(Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимидийн 2005 онд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас)

Засгийн газрын шийдвэрийн зөв бурууг шүүх хэлэлцэх эрхгүй гэдэг чинь зөвхөн Засгийн газрыг биш, угтаа Захиргааны хэргийн шүүх нь яам, Засгийн газарт ажлаа шууд хариуцдаг бусад төв байгууллага, тэдгээрийн эрх баригчийн мөн тийм актыг хянан хэлэлцэх эрх мэдэлгүй боллоо гэсэн үг шүү дээ.

Иргэн, хуулийн этгээд хэрэв аль нэг яам, агентлаг юм уу сайд, даргын гаргасан шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл захиргааны тэр актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллагад гомдол мэдүүлэх ёстой. Тэрхүү дээд байгууллага нь Засгийн газар юм. Засгийн газар уг гомдлыг хүлээн аваад мөн 30 хоног (сунгавал 60)-ийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх хуультай.

Урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь бол энэ. Гэтэл сайд, даргын гаргасан шийдвэрийг Засгийн газар “хуульд харшлаагүй” гэж үзэж харьяа байгууллагаа хамгаалаад иргэний гомдлыг хэрэгсэхгүй болговол яах вэ? Засгийн газрын эл шийдвэрийг буруу хэмээн шүүхэд давж нэхэмжлэх эрхээ хасуулсан иргэн ингээд л мухардах болж байна.
 

... Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилж буй нь Засгийн газрын өмнөөс гаргаж буй шийдвэр тул түүнийг хууль бус эсэхийн тухай маргааныг Засгийн газар л эхлээд хянан үзэхээс өөр замгүй. Ингээд үзэхээр Захиргааны хэргийн шүүхэд “жижиг” агентлаг, сумын Засаг дарга зэрэг доод шатныхан л хамаарах болж таарна. Иймээс Захиргааны хэргийн шүүх маань “орон нутгийн байгууллага” болж хоцорч байна.

 

(Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт) “Засгийн газар хуулийн дор ажиллахгүй ээ” гэж хэн ч хэлэхгүй байх” ярилцлагаас ikon.mn 2018.6.12/

Хэрэв өөрчлөлт оруулахаар санаачилж буй нь батлагдвал Засгийн газрын шийдвэрийн үйлчлэл, хүчин чадал чиглэсэн иргэд, хуулийн этгээдийн эрх хэрэв зөрчигдсөн гэж үзвэл хөндлөнгийн хуулийн хяналтад хийгдэхгүй, эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй болж, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах заалт зөрчигдөхөд хүрнэ. Ийм хуулийн төслийг Засгийн газар арай ч өргөн барьж, УИХ арай ч батлахгүй биз дээ гэж бодох юм.

 

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Н.Лүндэндорж: Захиргааны хуульд өөрчлөлт оруулбал захиргааны шүүх хийх ажилгүй болно (Монголын мэдээ сонин 2018.06.28 №128/4978)

... Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд биднээс санал аваагүй.

... Төрийн захиргааны байгууллагууд шүүхийн хяналтад байж, хууль дээдэлж ажиллах нь бараг хамгийн сүүлд хэрэгжих хүнд шийдвэр гэдэг. Манай улс бас л энэ зовлонг туулж явна.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Ганц нэг шүүгчээс айгаад, шүүхийн тогтолцоогоо нураах нь эмгэнэл (Medee.mn 2018.06.26)

... Захиргааны хэргийн шүүх дээр агентлагийн дарга, аймгийн засаг дарга, сайдын шийдвэрийг авч хэлэлцэхгүй болж, ард түмэн хохирвол хэн тэдний гомдлыг барагдуулах вэ. Ганц нэг шүүгчдээс айгаад шүүхийнхээ тогтолцоог нураах гэж байгаа нь эмгэнэл шүү.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан (ikon.mn 2018.06.19)

Би захиргааны эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд Захиргааны ерөнхий хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхээр ирсэн.

Захиргааны ерөнхий хуульд Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргана гэсэн заалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд шүүхийн хяналтаас гадуур ажиллах, дураараа авирлах боломжийг олгох нь хэмээн манай иргэд дургүйцэж, мэргэжлийн хүмүүс мөн санаа бодлоо илэрхийлж байна.

Засгийн газраас оруулж ирж байгаа энэ өөрчлөлт нь хүний эрхийг дордуулсан, дарангуйллыг бий болгосон, засаг захиргааны байгуулалтын дураараа авирлалтыг дэмжиж байна гэж би үзэж байгаа. Тиймээс үүнийг эсэргүүцэж байна.

Засгийн газрын гаргасан захиргааны шинжтэй шийдвэрүүд нь Захиргааны шүүхийн хяналтан дор байж гэмээнэ засаглалын тэнцвэртэй хяналтын зарчим хэрэгждэг. Энэ бол 1990 оны ардчилсан хувьсгалын ололт болон 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг баталсны үр дүнд бий болсон зарчим. Энэ зарчмаас ухарна гэдэг нь бид ардчилсан шударга ёс, хүний эрхийг дээдлэх зарчмаасаа ухарч байна гэсэн үг. Ийм ухралт байж болохгүй гэж би үзэж байна.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан

Захиргааны шүүхийн хяналтаас гарч дураараа авирлах гэсэн Засгийн газрын хүслийг УИХ зогсоож чадна (Өнөөдөр сонин 2018.06.25 №122/6415)

... Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой. Одоо явж байгаа маргаан төдийгүй ирээдүйд үүсэх өмч хувьчлалтай холбоотой маш том маргааныг шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь улстөрчид дур зоргоороо асуудлыг шийдэх боломжийг бий болгож, тэр нь иргэн ямар ч газар хандаад эрхээ хамгаалуулах боломжгүй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Засийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субьект болох Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гаргавал Засгийн газар хууль зөрчдөг, хүний эрхэд халддаг, дур зоргоороо авирладаг байдал газар авч, ноцтой ухралт болно.

Засгийн газрын төсөл хүний эрх, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах эрсдэлтэй (itoim.mn 2018.06.20)

Хэрэв Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай юм.

  • Энэ төсөл батлагдвал “Засгийн газрын шийдвэр” төдийгүй “түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гарч, мөн Засгийн газраас бус байгууллага, албан тушаалтан (Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг)-ны улс төрийн үйл ажиллагааг захиргааны үйл ажиллагаанаас заагласан ялгаа алга болж тодорхойгүй байдал үүснэ. Үүний үр дагаварт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлс болсон хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх эрхүүд Засгийн газрын шийдвэр болон түүнийг биелүүлэхтэй холбоотой харилцаанд хэрэгжих боломжгүй болно.

 

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан: Үндсэн хуулийн цэц шүүх биш хяналтын байгууллага (Newspress.mn 2018.06.25)

... Хэрвээ Засгийн газар, түүний байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр шүүхийн хяналтаас гарвал тэнд хүний эрх зөрчигдөх магадлал өндөр байна. Засгийн газрын тухайд захиргааны байгууллагын шийдвэр хүний эрхийг зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй гэж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн байгууллагуудтай холбоотой л мэдээллийг шалгадаг. Нөгөөтэйгүүр, эрх мэдэл хуваарилах зарчим бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага харилцан биенээ хянах, хязгаарлах үүргийг тогтоож өгсөн. Энэ тэнцвэр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулбал алдагдах гээд байна.

 

 

 

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Сүнжид: Засгийн газрын захиргааны шийдвэрийг шүүх хянахгүй болсоноор иргэд хохирно (Өнөөдөр сонин 2018.06.14 №115/6408)

... Захиргааны ерөнхий хуулийг өөрчилснөөр Засгийн газрын шийдвэр, тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн дагуу яам, агентлаг, Засаг дарга, ИТХ-д үүрэг өгсөн байвал энэ хууль үйлчлэхгүй болох нь. Захиргааны ерөнхий хууль хэрэггүй, цаашлаад захиргааны хэргийн шүүх ч шаардлагагүй болох гээд байна.

... Энэ нь бүлэг улс төрч, бизнесийнхэнд ашигтай байж болох юм. Харин иргэдэд ашиггүй. Иргэд хороо, сум, дүүргийн Засаг дарга, татвар, даатгалынхантай харьцдаг. Гэтэл нэмэлт өөрчлөлт оруулбал Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн учраас захиргааны хэргийн шүүх хянахгүй гээд сууж байх нь. Иргэн, хуулийн этгээдэд огт ашиггүй хуулийн заалт болох гээд байна.

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ: Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал эрх зүйт төрийн зарчмаас ухарна (Зууны мэдээ сонин 2018.06.22 №126/5833)

... Хуульчийн хувьд, тэр тусмаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт нэлээд хэдэн жил ажилласны хувьд байр сууриа илэрхийлье. Хуулийн төслийн зохицуулалт, үзэл баримтлалаас харахад Засгийн газрын бүх шийдвэрийг цаашид зөвхөн Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэх юм байна. Гэтэл дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн цэц нь Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах учиртай. Гэтэл цаана нь 670 гаруй хууль байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Тэгэхээр эдгээр хуульд нийцээгүй Засгийн газрын шийдвэрийн улмаас эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд иргэн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхийг хязгаарлаж болохгүй юм. Дахин хэлэхэд энэ эрх нь Үндсэн хуульд заасанчлан иргэний баталгаатай эдлэх учиртай эрх. Нөгөө талаас, хуулийн төслийн энэ өөрчлөлтөөр Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй болохоор байгаа нь эрх зүйт төрийн зарчмаас ухарч буй том ухралт. Ийм хуулийн төсөл өргөн мэдүүлэх шийдвэр гаргаснаараа л Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт болон 47 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсээд байна.

... Эрх зүйт төрийг байгуулахаар бид олон жил ярьж, хуулиар засаглах төрийн нэлээн том байшинг барьж эхэлсэн. Гэтэл дөнгөж барьж буй байшингийнхаа суурийг нурааж болохгүй. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хуулийн гадуур, дур зоргоор авирлахаас хамгаалах ганц хэрэгсэл бол judicial review буюу шүүхийн хяналт юм. Шүүх эрх мэдэл нь Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн гурван тулгуур баганын нэг. Хэрвээ шүүхийн хяналтаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг гаргахаар ярьж байгаа бол энэ нь Үндсэн хуульт ёсны эсрэг үйл ажиллагаа гэж үзэж байна.

 

Хуульч Д.Оросоо: Засгийн газар шүүхийн хяналтаас гарахыг эрмэлзэж байна (Өнөөдөр сонин 2018.06.22 №121/6414)

Засгийн газар төслөө бүхэлд нь татан авах хэрэгтэй. Эл хуулийн төсөл юуны түрүүнд Үндсэн хууль, цаашлаад олон улсын хүний эрхийн гэрээ конвенц, хэм хэмжээнд харшилж байна. Олон улсын зарчим, хэм хэмжээнд хүн хуулиар хамгаалуулах эрхтэй, энэ нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын иргэн шүүхэд хандах эрхгүй болж байгаа нь хүний эрхийг зөрчсөн, эрх зүйн баталгааг дордуулсан алхам юм. Үндсэн хуульд төрийн эрхийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх хэмээн хуваарилсан байдаг ч 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрдэх болж, парламентын хяналтаа алдсан. Гэтэл Засгийн газар парламентын хяналтыг үгүй хийгээд зогсохгүй шүүх эрх мэдлийн хяналтаас ч гарахыг эрмэлзэх боллоо. Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх хянахгүй болсноор хаана ч захирагдахгүй, дур зоргоороо үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна ойрын үед өмч хувьчлалтай холбоотой шийдвэр гаргахын тулд энэ төслийг хэлэлцэж эхэллээ хэмээн хардаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өмч хувьчлалтай холбоотой шийдвэр гаргавал шүүх хянах боломжгүй төдийгүй улс төрийн “бялуу хуваах” системээр шийдэх гэж байгаа хэрэг.

(ikon.mn 2018.06.19)

… Засгийн газрын шийдвэр шүүхэд хянагдахгүй байна гэдэг нь зүгээр л дур зоргоороо авирлаж байгаа үйлдэл. Засгийн газар зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага биш, захиргааны маш олон шийдвэр гаргаж байгаа. Энэ шийдвэрүүдийг шүүх хянахгүй гэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй бөгөөд Монгол Улс Үндсэн хуульт ёсноосоо ухарч байгаа зүйл юм.