зээлийн жишиг хүү өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкны хүлээх хүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байсан юм.
Сүүлийн үед Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эрчимтэй сэргэж байгаа төдийгүй МУХБ-наас эдийн засгийн өсөлт, ногоон үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь энэ удаагийн бондийг ийнхүү амжилттай босгоход чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.